Шууд Chart

Гүржийн экс ерөнхийлөгч Украинд “хууль бусаар” нэвтэрчээ

2017-09-11 17:30:16

Гүржийн ерөнхийлөгч асан, нэгэн цагт Украины мужийн захирагч байсан Михаил Саакашвили өөрийн олон зуун дэмжигчдийн тусламжтайгаар Украины Львов хотод нэвтэрсэн байна. Саакашвили өөрийг нь иргэншлээсээ хассан Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн шийдвэрийг эсэргүүцэж, иргэншлээ сэргээлгэх зорилгоор Украинд нэвтэрсэн гэдэг тайлбар хийжээ.

Саакашвилиг Польшоос галт тэргээр Украины хилд очиход нь түүнийг Украины хилийн албаныхан нэвтрүүлээгүй учир түүнийг дэмжигчид болон хил хамгаалалтынхны хооронд мөргөлдөөн үүсжээ. Украины албаныхан ч Саакашвилиг хилээр нь хууль бусаар нэвтэрсэн, түүнийг хүчээр хил нэвтрэх үеэр хил хамгаалалтын 16 алба хаагч гэмтэж бэртсэн гэж мэдээлж байна. Михаил Саакашвили Гүржийн иргэн боловч Украинаас иргэншил авч, тэнд Одесс мужийн захирагч хүртэл хийж байсан бөгөөд одоогоор төрийн өндөр албан тушаал хашаагүй.

Түүнтэй ойр холбоотон гэгдэж байсан Украины ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн 7 дугаар сард Саакашвилиг улсаас нь гарсны дараа Украины иргэншлээс хассан юм. Одоогоор Гүржид Саакашвилиг гэмт хэргийн шалтгаанаар эрэн сурвалжилж байгаа гэх бөгөөд тэрээр үүнийг улс төрийн зорилготой хэрэг гэж үзэж байна.

2015 онд Петр Порошенко Саакашвилиг Одесс мужийн захирагчаар томилсон боловч Саакашвили Украины ерөнхийлөгчийг авилга хээл хахуулийн хэргийг зогсоох ажилд нь саад хийлээ гэж буруутгасны дараа Порошенко түүнийг мужийн захирагчийн албан тушаалаас чөлөөлжээ. Тэрээр Украинаас иргэншил авахдаа Гүржийн иргэншлээс татгалзсан учир одоогоор хүчингүй пасспорттой Украинд очсон юм байна. Түүнийг Украинд баривчилж, Гүрж рүү хэргийг нь шүүх үндэслэлээр шилжүүлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гүржийн экс ерөнхийлөгч Украинд “хууль бусаар” нэвтэрчээ  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй