Шууд Chart

Испани хагас шигшээд шалгарлаа

2017-09-13 16:50:30

2017 оны сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн (ЕАШТ) Финлянд, Израйль, Румын, Турк гэсэн 4 улсад зохион байгуулагдаж байгаа билээ. 40 дэх удаагийн ЕАШТ-ий шөвгийн 8-н шатанд шалгарсан шилдэг багуудын хооронд явагдах хасагдах шатны тоглолтууд урд шөнө эхэллээ. Энэ удаад 2 тоглолт болж, Испанийн болон ХБНГУ-ын шигшээ багууд хоорондоо учраа таарчээ.

Испанийн баг энэ жилийн ЕАШТ-д  “С” хэсгийг 5 хожилтой тэргүүлэн гарч, шөвгийн 16-д тэмцээнийг зохион байгуулагч орнуудын нэг Туркийн шигшээ багийг хожин шөвгийн 8-д шалгараад байсан. 2009, 2011, 2015 онуудад ЕАШТ-д түрүүлж байсан, 2006 оны дэлхийн аварга Испанийн шигшээ багаас энэ тоглолтод Марк Газоль 28 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч бүх тоглогчийг тэргүүлсэн бол Европын аваргын тэмцээний бүх цаг үеийн онооны лидер болоод байгаа Пау Газоль 19 оноо авчээ. Мөн сэлгээнээс гаран тоглосон багийн шилдэг холбон тоглогч Сержио Ридригес 11 оноо авч, 7 оновчтой дамжуулалт багийн хамтрагчиддаа өгчээ. Ийнхүү Испанийн баг үндсэн цагт 84:72-ын харьцаатай хожлыг авч, 2017 оны Европын аваргын тэмцээний шилдэг 4 багийн нэгээр тодорлоо.

ХБНГУ-ын шигшээ багийн хувьд тэмцээний “В” хэсгээс 3 хожсон амжилтаар 3-р байраар хасагдах шатанд шалгарч, шөвгийн 16-д 2013 оны Европын аварга хүчирхэг Францын шигшээ багийг буулган аваад байсан юм. Өнөөдрийн тоглолтод энэ жилийн Европын аваргад гялалзаж байгаа шилдэг тамирчдын нэг, NBA-н “Атланта Хокс” багийн тамирчин, 23 настай Герман залуу Деннис Шрүдер онцгой байж, 27 оноо авахын зэрэгцээ 8 оновчтой дамжуулалт өгсөн байна. Германы багийн сэлгээнээс Даниэль Тайс 15 оноо авсан бол бусад 9 тоглогч нь нийтээ 30 оноо авсан нь энэ өдөр баг нь ялагдал хүлээсэн гол шалтгаан боллоо. Ийнхүү Германы шигшээ баг буурал тивийн АШТ-ийг шөвгийн 8-н шатнаас өндөрлүүлж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Испани хагас шигшээд шалгарлаа  
Үзсэн: 613 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй