Шууд Chart

Словеничууд Европын аваргын төлөө өрсөлдөнө

2017-09-15 16:06:18

ОУСБХ-ноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг сагсан бөмбөгийн ЕАШТ энэ онд Финлянд, Израйль, Румын, Турк улсуудад зохион байгуулагдаж байна. 40 дэх удаагийн ЕАШТ-д энэ тивийн 55 орноос шалгарсан шилдэг 24 баг 6, 6-аараа 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж, улмаар энэ өдрүүдэд шилдэг 4 багийн хооронд хагас шигшээ шатны тоглолтууд үргэлжилж байна. 2017 оны Европын аваргын тэмцээний хагас шигшээ шатанд учраа таарсан Испани болон Словенийн шигшээ багууд энэ өдөр учраа тааран тоглолоо.

Испанийн шигшээ багийн хувьд тэмцээний “С” хэсэгт багтан өрсөлдөж, 5 дараалан хожсон 100%-ийн амжилтаар хэгийнхээ тэргүүн байраар хасагдах шатанд шалгарч, улмаар шөвгийн 16-д Туркийн шигшээ багийг, шөвгийн 8-н шатанд ХБНГУ-ын шигшээ багуудыг буулган аваад байсан. Харин Словеничууд тэмцээний “А” хэсэгт мөн адил 5 дараалан хожиж, 100%-ийн амжилтаар хэгийнхээ тэргүүн байраар хасагдах шатанд шалгарч, шөвгийн 16-д Украйн, шөвгийн 8-н шатанд Латвийн шигшээ багуудыг хожиж, энэ тэмцээний шилдэг 4 багийн нэгээр тодроод байсан юм. Өөрөөр хэлбэл энэ 2 багийн аль аль нь энэ жилийн ЕАШТ-д хожигдол амсалгүй, адил 7 дараалан хожоод байсан билээ.

2009, 2011, 2015 оны Европын аварга, 2006 оны дэлхийн аварга, олимпийн наадмын 3 мөнгөн медальт хүчирхэг Испанийн шигшээ багаас энэ тоглолтод ЕАШТ-ийн бүх цаг үеийн онооны лидер болоод байгаа Пау Газоль 16 оноо, Марк Газоль 12 оноо, 10 самбар, Рики Рубио 13 оноо авчээ.

Тэгвэл тэдний өрсөлдөгч Словенийн шигшээ багаас багийн лидер Горан Драгич, багийн шилдэг төвийн тоглогч Энтони Рэндолф нар тус бүр 15 оноо, Лука Донкич, Гашпер Видмар, Клемен Препелич нар мөн 10-с дээш оноо авч довтолгоонд багаараа жигд сайн байж, гарааны 5 тоглогчийн 4 нь 10-с дээш оноотой энэ тоглолтыг дуусгалаа. Ийнхүү Словеничууд тоглолтын эхнээс оноооны тэргүүллээ алдалгүй явсаар үндсэн цагт 92:72-ын харьцаатай 20 онооны зөрүүтэй өрсөлдөгчөө хожсон байна. Тэд багаараа 14 удаа холын зайн шидэлтээ амжилттай болгожээ.

2 жил тутамд нэг удаа зохиогддог Еврпын аваргын тэмцээнд Словенийн шигшээ баг 1993 оноос хойш 12 удаа оролцохдоо 2013 онд 5-р байрт шалгарч байсан нь энэ багийн Европын аваргын тэмцээнд үзүүлсэн хамгийн сайн амжилт болж байсан юм. Тэгвэл энэ онд Словеничууд аваргын төлөө шалгаран өрсөлдөхөөр болж, мөнгөн медалийн болзол хангаснаар буурал тивийн АШТ-ээс анхны медалиа энэ онд хүртэх нь тодорхой боллоо. Түүнчлэн энэ оны Европын аваргад тэргүүлсэн шилдэг багуудад дараагийн ДАШТ-д оролцох эрхийг олгох юм.

Өнөө шөнө энэ тэмцээний хагас шигшээ шатанд учраа таарсан 2007 оны Европын аварга ОХУ болон өнгөрсөн оны Риогийн олимпийн мөнгөн медальт Сербийн шигшээ багуудын тоглолт болно. Энэ тоглолтод хожсон баг нь Словенийн багтай Европын аваргын алтан медалийн тоглох юм. Харин хожигдсон баг нь Испанийн шигшээ багтай хүрэл медалийн төлөөх тоглолтыг хийнэ. Өнгөрсөн 8-р сарын 31-ний өдөр эхэлсэн ЕАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд энэ сарын 17-нд болсоноор 2017 оны Европын аваргын тэмцээн хөшгөө хаах юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Словеничууд Европын аваргын төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй