Шууд Chart

Улаахан агчийн гэгээ

2017-07-16 16:25:35

/Өгүүллэг/

Тэр нэлээд суув. Ажилтай ч шиг, ажилгүй ч шиг.  Цаг харвал орой болжээ. Юу хийв, ямар юм бүтээв. Барьж үзмээр, энийг хийв гэхээр юм санаанд орсонгүй. Автобус зогсож байгаа юм биш үү. Ингэж бодоод хувцаслаж гарав. Цас хялмаалж байлаа. Уйтгарлан тонгойсон тогорууны хүзүү шиг шонгийн оройд гэрэл ёлтойж, холын од шиг алс үзэгдэнэ. Цасны үй түмэн үйртэс, гэрлийн дор  гялтагнан бужигнаж, улмаа нэмж уйтгарламаар болно. Гэвч мань эр хүрэмний зах босгож, халаасандаа гараа лав шургуулаад бөгтийн алхав.  Тамхи асаах ч хүсэл төрсөнгүй, сэтгэлд тээглэсэн хар юм дотроос хүйтэн будаа идсэн шиг хайрч байжээ. Буудал дээр хүн цөөн, эд бүгд сүүлчийн автобус хүлээж байгаа улс бололтой.

Яндан нь саагиж, уралдааны машин шиг ёнгинон бахардах навсгар цагаан тэрэг ирж зогсов. Ийм машин шөнийн хотын нэг төрх. Үүрээр, даан ялангуяа үүрээр ийм машин хаа сайгүй сүнгэнэж, хээр талын  алдуул шиг зоргоор аашилна. Юүдэнтэй, зузаан, хөвөн даавуун цамц өмссөн, унаган живэр нь дөнгөж сөрвийн харлаж яваа залуу хархүү шил буулган,
-Автобус хүлээгээд нэмэргүй дээ, зогсчихсон. Явах хүн байна уу гэж хашгирав.

Хэн ч дуугарсангүй. Бүгд мөрөө хавчицгаав. Чив чимээгүй. Тэнгэрт цасны бургаа солонгорохоос өөр чимээгүй аж. Хэн нэг нь дуугарах нь уу, үгүй юу гэж азнасгээд жолооч хархүү,
-Хөөрхий амьтас, даарч бээрэхдээ таарсан нарийндаа хатмарууд... гэчихээд, ондогосхийтэл огцом хаазлан давхиж одов. “Энэ хархүүд ямар гэм хийлээ бид” гэсэн шиг улс бие биеэ харав. Хэн ч үг дуугарсангүй. Залуугийн хэлдэг үнэн байх нь уу, автобус сураггүй байлаа. Хөлөө хайруулж даарсан тэд холхиж, дэмий нэг бие биесээ харна. Бүгд л яарцгааж байгаа, гэвч автобус арай зогсчихоогүй байлтай гэсэн горь хүлээлт тэднийг барьж байв. Адгаж яарах хүсэл Сүмбэрэлд төрөхгүй нь хачин. Урьд бол яардагсан, эрт харьж зурагт үзэн тарайж хэвтэхсэн. Хүүгээ, хүүхнээ эрхлүүлэхсэн гэж.  Ахиад мөч хэртэй хүлээв. Сүмбэрэл зам даган алхав. Уул нь дориухан алхвал нэг цаг л явдаг газар. Агаар сайхан байлаа, утаа униаргүй, цасны хялмаа уушги цээж сэрүүцүүлэн ариусгамуй.
Зогсолтгүй унах хялмаа хотгор гүдэс, зам харгуйг хучаад, гудамжны гэрэлд цайран харагдах аж. Цав цагаан гудамжны голд жаахан хөвгүүн, охин хоёр үнсэлдэж, хөвгүүн, охины шанхны үсийг илбэн зогсов. Сүмбэрэлд нэг л дулаахан мэдрэмж төрж, “Хэзээ ч билээ ийм байсан даа бид” гэж бодов.

        ....зовлонтой жаргалтай аа аа...
Хөл хөс татарсан шөнө дөлөөр, ингэж ганцаар юм бодож, дотроо дуу аялж явах ер бишийн эрх чөлөөт мэдрэмж төрүүлнэ. “Жаргалтайхан зовлон, зовлонтойхон жаргал минь”.  Ингэж бодох түүнд аятайхан, аятайхнаар барахгүй сэтгэл гэгэлзэм сайхан байжээ.
        ....зүүдлэгдэнэ ээ ай хө....

...Цонх нь харанхуй байлаа. Орц бас тас харанхуй. Хөлийн чимээ нүсэр сонсогдож, чулуун хана дамжин цуурайлна. Олон жил алхсан баримжаагаар тэмтчин өгсөв. Хүн гэрэл гэгээг хүсдэг. Арга ч үгүй юм даа, хэн ийм зүг чиггүй харанхуйд, юунд хүрэх гэж яваагаа ойлгох сөгөөгүй тэмтчихийг хүсэх вэ. Өгсөж явахдаа Сүмбэрэл ингэж бодов. Гэрэлтэйд бол сайхан. Ядаж л “Аан энэ чинь хоёр давхар шив дээ, гуравдахь хаалганд халзан нөхөр суудаг, жижигхэн улаан машинтай, дөрвөн давхарт бөө байдаг” гэж бодож алхдаг билээ. Сүмбэрэл есөн  давхарт суудаг  авч дөрвөн давхраас бөөгийн хэнгэрэг дэлдэх, найман давхрын  айл зодолдож орилж хашгирахтай зэрэгцэн, чихэнд чийртэй хоёр чимээ хоорондоо хэрэлдэн, нэг нэгнийхээ дундуур тас дайран орж шал тааз, тархи толгойг нь хайр найргүй доргиулан балбадаг байв.

Халаасаа удтал тэмтрэв. Түлхүүрээ олох гэж зүдсэнгүй. Түлхүүр бол ойрхон л байв. Гэвч гар хуруу хүнийх аятай, санаан зоргоор хөдөлж өгөхгүй нь хачин. Юу ч гэмээр юм, нэг л зүрх алдан байжээ. Уйтгар ч төрөх шиг....

Гэрэл асаав. Хүү нь унтаж байлаа. Эхнэр бас нөгөө өрөөнд унтаж байгаа, магадгүй сэрүүн ч байж болно. Хүрмээ тайлж, өлгүүрт тохоод, хүүгийн буржгар үсийг удтал үнэрлэв. Нар, салхи үнэртэх шиг болов. Сэтгэл нь үймэрч, зүрх нь шимшрэн өвдөж байлаа. Хүү, юу ч юм зүүдлэн, хөнжлөө тийрч хаяв. Өхөөрдөн, хайрлан харж, санаа алдаад Сүмбэрэл өөр зуураа “Эр хүн болно доо” гэв.  Галын өрөөнд орж тамхиа асааж суув. Гэрээ тойруулж харав. Нэг л гундуу, өнгө алдсан шиг. Хана, тааз утаа тортогт харлаж бараантжээ. “Хоёр, гурван жилийн өмнө л будаг шохой болсон юмсан, юун амархан золиг вэ” гэж гуниглан бодов. Ширээн дээр талхны үртэс, жимсний чанамал унагаж, элсэн чихэр асгаж, халбага сэрээ аяга зэрэгцүүлэн өржээ. “Хүү баахан талх идэж дээ, эх нь хоол хийж өгөөгүй юм болов уу”.  Хөргөгч онгойлгож, сав суулга онгичив, хоол хийгээгүй бололтой. Халтартсан хана ширтэж, оноож бодсон юмгүй гөлөрч суутал, тамхи нь уугиж дуусаад, соруулдаа тултал шатсан цог хуруу төөнөхөд сэхээ авч, шалан дээр бутарсан үнсийг хамж хогийн тантан руу үлээв.

Залуу байж дээ, үүрийн дөрвөн цагт ирэхэд эхнэр цонхон дээр харуулдан зогсдог байв. Халамцуу, бүр согтуу ч харих үе бий. Хоол халуун, цай халуун, гэр нь дулаахан байдагсан. Өнгөрч дээ, тэр бүхэн өнгөрч. Урсаж одсон бүхэн эгэж ирэх биш дээ.

Нойр нь хүрсэнгүй, ер нойр гэдгийг мартсан гэлтэй. Зургийн цуглуулга гаргаж дэлгэв. Хүүгийн жаахан, бүр өөдөсхөн багын зураг. Харж удаан суув. “Эвий дээ, ямар жаахан, хутагт хувилгаан шиг гэгээхэн юм бэ”. Хүү гурван сартай байсан санагдана, тоодон баривчтай, хамаг шүлсээ хоёр хацартаа цуглуулсан шиг цулцгар, бас ч үгүй шүлсээ тургиж авахуулсан зураг байдаг юм.  Сүмбэрэл инээмсэглэв. Инээмсэглэлийн цаана үгүйлшгүй их гуниг торж буйг ч мэдэрч байлаа.

Босч цонхоор харлаа. Ихэнх айлын цонх харанхуй, ганц нэгхэн цонх гэрэлтэй. Гэрэлтэй тэр цонхны цаана буй улс юу хийж суудаг бол, юу хийж, яаж амьдрахаа мэдэхгүй, “жаргалтай болоод зовлонтой”  над мэтийн амьтан үгүй биз. Юм бичих нь бичиж, ном унших нь уншиж, эхнэртэйгээ амьдралын тухай хуучлах нь хуучилж, ирээдүйгээ төлөвлөн ярилцаж байгаа. Ийн бодоод хөшиг татаж, эргэв. Эцгээс нь уламжлан ирсэн жижиг бурхан багш бий,  чадвал өглөө бүр, ядвал шинийн өдрүүдэд зул өргөдөг билээ. Ойрд зул өргөөгүй, жижиг гуулин цөгц хөмрөөстэй байв. Бурхан, бурхны гүнгэрваа, баринтагласан сударт тоос буусныг хараад  гуниглах сэтгэл төрөв. Хананаас ширтэх зураг. Тухайн үедээ хамгийн сайхан зураг байв. Хөдөө гадаанаас ирсэн улс шогширч “Ай мөн, сайхан гарчээ. Одоо ч дээ, зургийг мөн сайхан авдаг болсон байна шүү” гэлцдэгсэн. Хуримын дараахан авахуулсан юмсан. Амьдралд ийм өдөр ирнэ гэж зүүдлээ ч үгүй, ингэтлээ сэтгэл сэнсэрч ягтана гэж төсөөлөө ч үгүй  үе. Хайр гэж өөр юм байдаг гэдгийг, амиа ч өгмөөр, сүүлчийн дусал цусаа юу ч үгүй юүлж өгмөөр тийм хайр байдаг гэдгийн тухай ажиг сэжиггүй үеийн зураг. Цог заль гэрэлтсэн анхил залуу цаг. Бас л тоос дарж, өнгө нь бүүдийгээд гуниглангуй нүдээр Сүмбэрэлийг өрөвдөн ширтэж байх шиг. Итгэл гэрэлтсэн, ийм залуухан байлаа, орон гэр минь өнгөтэй, хөлд орж ганц нэг алхах хүүгийн бойтогны хонх жингэнэн, энэ гэр оронд хөг эгшиг нэмдэг байлаа гэж ахиад гуниглав. Гуниглах гэснээс, гунигаар хооллож, гунигаар нөхөр сүүдэр хийж, гунигийн торлог дотор амьдарсаар  байж болдог хэрэг үү. Ингэж болно гэж үү, аль хүртэл ингэж явах вэ, хэдий хэр удаан тэсэх бол....???
        ....зовлонтой жаргалтай зүүдлэгдэнэ....       

...Тэр жил, харийн нутагт юмсан, тариалангийн талбайн хажууханд шивээлсэн өргөст торлог, мөлхөө ороонго, сэнхийх үнэргүй, нэрийг нь мэдэхгүй орооцолдсон өвсний ертөнц дунд улаахан агч гэрэлтэн байхыг харж билээ.  Алгын чинээ, дүрэлзсэн гал шиг улаахан навч. Сэтгэл татах юмгүй тэр ертөнцийн амьд зүрх шиг бодогдож байсан юм даг. Чухам яагаад тэр навчийг санасан билээ. Улаахан, бас дулаахан тэр агч модны навч харанхуйн дундаас гэрэлтэн, үлэмж ариуныг нь шүтэж, сэтгэлээ бүлээцүүлэн суумаар болж билээ. Ямар учир тохиолоор, ийм харанхуйн дунд ганцаар торойн гэрэлтсэн үйлтэйхэн навч вэ чи. Учир нь үл ойлгогдом юм гэж орчлонд бишгүй нэг хойно доо. Гэвч тэр улаахан навч одоо бол сэтгэлийг нь төөнөсөн хайрт хонгорын гэрэлтсэн  нүд шиг дулаахан байлаа. Алсаас, учир битүүлгийн дундаас даллан дуудах гал улаахан навч шиг ямар сайхан нүд билээ, нууцлагхан, нэг л гэрэлт увидаст нүд. Үлэмж их хайранд хариу олдохгүй. Тарчлан зовж, үгүйлэн гансравч ойлгох хүн байхгүй.. Яаж би тэр зөөлөн хар нүдийг санахгүйгээр амьд явах вэ, мэлтэрсэн усгал харцтай, дулаан илч төөнөсөн тэр нүдийг санахгүйгээр... Яаж би түүнийхээ гарын зөөлнийг мэдрэхгүйгээр амьд явах вэ.  Яаж би тэр халуун сэтгэлийг илчгүйгээр амьд явах вэ... Яаж би түүнгүйгээр амьд явах вэ. Алдааг минь алдаа гэж, бурууг минь буруу гэж, эндүүг минь эндүү гэж мэддэг мөртлөө эвлэрч, зөнгөөрөө, зүрхээрээ ууч зөөлөн, нөөлөг халуун хайрлах хүн тэрнээс минь өөр үгүй. Тэгэх тусам дотор нь халуу шатан, зүрхэнд нь баяр төрж байжээ. Сайхь үгийг зүгээр нэг бодоод олчихсонгүй. Их олон хоног шаналж, тунгааж, хөндүүрлэн зовж явахдаа, миний бүх юм, тийм ээ,  надад бүхнийг өгч чадах хүн бол тэр минь.. Амьдралаас хүлээж болох жаргал болоод зовлон, хүлээлт, найдвар бол.... тэр минь л юм.

Дурдан намирах шиг  дууны  уран торгон нугалаа, сэтгэлийн хэц дээгүүр дэрвэж, сүрэг хараацай шиг нисэлдэнэ.
....зовлонтой жаргалтай зүүдлэгдэнэ ээ ай хө...
Цаг чаг чаг цохилно. Сүмбэрэл бодолдоо өнө хол явчихсанаа анзаарсангүй. Дөнгөж орж ирээд, хувцсаа тайлж, хүүгээ үнсэж, тамхи татаж байсан л санагдана. Сая сэхээ авч өнгийж цаг харав. Үүр цайж байлаа. Хүлээж ядсан хүнд урагшилж өгдөггүй, явж өгдөггүй цаг биш билүү.
Сэрүүлэг дуугарав. Хүү орой болгон дэрнийхээ хажууд сэрүүлэг тавина. Цэгцтэй хүн болоосой гэж Сүмбэрэл хүснэ. Эцэг шигээ алмай биш, алив юманд цэгцтэй байгаасай. Хайрлахдаа хүртэл ингэж, жолоо цулбуургүй, эцэг шигээ байж боломгүй, эдний үе өөр. Ингэж бодохыг хичээдэг юм. Зүгээр л тэгж бодохыг хүсдэг хэрэг. Гэвч эдний үе яагаад өөр гэдгийг Сүмбэрэл оноож бодсонгүй. Юугаараа өөр юм, угтаа өөр биш гэдгийг тэр мэднэ. Хайрлах зөн, үйлийн үрээ эдлэх, сэтгэлийн тамтгаа цайлгах гэдэг хэзээд л байсан, хойшдоо ч байх болно. Учирч, зовж, цөхөрч, амиа хорломоор тийм хайрын гашуун зовлонг биеэрээ туулсаар л байх болно шүү дээ. Энэ биеэрээ эдэлж туулж яваа тул  энэний гашуун үнэнийг Сүмбэрэл мэдэхгүй бол өөр хэн мэдэх вэ.  Хүү шал нойрмог, нүдээ нухласаар гарч ирэв. Яав ийв, та хэзээ ирэв гэж асуусангүй. Битгий тийм юм асуугаасай, битгий шалаасай, сэтгэлийг минь битгий тэмтэрч нэгжээсэй.

Нэг л юм мартаад байх шиг. Гэрээс нэг юм авч гарна гэж бодож байсан юм, юу билээ гэж тархи толгойгоо эрж нэгжив. Осолдохгүй л бодож байсан даа, маргааш өглөө авч гарах юм шүү гэж бодож байсан хэмээн цөхрөлтгүй хайв. Бодоод бодоод, хайгаад хайгаад олсонгүй. Юу байж болох вэ.  Ном, бишээ ном биш. Мөнгө, үгүй ээ, мөнгө ч бас биш. Тэгвэл юу байж таарах вэ. Юу билээ, юу билээ. Юу байж таарах вэ. Надад энэ гэрээс авч гарах юм алга гэж үү. Нэг л юм байх ёстой.

Цаг чаг чаг цохилно. Ажил цуглах дөхжээ. Мэнэрч, мэнчийтлээ хайв. Санах гэж хичээх тусам холдоод байдаг, юу гээчийн юм байдаг билээ. Арга мухардав. Гадагш гарлаа.
Цасны хялмаа хяруу шиг цайраад, агаар гэж, ай даа аргагүй сайхан. Өглөөний цэлмэгт болжмор жиргэлдэн, жингэнэлдэнэ. Амьд явах гэдэг, тийм ээ  уул нь ийм сайхан. Автобусны буудал хүрч яваад юу хайгаад байснаа гэнэт санав. “Ай чааваас даа. Би ийм хүн байгаагүй юм даа. Бүх юм надаас боллоо гэж үү. Ганцхан надаас уу... үе мөчөө санжтал амьдрах гэж зүтгэхэд хажуугаас хэн дэм өгсөн билээ. Орон гэр минь өнгөтэй, оройтож ирэхэд цонх минь гэрэлтэй бол хэчнээн баяртай байх билээ. За тэр ч яахав, өнгөрсөн хэрэг. Ганц юм, хамгаас чухал ганц юм мартчихаж. Аав нь хүүдээ хайртай шүү гэж хэлэх байсан юм байна шүү дээ”  гэж санаад, нэгэнт энэ хүрчихээд буцаад алхалтай биш гэж бодож зогстол автобус ирэв. 

МҮОНР-ийн Захирал, МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан

Нийтэлсэн: Б.Баярсайхан

Улаахан агчийн гэгээ  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй