Шууд Chart

MҮОНТ 50 жил

...


Эгэл оршихуй

2017-08-24 16:45:23

“Ерөнхий“ жолооч

МҮОНТ-ийн олон ангит кинонуудыг шил дараалан бүтээхэд авто гражийн хамт олон болон жолооч нарын оруулсан хувь нэмрийг хэлж, хэмжиж баршгүй. Д.Төмөрчөдөр, Ч.Наранбат, А.Өлзий-Очир, Г.Алтанхуяг, Ч.Гансүх, И.Амаржаргал, П.Очирхуяг, Зундуйдорж, Р.Сүхсүрэн гээд уран бүтээлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, хоногийн урт, ажлын хүндийг уран бүтээлчидтэй  тэнцүүхэн үүрдэг хүмүүс. Тэд тун даруухан, ингэлээ тэглээ гээд өөрсдийгөө “реклам”-даад явахгүй.

Завхан аймгийн Сонгино сум хол юма, хол юм. Зураг авах хоногоо тооцоод, тооцоод бүтэн гурван хоног нь замдаа явчих юм. Г.Алтанхуяг жолооч маань нутгийн зүг ёстой л гишгүүлж байна.

Сүхбалсан бид хоёр “Босго, тотго” киноны дуугаар бүтэн долоо хоног амьсгалав. Ёстой тархи угаана гэдэг энэ бололтой. Жолооч маань энэ киноны зураг авалтын анхны мотор дуугарахаас аваад дуустал нь ажилласан болохоор киноны бүх үйл ажиллагаа, дуу хуур, үйл явдал нь ингэтлээ түүний зүрх тархинд шингэж орхиж. ““Босго, тотго” киноны Ерөнхий жолооч Алтанхуяг“ гэж намайг цаашлуулахад “За ингээд онигоонд хийж эхэллээ шүү” гээд толгойгоо түнжигнүүлэн инээнэ. Ер нь хилийн цэргийн залуу жолооч нар, гадна дотны жолооч нарын дэргэд уран бүтээл, уран бүтээлчдээ ойлгодог, хал үзэж, хашир суусныхаа хувьд манай жолооч Ерөнхий нь л байж таарна. ”Би ч яах вэ, зураглаач Азаа, Авид, Гүндэгээ ах, оёдолчин Хулан, зураач Батмөнх нарын дэргэд би юусан билээ.

Говьд аагим халуунд зураг авч байхад хоёр зураглаачийнхаа амны усыг нь бусдаас нуучихна. Азаа, Авид, Гүндэгээ ах, Хулан, Батмөнх бид хэд амь нэгтэй, жил зургаан сар зовлон жаргалаа хуваалцаж, сайхан андууд болсон. “Та нар онигоонд хийчихнэ“ гээд киноныхоо адал явдлын талаар үг алдах биш. Эх орныхоо тусгаар тогтнол, дархан хилийн тухай түүхэн кинонд нэрээ төдийгүй ахмад зураглаач Машбат ахынхаа дүрд тоглон дүрээ мөнхөлсөн азтай хүн дээ, тэр. Д.Төмөрчөдөр, Р.Сүхсүрэн нарыг “Их багшаа“ гэж хүндэтгэнэ. Телевизийнхээ тэрэг, телевизийнхээ жолоочтой холын замд явахад нэг л итгэлтэй, бас найдвартай.

Тэд бидний хэлэх үг, хийх үйлдэл, хандах зүг чигийг тун сайн мэднэ. Хаана буудаллах, хаана зураг авах, хаана хооллох энэ бүгдийг телевизийн жолооч андахгүй.  Мэргэшинэ гэдэг энэ биз. Ур чадварын тухайд тэдэнтэй юу ярих билээ. Сандарсан үед хальс, чихэвч, гэрэл, кабель ч гаргаад ирдэг жолооч. Төмөрчөдөрийн шавь гээд бодохоор Алтанхуяг ч бас хоосон явдаггүй байж таарна. Олон, олон намрын “Ургацын далай” олон, олон хаврын “Төл таван-Эрдэнэ”, зуд, түймэр, шүлхий гээд онц чухал ажлуудад цас, мөстэй уул, даваа, хангай говийн урт замуудыг халуун хүйтэнд хамтдаа туулжээ.

... Цэцэн хайрхан ууландаа мөргө юү гэж ирлээ, би

Цэгээн нуурын уснаасаа амс юу гэж очлоо, би

Алтанхуяг маань Цэгээн нуурынхаа уснаас магнайдаа дээжлэхдээ том алаг нүдэнд нь нулимс мэлтэрч байна. Хүн бүү хэл, хүлэг морин нутаг өөдөө гүйдэг юм чинь, арга ч үгүй дээ.

Нутгийн буурлууд нь аавынх нь тухай, “Тэрэгчин Гэндэн” гуайн тухай дурсаж, бөхийн байж үнэрлүүлэх тоолонд Алтанхуягийн сэтгэл сэмэрнэ. Ер нь харахад хад асга шиг мөртлөө хачин уяхан, “уйланхай” амьтан юмаа, тэр. Сонгино сумын “Шар нуруу” багийн засаг дарга Баттөр нэгэн малчныд ороод “За, энэ чинь нөгөө бидэнд гурил тараагаад байсан Их хурлын гишүүн Ш.Сайхансамбуу шүү дээ. Энэ жил их хуралдаа ч гарч чадсангүй, бас дээр нь Нарантуул зах нь шатаад жаахан барцадтай л байна“ гэсэн чинь гэрийн эзэн ухасхийн босч халзан цагаан хонь, энэ шимийн юмыг гишүүндээ барья”  гэхэд бид тэсгэлгүй инээлдэж орхив.

Хөдөөгийнхөн Алтанхуягийг Нарантуулын босстой андуурах нь олонтаа. Цэцэн хайрхан ууландаа аян зам, аж амьдралаа даатгасан жолооч маань телевиздээ, хамт олондоо баярласаар буцсан. Машины бүхээг дүүрэн “Босго, Тотго” киноны дуу цуурайтсаар... Д.Төмөрчөдөр, Р.Сүхсүрэн, Д.Хадмаа, Ж.Ганбаатар, С.Зундуйдорж гээд газрын холд халшраа нь үгүй ахмадуудын араас шил даран гарч ирж байгаа “Телевизийн мэргэшсэн жолооч” бол “Онц тээвэрчин” Гэндэнгийн Алтанхуяг яах аргагүй л мөн дөө.

СЭТГҮҮЛЧ П.АЛТАНЦЭЦЭГ
2016.01.08

Нийтэлсэн: MҮОНТ 50 жил

Эгэл оршихуй  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй