Шууд Chart

Д.Батбаяр: Нийтийн шилдэг нэг дуучинд гран при шагнал гардуулна

2017-09-01 14:15:12

МҮОНР-гоос энэ сарын 4 буюу ирэх даваа гарагаас нийтийн шилдэг дуу шалгаруулах “Монголын радио чарт”-ыг эхлүүлэхээр болжээ. Мөн 1934 оны энэ өдөр Монголын радио өргөн нэвтрүүлгээ цацаж эхэлснийг тохиолдуулан уншигч та бүхэнтэй МҮОНР-ийн найруулагч, нэвтрүүлгийн албаны продюсер Д.Батбаяртай уулзуулж байна.

-Нийтийн шилдэг дуу шалгаруулах “Монголын радио чарт”-ыг олон нийтэд түгээхэд хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хангагдав уу?

-Юуны өмнө сонсогчиддоо радиогийн баярын мэнд хүргэе. Бид “Монголын радио чарт”-ыг эхлүүлэхэд бэлэн болсон. Манай улсад жил ирэх тусам олон нийтийн дуу төрж байна. Бид тэднээс дээрх чартаараа дамжуулан “Яг аль дуу нь шилдэг бүтээл вэ” гэдгийг үзэгч, сонсогчдынхоо саналаар шалгаруулах юм. Мөн радиогийн “Алтан сан”-г орчин үеийн дуугаар нэмэгдүүлэх зорилготой байгаа. Манай радиогийн санд хуучны дуу маш их бий. Харин 2012 оноос хойш хийгдсэн дуу цөөхөн болж.

-Энэ юутай холбоотой вэ?

-Ихэнхи дуучин зөвхөн цомог гаргахаараа л дуугаа авч ирдэг. Түүнээс биш ганц нэг дуу барьж ирдэггүй. Фм-ээр явуулахаас гадна клипжүүлвэл youtube болон зарим телевизээр үзэгч, сонсогчдод хүргэдэг. Тэгэхээр манай энэ арга хэмжээ “Алтан сан”-гаа аривжуулахаас гадна шилдэг бүтээл нь энэ юм гэдгийг сонсогчидтойгоо хамт тодруулахад нүдээ олсон арга хэмжээ болно.  

-Шалгаруулалт хэрхэн явагдах вэ?

-Ажлын өдөр бүрийн 11:15 цагаас утсаар болон мессеж саналаар явагдана. Мөн mnb.mn сайтад санал хураах хуудаст нэгдэж, саналаа өгөх боломжтой.  

-Өдөрт хэдэн дуу өрсөлдөх вэ?

-15 дуу. Тэдгээрээс эхний долоо хоногт хамгийн их оноо авсан 10 дууг шалгаруулж, дараагийн долоо хоногт өрсөлдөх таван дуутай хамтатган өрсөлдүүлнэ. Үүнд нэг дуучин хэдэн ч дуугаа ирүүлж болно. Хамгийн гол нь wav-аар сидинд хуулж ирэх шаардлагатай. Зарим дуучин youtube-ээс татаж авхуулна гэж бодож байж магадгүй. Тэндээс татах юм бол элдэв янзын шуум орохоос эхлээд чанар муутай хуулагддаг. Нэмж хэлэхэд зөвхөн 2017 онд хийгдсэн дуу байх ёстой.

-Энэ онд хийгдсэн гэдгийг хэрхэн мэдэх вэ?

-Манайх Нийтийн дууны нэгдсэн холбоотой хамтран ажиллана. Тэдэнд бид тухайн долоо хоногт өрсөлдөх дууг танилцуулж хянуулна.   

-Чөлөөт уран бүтээлчид ч дуугаа ирүүлж болох уу?

-Бид хэнд ч нээлттэйгээр явуулна. Гэхдээ хамгийн гол нь чанартай бүтээл байх ёстой. Үг, ая, хөгжмийн найруулгыг нь ч давхар харгалзана.

-Тэгэхээр мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагч, хөгжмийн найруулагч шүүх хэрэг гарах нь ээ ...

-Манай радиод олон сайхан яруу найрагч бий. Тодруулбал Монгол Улсын төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир нарын зэрэг эрхэм шүлэг талаас нь хянах бол хөгжмийг “Цагаан лавай” студийн найруулагч Д.Батсайхан хянана.

-Дуунуудыг ингэж шалгаруулсны эцэст байр эзлүүлэх үү?

-Дуучид маань зуны улиралд клипжүүлэлт, амралтын байдалтай явж байгаад есдүгээр сараас л шинэ бүтээлээ нийтэд түгээж эхэлдэг. Тэгэхээр бид ес, арав, арваннэг, арванхоёрдугаар сард энэ үйл ажиллагаагаа явуулж байгаад долоо хоног тус бүр шилдгээр шалгарсан дууг нэгтгэж тоглолт зохион байгуулна. Дараагийн чарт нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр сард явагдаж дээрх маягаар шалгарсныг тавдугаар сард тоглохоор төлөвлөж байна. Түүнчлэн шилдгийн шилдгээр шалгарсан дуучинд гран при шагнал гардуулна. Гэхдээ долоо хоног тутамд түрүүлсэндээ бус эхний тав дотор жигд өрсөлдсөн дууны санал өндөр байвал түрүүлэх магадлалтай.   

-Өмнө нь манайд нийтийн дууг энэ байдлаар шалгаруулж байсан уу?

-“P3” радиогоос хэсэг хугацаанд шалгаруулдаг байсан. Гэвч энэ радио залууст зориулагдсан болохоор нийтийн дуу явах нь ховор. Яагаад гэхээр залуучууд ихэвчлэн рок поп дуу сонсдог. Тиймээс тухайн үед хэсэг явуулж байгаад больсон юм. Харин одоо жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бусад улсад ч ийм шалгаруулалт байдаг.        

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Батбаяр: Нийтийн шилдэг нэг дуучинд гран при шагнал гардуулна   
Үзсэн: 573 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй