Шууд Chart

Зам бүхэн Парисыг зорьдог

2017-08-14 13:17:14

-Аян замын тэмдэглэл- 

Намрын сүүл сарын нэгэн өдөр Парис явах сайхан завшаан тохиолоо. Москвагаас хөөрсөн онгоц 3 цаг орчим яваад Парисын “Шарль де Голь”-ийн Олон улсын нисэх онгоцны буудалд газардахаар доошиллоо. Агаарын аварга том хөлөг газар харагдахаар доошилоход, Францын нийслэл Парисын дундуур урсах Сена мөрөн мушгиран, нам дор болов уу гэмээр нов ногоон цэлгэр талд гоёмсог цагаан байшингууд нарны цацраг гэмээр ташуу эгнэн, тун чиг зохион байгуулалттай баригдсан хотын энд тэнд ойн төгөл цэцэрлэг,  сайхан зассан ногоон байгууламж харагдана. Тэдний дунд тодоос тод алдарт Эйфелийн цамхаг ганцаар торойн яг л хүүхдийн тоглоом шиг гайхалтай үзэгдэнэ. Парисын урд биеэр их мөрний хөндий даган ногоо жимс тарьсан болов уу гэмээр фермерийн аж ахуйнууд эгнэнэ.

Намрын сэрүү орсон Төв Азийн өндөрлөгөөс дулаан хувцастай гарсан биднийг яг л зунаараа зөөлөн дулаан уур амьсгалтай Европын баруун хэсгийн Франц орон тун таатайгаар угтаж авч байгаа нь энэ.

Нисэх буудлын цаг өдрийн 1 цаг 20 минутыг зааж байх юм. Гуравхан цагийн өмнө Оросын нисэх буудал дээр даарах аястай байсан бид халууцах янзтай. Аргагүй ч юм уу, манайтай харьцуулахад халуун дулаан  Африк тив ойрхон байгаа шүү дээ.
Бид том хар такси хөлөглөн Парисын төвийг зорилоо. Машины цонхоор Парисын захын байшин барилгууд жирэлзэн өнгөрч, дөнгөж шарлаж ядаж байгаа улиас голдуу намхандуу  таримал модод зам дагуу эгнэжээ. Үе үе тунель хэмээх нүхэн гарц тааралдана. Орон сууцныхаа тагтан дээр угаасан хувцас, өмд хамдаа дэлгэсэн яг л манайх шиг амьдрал бас үргэлжлэх нь нөгөө соёлт Европын Парис хотод явж байгаа шүү дээ гэх бодлыг минь үе үе гайхшралд хүргүүлнэ.

Энэ зуур хаа газрын хүмүүсийн амьдрал адилхан л юм даа ... гэх ойр, энгийн бодол бас төрж байсныг нуух юун. Ийнхүү хагас цаг хэртэй  явж сая алдарт Эйфелийн цамхагийн барааг харав.
Бидний байрлах  “Сити дайнис” хэмээх апарт буудал Эйфелийн цамхагаас холгүй гэнэ. Буудлын цонхоор Эйфелийн цамхаг харагддаг гэхээр тун сайхан санагдлаа.

Таксийн жолооч бидэнд сайн үйлчилж ачааг маань буулган өгч, бид ч захиалсан буудалдаа тухаллаа. “Шарль де Голь”- ийн онгоцны буудлаас Парисын цамхагийн ойролцоох буудал хүртэлх таксины зардал 40 орчим евро болж байв.
“Сити Дайнис” хэмээх энэ апарт буудал дэлхийн томоохон хотуудад олон сүлжээтэй гэнэ. Гэр бүлээрээ яваа хүмүүс голдуу захиалж буудалладаг аж. Үнэндээ хөөрхөн тохилог, яг гэрийг санагдуулам гал зуух, унтлагын болон зочны өрөөтэй, хоолоо өөрсдөө хийхээр зохион байгуулалттай юм. Гал тогоонд нь хүнснээс бусад бүх зүйл байна.

Манай цонхоор алдарт Эйфелийн цамхаг тодхон харагдана. Шөнө болоход гэрэл нь асаж, цаг тутам 5 хором гялалзаж гялтганасан шар гэрлээр эфект үзүүлнэ.

Бид намрын сүүлээр Парист ирсэн болохоор өглөө босоход манантай байлаа. Сэрүүн намрын уур амьсгал хойд зүгээс орж, урд зүгээс ирэх  Африкийн дулаан амьсгалтай сүлэлдэн өглөө үүрээр манан суух нь энүүхэнд аж.
Гэхдээ 10-р  сар гээч Парисаар аялах нэн таатай цаг үе санж. Зунжин хөлхөлдсөн жуулчдын урсгал сая татарч, аагим зуны илч сааран, дэлхийн нийслэл гэгдэх Парисын түүх дурсгалын газруудын очер дараалал багасчээ.

Тэр өдрөө бид алдарт Сена мөрнөөр усан онгоцоор аяллаа. Сэрүү татсан орой Сена мөрнөөр аялж, шөнийн Парисыг өөр өнгөөр үзэх нэн таатай санж. Сена мөрөн дээгүүр татсан олон гүүрний доогуур өнгөрөхөд их усны зүгээс салхилах чийглэг салхи  шөнийн сэрүүн агаартай холилдон таатай мэдрэмж төрүүлнэ.
Сена мөрний эрэг дагуу хуучин ном, бэлэг дурсгалын худалдаа эрхэлдэг хүмүүс ногоон модон хайрцгаа дэлгэн түр зуурын тавцан болгож жижиг сажиг худалдаа наймаагаа эрхэлнэ. Тэдний худалдаалж байгаа юмсын дотор эртний Парисын зураг хөрөг, хуучны сонин сэтгүүл, алдартнуудын магадгүй зуун жилийн өмнө авахуулсан хуучны зураг хүртэл байх аж. Тэд орой явахдаа ногоон модон хайрцгандаа худалдаалдаг зүйлсээ хийж цоожилчихоод явна. Сена мөрний эргийн дагуу ийм цоожтой ногоон модон хайрцгууд эгнэн  байх нь манай үүргийн наймаачдынхтай адил юм уу даа. 

Маргааш нь сэлүүхэн агаарт Сена мөрний эргээр алхан, дүүрэн цоож өлгөсөн хайр дурлалын гүүрээр гарч,  алдарт Луврын музейг үзэхээр зорилоо.

Бидний үлгэр дууриал болгон ярьдаг Америк орны төрийн тэргүүн нэг удаа: “Хүн амьдрах хугацаандаа ямартаа ч болов Луврын музейг үзэх хэрэгтэй”  гэсэн  байдаг. Нээрээ ч дэлхийн урлагийн сор болсон бүтээлүүдийг нэгэн дээвэр дор цуглуулсан алдарт Луврыг нэг ч болов удаа үзээд өнгөрөх нь соёлт хүмүүний байх ёстой хэрэгцээ билээ. Өдөрт хоёр түмэн хүн зочилдог энэ аварга музейг өдөржин үзээд ч барахын аргагүй их үзмэртэй юм.

Лувр нь Парис хотын нүүр царай болсон гайхалтай барилга байгууламжийн нэг  юм. Энд Францын хаадуудын ангийн шилтгээн байдаг байжээ. Франциск-1-ийн үед буюу 1541 онд энэхүү хааны ордонг шинээр байгуулсан нь эдүгээгийн Лувр юм.  Музей 1793 оны наймдугаар сарын 10-нд олон нийтэд үүд хаалгаа нээж байсан түүхтэй гэнэ.

Харин хожмоо 1981 онд Францын ерөнхийлөгч Франсуа Миттераны шийдвэрээр Луврыг шинэчлэн засварлах ажил эхэлсэн байна. Энэ үед музейн эртний хэсгүүдийг нь сэргээн засварлаж, Наполеоны ордны өмнө шинэ хуучин Луврыг холбосон алдарт шилэн пирамидийг барьсан бөгөөд пирамидын зохиогч нь Хятад гаралтай америк архитектор Йох Минг Пи байжээ.

Лувр нь 1793 оны 8-р сард анх 537 зураг дэлгэн нээгджээ. Өдгөө 18 га талбай эзлэн орших тус музейн бүтээлүүд нь 60 мянган метр талбайд дэлгэгдсэн байдаг. Тус бүтээлүүд дотор алдарт зураач барималч Леонардо Да Винчийн “Мона Лиза”, Жакус Луйз Давидын “Хорацийн тангараг” зэрэг олон алдартай бүтээлүүд байдаг бөгөөд балар эртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35.000 гаруй үзмэрийн 380.000 эд зүйлс хадгалагддаг гэнэ.
Луврт хамгийн “хөгшин” гэгдэх Кариатидын танхимд жүжгийн нэрт зохиолч Ж.Мольер хамгийн анх өөрийн жүжгийг тавьж тоглуулж байсан түүхтэй аж.
Харин байршлын хувьд Сена болон Рю де Риволи голуудын хооронд буюу яг Парис хотын төв хэсэгт оршдог байна.

Луврын музейг үзэхээр жил бүр жуулчдын хөл тасардаггүй бөгөөд өдөртөө 15.000, жилдээ 8.500.000 үзэгчтэй байдгаас 65 хувь нь гадаадын жуулчид байдаг ажээ.
Баяр гуниг, хөлс хүч, цөхрөл, тайтгарал шингэсэн эдгээр бүтээлүүдийг харахад хэн нэг эрхтэн дархтан мөнгөтнүүдийн захиалгаар олон жил сар нойр хоолоо хасан байж, боолын гэмээр хөдөлмөрөөр гараа цуцаан нүдээ чилээн оюунаа шавхан байж бүтээсэн мэт ...


 
Агуу их Микланджело Систена Чапелийн сүмийн орой дахь зургийг 5 жилийн турш зөвхөн дээшээ харан байж зурсан байдаг. Нүд нь чилж, гар нь цуцаж, хөлс нь дусалж, шөрмөс нь татаж байсан гэдэг. Эцэст нь өчүүхэн жаахан хөлс авч амь зогоожээ.

Гэлээ ч нэр алдар нь өнөө ч мартагдсангүй. Цагийг эзэлсэн бүтээлүүдийн хувь заяа, түүнийг бүтээгч эздийн өнгөрүүлсэн амьдрал нэг иймэрхүү. Энэ хувь заяа өнөө хүртэл үргэлжилсээр ...

Гайхамшигтай бүтээлүүдийг үзсэний дараа Лувраас гарч явахдаа би нөхөртөө хандан: “Манай өвөг дээдэс  үзэж харах түүхийн бүтээл үлдээсэнгүй дээ ... “ гэхэд, нөхөр маань:
“Дэлхийг байлдан дагуулна уу гэхээс хэнийг ч яс маханд нь тултал боолчилж байгаагүй, дарлан мөлжих сэтгэлгээгүй талын нүүдэлчин Монголчууд байгалиас заяаснаараа өнөө хүрсэн нь яамай. Өнөөгийн шагшин магтаад байгаа цагийг эзэлсэн бүтээлүүд чинь хүний хөлс цус зовлонгоор бүтсэн юм шүү дээ. Ромын мэсчин боолуудын тулалдаан хийдэг байсан Колоссеоныг хар. Уран зураач, хөгжмийн алдартай зохиолчдын эмгэнэлт амьдралыг сонсоо биз дээ. Манай өвөг дээдсийн нарийн ур, нандин ухаан зөвхөн тархи цээжиндээ байж, агуу эрх чөлөөт сэтгэлгээтэй генийн санамжаа хиртүүлэлгүй бидэнд дамжуулан өгч дээ. Бидэн шиг түүхийн урт удаан хугацаанд зовлон туулаагүй, цөөхөн боловч агуу их эрх чөлөөт үндэстэн хаана байна. Байгалийн шалгарал чанартай зүйлийг цөөхөн байлгадаг юм даа ... “ хэмээн хэлж билээ.
Бодох л санаа ...

Маргааш өглөө нь бид “Сити тур”-ын хоёр давхар задгай автобусанд суун, Парис хотоор аяллаа.  Ер нь дэлхийн томоохон хотуудаар аялах хамгийн хурдан, хамгийн цэгцтэй аятайхан аялал бол "Сити тур"-ын хот доторх аяллын “Double bus” маршрутаар аялах явдал юм. Энэ хоёр давхар жуулчны автобус маань Парисын алдарт Эйфелийн цамхагийн дэргэд биднийг аваачсан юм.

Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд (Champs de Mars) телевизийн антены хамт 324 метрийн өндөрт  сүндэрлэнэ.  Гурван давхартай бөгөөд 1-р давхар нь 57м өндөрт (345 шат), 2-р давхар нь 125м өндөрт (дахин 359 шат) байдаг бол 274м өндөрт байх 3-р давхарт (нийт 1652 шат ) хүртэл цахилгаан өргүүр байх тул шатаар алхах шаардлага байхгүй.
Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88.3м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 м хэлбэлзэлтэй найгадаг байна.

Түүхээс үзвэл, Францын Засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхагийг 1887 оны 7-р сарын 26-наас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл хийж, 18.000 хэсэг төмөр бүтцийг 2.5 сая ган холбоосоор холбож байж, дунджаар сард 15 м өндрийг барьж, хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны тавдугаар сарын 6-нд баригдаж дуусчээ.
Зохиолч Ге де Мопассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байсан гэнэ.

Одоогийн байдлаар 200 сая гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд  энэ нь дэлхий дээр хамгийн их хүн үзсэн дурсгалт газар юм. Энд дугаарлан зогссон хүмүүс маш олон. Гэхдээ хүмүүсийн дараалал хурдан явна.

Дараалан зогссон хүмүүсийг уйдаахгүй. Гэхдээ бас хошин, инээдмийн үзүүлбэр үзүүлнэ. Цамхагт гарах тасалбар арван хэдэн евро байсан. Энэ нь боломжийн үнэ юм. Ер нь Парисын үзвэрүүдийн тасалбар тийм ч үнэтэй биш. Дундаж хүмүүс үзэхэд зориулагдсан юм шиг санагдсан.  Үнэндээ ч Эйфелийн цамхагийн орой дээр гараад харахад Парис хотын зохион байгуулалт нэн цэгцтэй. Нарны цацраг мэт баригдсан барилгуудын ансамбль тун сайн. Ногоон байгууламжуудыг эмх цэгцтэй барьж, ихэнх барилгуудаа дээш нь нэмж давхарлан барьсан ч тав, зургаан давхраас нэг их өндөрлөөгүй, зөвхөн цагаан саарал өнгөөр голчилж, дээврийг нь ногоовтор өнгөөр жигд будсан нь хот байгуулалт сайных.

Барилгуудын тагтыг гоёмсог хар төмрөөр урлагийн бүтээл лугаа хээ угалз гарган урласан нь нэгэн жигд. Үнэхээр Европын эртний сонгодог хотын үлгэр жишээ гэвэл Парис юм.

Парист Луврын музейн байран дахь зоогийн газраар үйлчлүүлбэл, стейк буюу үхрийн гол махан хоол 40 гаруй евро, далайн гаралтай хоол 20 гаруй еврогийн үнэ ханштай.  Үндсэндээ хоёр хүн 80 орчим еврогоор үдийн хоол захиалан зооглож болно гэсэн үг.
Ингээд бодоход Монголчууд бидний хувьд бэл бэнчинтэй шиг явбал  Луврын зоогийн газраар ороод гарахад илүүдэхгүй.

Бид Парист байх хугацаандаа Нотордам буюу “Парисын дарь эхийн сүм”-ээр орсон юм. Энэ нь миний хувьд санаанд ороогүй хэрэг байсан бөгөөд, дунд сургуульд байхдаа хөдөөгийн жаахан охин Виктор Гюго-гийн “Парисын дарь эхийн сүм” романыг уншиж, хөөрхий Квазимодо-гийн бүтэлгүй дурлалыг өрөвдөн уйлдаг байж билээ.

Тэртээ он жилүүдээс  хойш 4О гаруй жилийн дараа  Парисын дарь эхийн сүмд ЗО гаруй жил ханилсан ханьтайгаа орж үзэх юм гэж үнэндээ санасангүй явлаа.
Үнэнч сайхан сэтгэл гээчийг Бурхан багш таньж, мөрөөдөл хүслийг бодит байдал болгодог юм гэдгийг энэ биеэрээ мэдэрсэн маань юутай сайхан зол вэ.
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ухаант ард түмний минь хэлдэг ерөөлийн үг биелдэг жамтай юм билээ. Өөр юу хэлэхсэн.

Хүн бүхэн зорин очдог Елисейн гудамж

Энд нөгөө дэлхийн брэндийн хувцас хунар, гоёл чимэглэл, Францын алдартай үнэртэн сүрчгүүд гээд худалдахгүй юмгүй дэлгүүрүүд ёстой нэг байхаараа байна.
Louis Vuitton, Hugo Boss, Christian Dior, Guerlain, Disney store гээд л ...  Кристиан Диорын дэлгүүрээс Мисс Диор, Жадор гэсэн хоёр сүрчиг авахад л 2ОО евро болж байлаа. Дэлхийн баячууд л үүгээр үйлчлүүлдэг байх даа.

Бид Францад хийсэн аяллаа Парисын метрогоор үйлчлүүлж өндөрлөсөн юм. Парисын метро, Москвагийн болон Бээжингийн метрог бодвол нэлээд хуучны аястай. Мөн л олон түмэн хүн үйлчлүүлнэ. Алив улсын хамгийн хурдан, хамгийн хямд тээврийн хэрэгсэл болохоор ёстой л ард түмний унаа гэлтэй.

Дэлхийн загварын чиг хандлагыг Парис тодорхойлдог гэх боловч, яг ард түмний дунд ороод, метрогоор яваад үзэхэд алив орны жирийн ард олон нөгөө л энгийн ядмагхан, яарсан сандарсан, өдөр хоногийг арай чүү өнгөрүүлсэн янзтай.
Энд жирийн ард олны амьдрал нь нууцлаг мэт. Хүмүүс нь өндөр насладаг болов уу гэмээр хөгшин хүн олон. Арай ядан хөлөө зөөх хөгшид жижиг хав нохой дагуулан салхилж байгаа бололтой хэнийг ч үл анзааран чүүчигнэнэ. Залуус нь ямар нэгэн зүйлд яаран сандран алхана.

Гурван зууны турш капиталын дарлалд байсан ард түмэн өнгөрсөн түүхээ үе үе санадаг л биз. Гэлээ ч түүх урагшилж, ямартай ч хөгжил дэвшилд хүрч байгаа юм болохоор урьд үеийг бодвол хүмүүс алхам алхмаар ажил амьдрал нь дээшилж л байгаа.
Гэхдээ тэд Парисын коммуныг мартаагүй. Талын нүүдэлчдийн үр удам би хүртэл Парисын коммуны тухай номоос уншсан байтал, туулж өнгөрсөн тэд яахин мартах билээ. Үүнийг Парист үе үе болдог  хөл үймээн бэлхнээ нотолно.
Тэд илүү сайн нийгмийг өнөө ч хүсэмжилсээр ...

Аядуу зөөлөн бодлогот Миттеран шиг удирдагчийг, бас түүхт эмэгтэй удирдагч Жанна Де Арк шиг зоригтныг, өнөө ч ажилласаар байгаа хүчтэй нам - Францын коммунист намын бодлогыг тэд мэдэж л байгаа ...
Дэлхийн нийслэл гэгддэг агуу их Парис,  бүтээгч ард түмнийхээ хичээл зүтгэлээр ертөнцийн өнцөг булан бүрээс сонирхон ирэх аянчин гийчдийн нүдийг хужирлан сэтгэлийг бадраан Эйфелийн өндөр цамхаг шигээ өндөрт тэмүүлэн оршсоор ...

Нийтэлсэн: Р.Чулуунцэцэг

Зам бүхэн Парисыг зорьдог   
Үзсэн: 1854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бадма [202.9.41.xxx] 2017-08-16 15:29
Парис хотыг нүдэнд харагдтал сайхан тэмдэглэл бичжээ. Үзсэн харсан бүхнээ хүн бүр ингээд олны хүртээл болгоод байдаг бол сайхан байнаа.
Зочин [133.1.235.xxx] 2017-08-15 10:33
Ерөнхийдөө ойлголт авлаа. Нэг бодлоо хэлэхэд: Нүдээр үзэж чихээр сонссоноо Нутаг нэгтэндээ хандаж зөвлөж байгаа юм бол Ингээд бодоход Монголчууд бидний хувьд бэл бэнчинтэй шиг явбал Луврын зоогийн газраар ороод гарахад илүүдэхгүй. гэж бичиж байхаар өнөөдрийн байдлаар ...доллартай бол нэг удаа хооллож чадна гэдгийг хэлээд өгвөл яасан юм бол гэж бодогдоод.
Зочин [202.5.202.xxx] 2017-08-15 09:54
Ямар сайхан тэмдэглэл вэ, баярлалаа
Зочин [91.115.2.xxx] 2017-08-15 02:00
paris Berlin wien duuren haltaruud
Зочин [78.250.218.xxx] 2017-08-15 00:12
202.55.191 erguu dagz mongol ruugaa zailaach
mohoj bui aguu vndesten dee.. [202.55.191.xxx] 2017-08-14 20:09
odoo tiim baihaa bolison doo.fransiin paris bol odoo neg bohir haltar zabaanduu hot bolson doo..paris tsagaachid mash iheer irj bi zarimdaa parisd bn uu arab yumuu turkd ybj bgaa shig sanagdagaa.metro tramd ni ybj baigaa hvnii barag 60 hubi arab, haruud,, turk enhteg pakistanuud l baidag.jinhene fransuud tsoonhon ybj baidagaa..zarim gudamj bvr bvgdeerei arauud, esbel turkuud, haruudiin gudamj bolj fransuud daijij zugtsaar l..bvr sonin 3000 armenuud suudag armeni vndestenii gudamj bii bolsoniig harsan daa..udahgui paris zobhon tsgaachidiin musilmanuud niislel bolon gedegd bi itgedegee..ingej hariin musilmanuud eh oronoo nair tabij ogch bui fransuudiig bi gaihdagaa..nogoo hvniig eneren hairlagch ardchilsan vzelt, baruunii vnet zvils gedegee het itgej aguu gvren gej oorsdoogoo het ondoroor bodoj tenegleheer iim boldog baihaa..mohoj bui aguu gvren dee..ih gvrenii bodolgo ybuulah tomorood l oorsdiigoo balalj bnaa..
mnbv [91.115.2.xxx] 2017-08-14 19:29
zam buhen Rom hurdeg

Бидэнтэй нэгдээрэй