Шууд Chart

Ирма хар салхи Флорида мужийг дайран өнгөрч байна

2017-09-11 17:09:54

Атлантын далайд үүссэн Ирма хар салхи АНУ-ын өмнөд Флорида мужийг дайран өнгөрч байна. Өчигдөр үдээс хойших байдлаар Ирма хар салхины эрч Флорида мужид хүрээд харьцангуй суларсан ч аюул учруулах эрсдэл буураагүй, аюулын зэргээрээ гуравдугаар зэрэглэлд шилжсэн гэж АНУ-ын цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Ирма хар салхины уршгаар Флоридад 3 хүн, Карибын тэнгисийн арлуудад ойролцоогоор 24 хүн амь насаа алдсан байна. АНУ-ын Флорида мужид одоогоор 2,4 сая айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Орон нутгийн засаг захиргаа мужийн нийт хүн амын гуравны нэг буюу 6,3 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамж гаргаад байна. Нүүлгэн шилжүүлсэн иргэд одоогоор зэргэлдээх мужуудад байгуулсан түр хоргодох байруудад байрлаж байгаа аж.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн гамшигтай тэмцэх тунхаг болон Флорида мужид холбооны засгийн газраас олгох тусламжийн хэмжээг баталсан байна. Ойр ойрхон, ар араасаа шуурч байгаа хар салхины эдийн засагт учруулж байгаа хор хохирол өндөр гарч байгаа. Өнгөрсөн сард АНУ-ын Техас болон Луизиана мужийг дайрсан Харви хар салхины эдийн засгийн хохирол 100 гаруй тэрбум америк долларт хүрсэн. Харин одоо Ирма хар салхи Флорида мужийг сүйтгэж байна.

Зарим судалгааны байгууллагууд Ирма хар салхины эдийн засгийн хохирлыг одоо бүрэн гаргах боломжгүй, гэхдээ урьдчилсан байдлаар Америкийн эдийн засагт мөн л 100 орчим тэрбум америк долларын хохирол учруулах болов уу гэж таамаглаж байна. Ирма хар салхины Карибын тэнгисийн арлуудад учруулсан хохирол 65тэрбум америк долларт хүрэх төлөвтэй байгаа. Түүнчлэн байгалийн гамшигт маш олон барилга байгууламж, аж ахуй нэгжүүд сүйдэж, сэргээн босоход олон жилийн хөдөлмөр шаардлагатай болсон учир Харви болон Ирма хар салхины уршгаар олон сая хүн ажлын байргүй болж, АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр хямрал үүсэх эрсдэлтэй байгааг ч эдийн засагчид нь сануулж байна.











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирма хар салхи Флорида мужийг дайран өнгөрч байна   
Үзсэн: 283 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй