Шууд Chart

Бид мөлхөөд ч хамаагүй ногоогоо тарьж, ургуулах минь аз жаргал

2017-09-11 17:00:46

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй арга хэмжээний нэг бол бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах юм.

Ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж, орлогоор дэмжих, хүнсний ногоо тариалах аргазүйд сургаж, чадавхижуулах зорилготой тус арга хэмжээнд энэ онд төвийн зургаан дүүргийн 566 иргэнийг хамруулжээ.

28 бүлэг хуваагдсан эдгээр иргэн Нийслэлээс өгсөн газар буюу “UB AGRO PARK”-д тус бүр нэг га талбайд төмс, 26 хүлэмжинд нарийн ногоо тус тус тариалсан байна. Өнөөдрийн байдлаар тэд хүлэмжээсээ 60 гаруй сая төгрөгийн нарийн ногоо хураан авсан бөгөөд энэ сард 250 тонн төмс хурааж авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас эдгээр иргэдэд ногоо арчлах, ургуулах, үйлдвэрлэж боловсруулах зэрэг онол практик хосолсон сургалт явуулдаг.

Иймд бид Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас дараах сурвалжлагыг бэлтгэсэн юм.

 

Г.Ууганмаа: Сайхан ургац авч, боловсруулж сурсандаа сэтгэгдэл өндөр байна

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн “Арвин-Буян” бүлгийн ахлагч.

Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд эхний жилээ хамрагдаад, маш их зүйл сурсандаа баяртай байна. Хийж байгаа зүйлдээ дурлаж, баг хамт олонтой болоод ирэхээр энэ хөтөлбөр цаашид хугацаагаа уртасгаад үргэлжлээсэй гэж бодох болсон. Манай бүлэг 19 хүнтэй. Хүлэмжиндээ тарьсан нарийн ногоонуудаа хурааж авсан. Өргөст хэмх, улаан лооль, чинжүүгээ даршилж хадгалах аргыг агрономичоосоо сурч, хийж сурсан. Өргөст хэмх гэхэд л 800 ширхэг авлаа. Төмсөө харин одоохондоо хурааж аваагүй байна. Өнөөдрийн сургалтаар харин алаг салат, алим жимсний чанамал хийхийг сурлаа. Сайхан ургац авсан. Түүнийгээ боловсруулж сурсандаа сэтгэгдэл өндөр байна.

Н.Энхбаяр: Хоёр жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэн газрын баялагаа ашиглажээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сургалт мэдээллийн төвийн тэргүүн.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлэг хоёр байдаг бөгөөд цаашдаа эрүүл хүнээс дутахааргүй амьдраад явж чадахаар болсондоо баяртай байна. Хөтөлбөр маань хоёр жил болоод шинэчлэгддэг учраас бид үргэлжилээсэй эсвэл талбайг нь хашаагаа ашиглуулах айл иргэн байвал ногоогоо ургуулаад явах юмсан.

Миний хувьд хоёр дахь жилдээ тус арга хэмжээнд хамрагдаад явж байна. 80 хувийн харааны бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олдох нь ховор. Нийгмийн зарим хандлагаас болж ганцаардах, өөрийгөө бусдаас өөрөөр мэдрэх тохиолдол их байдаг. Харин хөдөлмөр эрхлэснээрээ өвчнөө мартаж, хамт олонтой хөгжүүн болж ирдэг. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр эхний жил өөрөөсөө гадна 19 ХБИ-тэй нэг бүлэг үүсгэн хүнсний ногоо тариалалт хамтдаа хийж сурсан. Энэ жил мөн л дахин өөр 20 хүнтэй бүлэг байгуулсан. сурсан. Хоёр жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 40 иргэн газрын баялаг ашиглан хүнсний ногоогоо тариалах, үйлдвэрлэх, боловсруулах арга зүйд суралцсан байна аа гэсэн үг. Энэ арга хэмжээ маш их өгөөжтэй байгаа юм. ХБИ гэлтгүй ер нь ихэнхи хүн ногоо тариалах, даршлах, өрхийн хэрэгцээндээ хэрэглэж, ашиг олж амьжиргаагаа дээшлүүлэх гэдэг мэдлэг байсангүй. Үүнийг агрономич эсүүл тусгай мэргэжилтэн л хийдэг гэсэн ойлголттой байсан. Энэ ойлголтыг эрс өөрчилсөн. Тэд цаашдаа хашаандаа ч гэсэн өөрийн гараараа ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ хангаж, орлого болгох нь сайхан байдгийг мэдэрлээ шүү дээ. Ер нь үндэслээд ургадаг ургамал гэдэг харж баясах, сэтгэл санаа өөдрөг болоход тустай байдаг юм байна. Ургаж, томорч байгааг нь хараад урам зориг авдаг. Мөлхөөд ч гэсэн газар дээрээ ногоогоо тариалж, услаж ургуулаад, хураан авч чадна. Энэ нь дасгал хөлөгөөн болохоос гадна эрүүл мэндэд нь сайн үр дүн гарч байгаа нь ажигладаж байгаа. Манай бүлгийнхэн ургац ч сайн хурааж авсан. Түрүүчээсээ кг нь 2500 төгрөгөөр ногоогоо борлуулж, 60-70 хувь нь өрхийнхөө хэрэгцээг хангасан. Үүнийгээ даршилж хадгалаад, баяр ёслолын үеэр мөнгө зарлагдаж  худалдаж авахгүй боллоо л гэсэн баяртай сууна даа.

П.Тунгалаг: Энэ сургалтаар манай бүлгийнхэн ногоогоороо алаг салат хийж даршилахыг сурсан

Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэн, “Ундраа” бүлгийн ахлагч.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулдаг хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хоёр дахь жилдээ хамрагдаад ажиллаж байна. Би жар гарсан тэтгэврийн хүн. Энэ бол дүүрэг, хороодод ажилгүй, орлогогүй, гэртээ юу хийхээ мэдэхгүй байгаа хөдөлмөрийн насны иргэдэд зориулсан үр өгөөжтэй ажил гэж талархдаг. Газар тариалангийн ойлголт мэдлэг олгож, тариалахаас эхлүүлээд хураах хүртэл бүхий л зүйл дээр дэмжлэг үзүүлдэг. Бүлгийнхан маань ургацаа хураан аваад нэг жилийнхээ өрхийн хэрэгцээгээ бүрэн хангачихаж байна. Зарим нь худалдан борлуулаад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүддээ зориулж байна. Энэ сургалтаар манай бүлгийнхэн ногоогоороо алаг салат хийж даршилахыг сураад шимтэн сууж байна. Дэлгүүрээс аваад иддэг байсан уу гэхээс өөрөө гардан хийж байгаагүй. Номноос ч уншаад мэргэжлийн үг хэллэг сайн ойлгохгүй. Харин энд онолоо заагаад, түүнийгээ хийж үзүүлж байна. Энэ маш үр дүнтэй сайхан санагдаж байна. Жил бүр бид хүлээдэг болчихлоо. Цаашид ч үргэлжлээд байгаасай гэж бодох юм. Энэ бол маш зөв бодлого гэж хардаг.

 

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

Бид мөлхөөд ч хамаагүй ногоогоо тарьж, ургуулах минь аз жаргал  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй