Шууд Chart

Гологдсон зүрх - I

2017-08-10 16:38:35

“Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг

Арван гурван нас. Бусад хүүхдийн хувьд аав ээжийн хайр энхрийлэлд элэг бүтэн жаргадаг үе. Харин охины ээж 9 настайд нь , хойд эцэгтэй нь хамт үлдээгээд явжээ. Ээжийгээ явснаас хойш охин, хойд эцэг, эх нэгтэй хоёр дүүгийн хамт амьдрах болж....Эцэст нь үр зулбуулах эм уусан байдалтай, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандсан гэж эх сурвалж бидэнд мэдээллээ.

Баримт 1: 13 настай охин үр зулбуулах эм уусны улмаас өнгөрсөн сарын 28-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандсан байна. Түүнийг хойд аав нь бэлгийн харилцаанд уруу татсан байж магадгүй гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Түүний хувьд анх хэвлийгээр нь базалж өвдсөний улмаас сумын эмнэлэгтээ хандсан. Харин сумын эмнэлгээс түүний өвдөлтийг мухар олгой гэж оношилсон байна. Ингээд дараа нь 2-р шатлалын эмнэлэгт хандаж жирэмсэн гэдгээ мэдсэн даруй, хотод суудаг ээж дээрээ ирсэн. Харин ээж нь түүнд үр зулбуулах эм уулгаад, дараа нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очсон байна. Нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалжийн яриаг хүргэе.

13 настай охин. 8 дугаар ангийн сурагч гэсэн. Анх 9 дүгээр сарын 15-нд хэвлийгээр нь өвдөөд мухар олгой байж магадгүй  гэж ирээд жирэмсэн болох нь оношлогдсон. Тэр үедээ 11-н долоо хоногтой байсан юм билээ. Тэгээд насанд хүрээгүй гэдэг утгаараа эмч нарын коммисын шийдвэрээр орох байсан. Гэтэл өөрсдөө зугтаад алга болчихсон. Дараа нь таньдаг хүнээрээ  дамжуулаад “Нарантуул” захаас есөн ширхэг эм авж уусан байдаг. Ер нь бол ээжийнхээ үгэнд орж л эм уусан. Тэгээд доошоо цус гарлаа гээд ээждээ хэлэхэд ээж нь “зулбах гэж байгаа юм” гэж хэлээд “дахиад уух уу” гэж хүртэл асуусан тухай надад ярьж байсан. Эмнэлэгт дахиж ирэхдээ 13-14 долоо хоногтой жирэмсэн, тонус ихтэй, цус алдаж байсан болохоор даруй арга хэмжээ авсан.

Хойд аав нь л бэлгийн харьцаанд уруу татаж оруулсан юм шиг байгаа юм. Нэг биш нэлээд хэдэн удаа бэлгийн хамтрагч маягаар байсан байж магадгүй юм шиг санагдсан. Бид ургийнх нь дээжийг цагдаа нарт өгсөн. Одоо ДНК-г нь тодорхойлоод, цагдаа сэргийлэх шалгах байх.

Эх хүүхдийн эрүүл мэндний үндэсний төвөөс охинд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж, цагдаа хяналтын байгууллагад мэдэгдсэн гэлээ. Одоогоор үр тогтоох шинжилгээний албан ёсны дүн гараагүй. 13 настай охин хаанаас үр зулбуулах эм авч уусан, хүчирхийлэлд өртсөн эсэх нарийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн гэдгийг албаныхан хэлсэн.

Харин “Баримт” нэвтрүүлгийн баг арван гуравхан настай охин яагаад жирэмслэх болов. Түүнийг ийм байдалд оруулсан цаад нөхцөл шалтгаан нь юу байв. Сум орон нутгийн нийгмийн ажилтнууд юу хийж байв? Энэ бүх асуултын хариуг тодруулахаар хотоос холгүй нэгэн сууринг зорьсон юм. Бид гэрийнх нь хаягийн дагуу хайсаар сумын төвийн захдуухан нэгэн хашааг оллоо. Цэлгэр том хашаан доторх жижиг шавар байшинд хүн байсангүй. Хөршүүдийнх нь хэлснээр, бидний хайж очсон хүмүүс энд өмнө нь олон жил амьдарсан. Сүүлийн үед бараг байхаа больсон. Хойд эцэг нь хүүхдүүдтэйгээ өөр газар амьдрах болсон гэж ярилаа. Ингээд 13 настай охины тухай хөршүүдийнх нь юу гэж ярихыг сонсоё.

Хөрш эмэгтэй: Би ер мэдэхгүй. Саяхан хотоос ирсэн. Намайг ирэхэд л гэрт нь хүн байхгүй байсан. Гэрийн хаалга нь дандаа түгжээтэй, хашаанд нь үхэр орчихсон л байх юм байна шүү дээ.

Хөрш залуу: Энэ чинь өөрөө хүнтэй суунгуутаа охиноо хойд аав дээр нь хаячихаад явсан. Охиноо ингээд хойд эцэг дээр нь орхиод явчихдаг юм байх даа гэж хүмүүс гайхдаг л байсан. Аав нь өвөртлөөд унтаж байдаг гэсэн явган яриа байгаа биз дээ. Заримдаа бүр залуучуудад биеийг нь үнэлүүлэх гээд байдаг ч гэнэ үү тиймэрхүү л юм яригдаад байдаг юм.

Ээж нь салахдаа өөрийн өмнөх нөхрийн бага охиноо, хойд эцэг дээр нь үлдээчихээд явжээ. “Охиноо ингээд хойд эцэг дээр нь үлдээгээд явчихдаг юм байх даа” гэж тухайн үед хүмүүс гайхаж байсан. Сүүлдээ “Охиныг аав нь өвөртлөөд унтаж байдаг гэсэн. Хар багаас нь замыг нь алдуулчихлаа” гэсэн явган яриа сумын төвөөр гарах болсон гэж хөршүүд нь хэлж байна.  Охин сумын сургуульд сурдаг. Түүнд анхаарал хандуулах  нийгмийн үүрэг хүлээсэн  ангийн багш, сургуулийн  нийгмийн ажилтнаас эхлээд олон хүн байх ёстой. Ингээд бид сумийн сургуулийн захиралтай уулзсан юм.

Нөхцөл байдал тааруу байсан шүү дээ. Ээж нь гэртээ байдаггүй. Тэгээд хойд аавтайгаа л байдаг байсан. Хараа хяналт маш сул. Бид өнгөрсөн хичээлийн жилд ч гэсэн тухайн хүүхдийн асуудалд кэйс нээгээд араас нь хамтарсан багаар явж нэлээд ажилласан. Тэр үед олон ч зүйлийг хэлж үүрэг болгосон. Ер нь тэгээд хайхрамжгүй байдлаасаа болоод л ийм асуудал үүсч байгаа юм л даа. Тухайн хүүхэд хичээлдээ явахгүй байх, гадуур насанд хүрсэн залуустай хамт яваад байсан болохоор манай хүүхэд хамгаалах хамтарсан баг сургалт семинарт хүртэл хамруулж байсан. Тэгээд л хичээл амарсны дараа асуудал үүссэн байх.

Энэ охины хувьд гэр бүлийн хараа хяналт сул хүүхэд. Яг хүүхэдтэй тулж ажилласан хүн бол  сургуулийн нийгмийн ажилтан гэж  захирал хэлж байлаа. Бид нийгмийн ажилтнаас ярилцлага авахыг хүссэн боловч, хүүхдийн хувийн нууцтай холбоотой учраас мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан. Бид ч гэсэн сэтгүүлчийн ёс зүйн үүднээс хүүхдийн нэр ус, сум орон нутгийн нэрийг нэвтрүүлэгтээ оруулахгүй гэсэн баталгаа өгч, удаа дараа хандсаны эцэст тус сургуулийн нийгмийн ажилтан бидэнд дараах тайлбарыг өглөө.

-Хүүхэд хамгааллын хамтарсан баг 2015 оноос хойш ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө энэ хүүхдийн цаад амьдралын хувьд хойд эцэгтэй, төрсөн эх нь анхаарал халамж сул байсан. Хамгийн гол нь салалт, эх эцгийн хүүхэддээ тавих анхаарал халамж сул байгаагаас болж өсвөр насны хүүхэд хохирч байна. Аав нь ямар нэг байгууллагад харьяалагдаж ажилладаггүй олсон орлогоороо архи уудаг. Тэгэхээр тэр айл архины хамааралтай болж таарч байгаа биз.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн ч гэдэг юм уу, тиймэрхүү дарамт  байсан болов уу? Энэ тухай та ярилцаж үзсэн үү?

- тиймэрхүү зүйл байж магадгүй шүү гэсэн  асуудал  ямар нэг байдлаар яригдсан. Би ч гэсэн иймэрхүү хандлага мэдэрч байсан. Тухайн үед бол шууд тэр асуудлыг гаргаж ирэхэд хүндрэлтэй. Тэгээд би ямар сайндаа хоёр гурван удаа уулзаад, магадгүй дөрөв, тав дахь удаагийн уулзалтаар  илэрч магадгүй, нэг зүйлийн гогцоо гарч магадгүй  гэж бодоод төлөвлөсөн. Гэтэл яг уулзалт болохоор “багшаа миний бие өвдөөд байна” гэдэг ч юм уу шалтгаан хэлдэг. Уулзалт  товлосон хугацаандаа үр дүнтэй явах боломжгүй байсан. Тэр хүүхдээс аавтайгаа бэлгийн харилцаанд орсон уу гэдэг ч юм уу, шууд тулгасан асуулт тавьж байгаагүй ээ. Ээж нь салахдаа хүүхдээ хойд эцэг дээр нь үлдээж явснаас болж л ийм асуудал үүслээ. Одоо салаад 4 жил болж байна.

-Энэ хугацаанд охин хойд эцэгтэйгээ хамт байсан гэсэн үг үү?

-Тийм. Би энэ тухай ээжид нь хэлж байсан. Ээж нь болохоор би мөнгө олох гээд ажил хийж байна. Охин ядаж хоёр дүүгээ хараад хэн хэндээ дэмтэй л байна гэж бодож байна гэж хэлдэг байсан.

-Таны хувьд цаг зав гаргаад ажилласан гэж байна. Гэтэл ажлын үр дүн ?

-Мэдээж ажиллаагүй биш ажилласан. Гэр бүл рүү нь чиглэсэн урьдчилан сэргийлэх ажил зөндөө хийсэн. Хамгийн гол нь эцэг эхийн хараа хяналтгүйгээс болж ийм байдалд хүрлээ.

-Ийм байдал үүсгэхгүй байх хэмжээнд ажиллах ёстой байсан юм биш үү?

-Тодорхой хэмжээгээр ажилласан. Магадгүй энэ хүүхдийн амь эрсэдчихсэн бол аюул биз дээ. Тэгэхээр ийм зүйлийг эрт мэдэрч, эмнэлгийн тусламж үзүүлж асуудлыг шийдлээ шүү дээ. Үүнийг ажиллаагүй гэж хэлэхгүй биз. Мэдээж би ажилласан, ажлаа хаана ч тайлагнана.

Бид хүүхдийн нэр төрийг сэвтэхээс сэргийлж, сумын нэр, мөн сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сумын засаг дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн нарын нэрийг нууцалж байна. Нийгмийн ажилтны хэлснээр “Би охинтой хэд хэдэн удаа уулзсан. Гэхдээ хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд ордог. Эсвэл ойр дотно харилцаатай эсэх талаар мэдээгүй” гэж тайлбарласан. Тэгвэл тус сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн бидэнд дараах хариултыг өгсөн юм.

-Өнгөрсөн хавар хичээлээ тасдаад байсан болохоор сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг гарч ажиллаж байсан. Гэтэл саяхан хүүхдийн 108 утаснаас танай сумын ийм  хүүхэд Эх нялхаст ирээд жирэмсэн гэдэг нь батлагдаад явлаа гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээлэл ирээгүй байсан бол бид энэ тухай мэдэх боломжгүй байсан.

-Хамтарсан баг ажиллаад байгаа хэрнээ энэ тухай мэдэж чадахгүй байна гэхээр ажил дутуу яваад байна гэсэн үг үү?

-Энэ тухай ёстой мэдэхгүй. Эхлээд энэ хүүхэд олгой ургасан гээд хот явсан болохоор бид сайн мэдэхгүй байна.

-Таны хувьд ажиглаж байсан, харж байсан гэсэн тайлбар хэлж байна. Хүүхэдтэй яг яаж  тулж ажилласан  бэ?

-Сургуулийн нийгмийн ажилтан тэр хүүхэдтэй хоёр гурван удаа уулзаж ганцаарчилсан зөвлөгөө өгсөн. Бид бас тэр үед охиныг эмнэлгийн үзлэгт оруулъя гэсэн чинь ээж нь дургүйцсэн. Жижиг газар эмнэлэгт үзүүлэхээр хүүхдийн нэр хүндэд муу гэдэг үүднээс. ..

Энэ сумынхны хувьд анх хүүхдийн 108 утаснаас мэдээлэл авсан байна. Хэрэв Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төвөөс хүүхдийн 108 утсанд мэдээлэл өгөөгүй бол сумын сургууль, засаг захиргаа энэ тухай мэдээлэл авах боломжгүй байж. Ингээд бид хүүхэд хамгааллын багийг ахалж ажилладаг, сумын засаг даргатай уулзсан юм.

Ерөөсөө л гэр бүлийн байдал. Төрсөн эцэг нь нас барсны дараа ээж нь хойд эцэгтэй нь суусан. Хойд эцэг нь зөв төлөвшсөн тохитой, томоотой хүн байгаагүй. Өөрөөр хэлбэл, орон шоронгоор явж байсан. Тодорхой хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Эцэг эхийн хоорондын ийм маргаан олон жил үргэлжилсэн. Тийм гэр бүлд  байсан хүүхэд л дээ.

Тус сумын албан хаагчдын өгсөн мэдээллээс харахад, охины хойд эцэг нь шоронд ял эдэлж байгаад гарч ирсэн хүн. Ээж нь харин охиноо 4 жилийн өмнө, хойд эцэгт нь орхиод явсан байна. Энэ хугацаанд охинд тавих хараа хяналт суларч, эцэст нь жирэмсэн болж, үр зулбуулсан. Товчхондоо, 13 настай охины амьдрал гэр бүл салалт, эцэг эхийн хараа хяналтгүй байдлын золиос болсон нь тодорхой байна гэж “Хөөрхөн зүрхнүүдийн аян” төрийн бус байгууллагын  зохицуулагч Оюундарь хэлж байна.

Үл хайхрах буюу хараа хяналт сул хүүхдийн жишээ байна. Ээж нь өөрөө хүүхдээ үл хайхардаг юм байна. Гурав дөрвөн жил хойд эцэгт нь үлдээсэн байна. Тэгээд юу болдог байсныг хөрш айлынх нь хүмүүс худлаа хэлэхгүй шүү дээ. Нэг оронд хамт байдаг, хамт унтаж байдаг гэсэн гээд. Хүүхэд ч гэсэн худлаа хэлнэ гэдэгт би итгэхгүй байна. Хохирогч болсон хүүхдэд бид итгэх хэрэгтэй. 13 настай хүүхэд жирэмслээд үр зулбасан, энэ чинь өөрөө эрүүгийн хэрэг. Тухайн этгээд хэн ч бай хуулийн  хариуцлага хүлээж л таарна.

Биднийг нэвтрүүлэг бэлтгэх явцад, үр тогтоох шинжилгээний дүн эцэслэн гараагүй учраас  охин хүчирхийлэлд өртсөн эсэх нь тодорхойгүй байна гэсэн тайлбарыг зарим албан тушаалтнууд өгч байсан. Мөн охин өөрөө хөнгөн явдалтай гэх яриа ч чих дэлсэж байв. Гэвч 13 настай охиныг хэн ийм зүйлд уруу татав? Хуулиараа бол бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон тохиолдолд, хүч хэрэглэсэн эсэхээс үл хамааран хэн ч байсан эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Иймээс Баримт нэвтрүүлгийн баг Эрүүгийн цагдаагийн газар албан ёсоор хандаж, энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гэдгийг дурдья.

Баримт2.  Оны эхний 10 сарын байдлаар 70 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тэдний ихэнх нь ураг төрлийн хүчирхийллийн золиос болдог байна.

 Бага насны  хүүхдүүдийн хувьд ихэвчлэн ураг төрлийн хүчингийн хохирогч болсон байдаг. Хамгийн сүүлд л гэхэд 5 настай, 7 настай хоёр охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн тохиолдол  гарсан. Бас хоёр сартай хүүхдийг бэлгийн гаж хүслээ хангах хэрэгсэл болгосон гээд сэтгэл сэрдхийлгэм хэрэг үргэлжилсээр... “Хөөрхөн зүрхнүүдийн аян” төрийн бус байгууллагын  зохицуулагч Оюундарь.

Хоёр сартай хүүхдээ хүртэл бэлгийн гаж дур хүслээ хангах зорилгоор үтрээ рүү нь хуруугаа хийсэн тохиолдол гарч байсан. Бэлгийн хүчирхийллийн хамгийн муухай бугшсан төрөл нь ураг төрлийн хүчин. Цагдаагийн байгууллагынхан бол ахуйн хүрээний хүчин гэж хэлдэг. Үүнд  төрөл садангийн, хөрш айлын эсвэл хойд эцэг ч юм уу ойр тойрны хүмүүс ордог. Хууль хяналтын байгууллагад шалгах явцад мөрдөн байцаах шатнаас хэрэг хаагдах, буцаагдах тохиолдол хамгийн их байдаг. Яагаад гэвэл монголчууд нэр төрөө их боддог. Учир нь хүчирхийлэгч  төрөл садангийн хүн эсвэл төрсөн эцэг, хойд эцэг нь байдаг учраас эргээд ээж нь ч юм уу хэн нэгэн өмгөөлөх хандлага байдаг.

Ураг төрлийн хүчингийн хохирогч болсон хүүхдүүд ихэвчлэн хэн нэгний дарамт, заналхийлэл дор хохирдог учраас цагдаа хүний эрхийн байгууллагуудад хандах нь ховор. Гэтэл манай улсын хувьд өсвөр насны охид жирэмслэх, хүүхэд төрүүлэх тохиолдол их. Тодруулбал, 2014 онд 3200, 2015 онд  өсвөр насны 3595 охин хүүхэд төрүүлсэн мэдээлэл байна. Өсвөр насны охидын эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг Гүнж төвийн охидын ярихыг сонсоё.

-Манай ангид өнгөрсөн жил шилжиж ирсэн охин хичээлдээ ерөөсөө ирэхгүй байна. Яасныг нь асуухаар хэлдэггүй. Дотны  найзуудаас нь асуухад “жирэмсэн болоод саяхан төрсөн” гэж хэлсэн. Үүнийг сонсоод их эмзэглэж, хэцүү санагдсан.

-Найз маань өөрөөсөө хоёр ах найз залуутай байсан. Тэгээд тэрнээсээ жирэмсэн болчихсон. Хавар хичээлдээ ерөөсөө ирээгүй. Зурган дээрээс харсан чинь гэдэс нь том байх шиг болохоор манай ангийнхан таамаглачихсан байсан. Бид нар ингээд хичээлээ хийгээд инээд хөөртэй байж байхад манай найз гэртээ хүүхдээ хараад байна гэдэг харамсалтай л байх.

Дунд сургуулийн сурагчдын дунд хэн нэг нь жирэмслээд хүүхэд төрүүлэх нь байдаг л зүйл гэдгийг охид хэлж байна. Гэтэл энэ хүүхдүүдийн ард ураг садны холбоотой хэн нэгэн хүчирхийлэгч байхыг үгүйсгэх аргагүй. Цагдаагийн ерөнхий газарт ирсэн өргөдөл гомдлоос харахад 2014 онд 90, 2015 онд 68, 2016 оны эхний 10 сарын байдлаар 70 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн тоон мэдээлэл байна. Ийм хэргийн хохирогч болсон хүүхдүүд цагдаагийн байгуулагад ханддаг ч, хэрэг ихэвчлэн мөрдөн байцаах шатнаас буцаагддаг тухай албаныхан хэлсэн. Учир нь хохирогчийг төлөөлөх  хүн нь ээж нь эсвэл аав нь байдаг бол сэжигтэн нь эргээд хамаатан садны хүн эсвэл хойд эцэг нь байх тохиолдол олон. Ингээд эцэст нь бага насны хүүхэд хохирч үлддэг ийм л дүр зураг  тодорч байна...

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Гологдсон зүрх - I   
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
МОНГОЛЫн иргэд [59.153.115.xxx] 2017-08-10 16:59
Авто зам барьж байгаад талархаж байна. Гэхдээ Ардчилсан нам уулзварууд авто зам барихдаа 2 өдөр л хаадаг байсан. Монгол Ардын Нам авто зам барихдаа 7 өдрөөр хаах юм, Би нам бус

Бидэнтэй нэгдээрэй