Шууд Chart

Нино Салуквазе гэж хэн бэ?

2017-09-17 20:54:22

Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт, 1986-1991 оны хооронд 6 жилийн хугацаанд ДАШТ-ээс 6 алтан медаль хүртсэн, ДАШТ-ий 2 мөнгө, 1 хүрэл медальт, Европ тивийн 3 удаагийн аварга, Гүрж улсын нэрт тамирчин, буудлага спортын дэлхийн тод од Нино Салуквазе. Тэрээр 1969 оны 2-р сарын 1-ний өдөр төржээ. 

Үндсэн төрөл: Спорт гар бууны 25 метрийн зай, хийн гар бууны 10 метрийн зай

Тамирчин бүрийн хүсэл мөрөөдөл болсон, оролцохыг хүсдэг хамгийн томооохон тэмцээн бол мэдээж хүн төрөлхтөний аугаа их соёлын өв болсон олимпийн наадам байдаг билээ. Энэхүү нэр хүндтэй тэмцээн, олимпийн наадамд 8 удаа оролсон алдартан бол яах аргагүй Нино Салуквазе билээ. 

Нино Салуквазе 1988 оны Сеүлийн олимпоос эхлээд өнгөрөгч оны Риогийн олимп хүртэл 28 жилийн хугацаанд 8 олимпд оролцож байжээ. Тэрээр хамгийн анх 1988 оны Сеүлийн олимпд ЗХУ-ын нэрийн өмнөөс 19 насандаа гар бууны 25 метрийн зайн төрөлд алтан медаль, хийн гар бууны 10 метрийн зайд мөнгөн медаль хүртэж байсан юм. Дараагийн олимпийн наадмаас өмнө 15 республикээс бүрдсэн ЗХУ задран унаад байсан учраас Нино 1992 онд ямар нэгэн улсад харьяалалгүйгээр ОУОХ-ны 5 цагаригийн дор бүртгэлтэйгээр Барселоны олимпд оролцож, 1996 оноос хойш өнгөрсөн зуны Риогийн олимп хүртэл 6 олимпд өөрийн эх орон Гүрж улсын нэрийн өмнөөс хүн төрөлхтөний их баяр цэнгэл олимпийн наадамд оролцжээ. Ингэхдээ 2008 оны Бээжингийн олимпд 10 метрийн хийн гар бууны төрөлд 39 насандаа хүрэл медаль хүртэж байсан агуу тамирчин юм. Өөрөөр хэлбэл 1988 оны олимп алт, мөнгөн медаль хүртсэнээсээ 20 жилийн дараа олимпийн наадмаас аваагүй байсан хүрэл медалиа хүртэж, олимпийн наадмын алт, мөнгөн хүрэл, медальт тамирчин болж байсан билээ.

Нино Салуквазе мөн Гүрж улсын үндсэний олимпийн хорооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг. Түүний аав дасгалжуулагч, бас хүү нь буудлагын тамирчин, гэр бүлээрээ үе дамжсан мэргэн буучид юм. Нино Салуквазе өнгөрсөн жилийн "Рио-2016" зуны олимпийн наадамд хүүтэйгээ хамт оролцсон. Риогийн олимпд түүний хүү Цотне Мачавариани буудлага спортын төрөлд өрсөлдсөн нь ээж хүү хоёр хамтдаа их олимпод ирсэн анхны тохиолдол болж байсан юм. 18 настай залуу тамирчин Цотне Мачавариани 2016 оны Европын аваргад 6-р байр эзэлсэн. Цотне Риогийн олимпд ээжтэйгээ хамт 50 метрийн гар буу, 10 метрийн хийн гар бууны дасгалд цэц сорьсон юм. Нино Салуквазе энэ тухайгаа “Намайг тамирчин байх үед Гүрж их хүнд цаг үеийг туулсан. Тог цахилгаангүй, ер нь хэцүү байсан. Одоо бол тамирчид спортоор хичээллэж, амжилт гаргах бүх боломж бололцоо дүүрэн байна. Хүү маань Риогийн олимпийн эрх авахдаа дөнгөж 18-хан настай байсан. Эрх олгох тэмцээний сүүлийн мөчид хүү маань яг л 10 оноо авах шаардлагатай болсон. Чадвал олимпийн эрх, чадахгүй бол оноо дутаж, эрхгүй үлдэх байв. Аав маань хүүд сайн зөвлөж, дасгалжуулсан учир тэр хоёр чадсан. Анх би ээж, хүү хоёр олимпд оролцсон тохиолдол биднээс өмнө байгаагүй гэдгийг огт мэдээгүй. Түүний ч төлөө яваагүй. Гүрж улсдаа олимпийн нэг ч болов эрх авчрахын төлөө хичээсэн. Гэтэл Рио де Жанейрод "CNN" гэхчлэн олон телевиз, мэдээллийн сувгийн сэтгүүлчид бид хоёроос ирж, ярилцлага авсан. Риод очоод л энэ тухай мэдэж байлаа. Олимпод би хүүгийнхээ төлөө л илүү санаа зовж байсан. Хүүг маань буудахад Гүржийн ерөнхийлөгч ирж, тэмцээн үзсэн. Гэхдээ би энэ тухай өөрт нь хэлээгүй. Би өөрөө ч хүүгийнхээ буудахыг үзэж чадаагүй. Бараг цагийн дараа бид хоёр ерөнхийлөгчтэйгөө уулзаж, танилцсан” гэж ярив.

Нино Салуквазе мөн Риогийн олимпийн наадамд өөрйин эх орныхоо тугийг мандуулан, нээлтийн ажиллагаанд оролцож байсан Гүрж улсын бахархалт тамирчин юм. Тэрээр энэ талаараа "Би “Лондон-2012” олимпийн наадмын тугч. Лондоны олимпийн эрх авсан анхны тамирчин байсан болохоор хүмүүс надад энэ үүргийг хүлээлгэх хүсэлтэй болсон байх. Олимпийн нээлт 5 цаг орчим үргэлжилдэг. Маргааш нь би тэмцээнтэй гээд хэцүү байх гэж бодож байсан ч эсрэгээрээ би огт ядраагүй. Би 15 минутад л туг барьсан. Надад энэ нь нэр төрийн хэрэг байсан." хэмээсэн юм. 

Мөн тэрээр дараагийн 2020 оны Токиогийн олимп оролцох эсэх талаар нь асуухад "Олимпийн маргааш өдрөөс л үргэлж би өөрөөсөө болон хүмүүс надаас энэ асуултыг асуудаг. Би найман олимпод оролцжээ. Токиогийн олимп болтол их хугацаа байна. Залуу, шилдэг тамирчид олноор гарч ирж байгаа. Тэднийгээ дэмжих хэрэгтэй. Гэхдээ би оролцохгүй гэж бас хэлмээргүй байна. Юу болохыг харж л байя" гэж хариулжээ.

Дашрамд дуулгахад олимпийн наадамд Канадын нэрт тамирчин Иан Миллар 10 удаа оролцож байсан нь олимпийн наадамд нэг тамирчин хамгийн олон удаа оролцож байсан дээд амжилт болон бүртгэгдсэн байдаг. Иан Миллар 1972 оны олимпоос эхлээд 2012 оны Лондоны олимп хүртэл 40 жилийн хугацаанд 10 удаагийн олимпод морин спортын төрлөөр тасралтгүй оролцсон. Буудлага спорт ч мөн адил наснаас харьцангуй бага хамааралтай учраас буудлагын тамирчид ихэнх спортын төрлийн тамирчдыг бодвол илүү олон жилийн хугацаанд эх спортоороо хичээллэж, амжилтаа форумаа хадгалаад явах боломжтой байдаг, урт настай спорт.

Үүнийг ч харуулсан, баталгаа нь болсон нэгэн тамирчны түүхээс та бүхэндээ товч танилцуулбал буудлага спортын нэрт тамирчин Афанасияс Кузминс. Нэрт тамирчин Кузминс 1976 оны Монреаль, 1980 оны Москвагийн олимп, 1988 оны Сеүлийн олимпийн наадмуудад ЗХУ-ын нэрийн өмнөөс 3 удаа оролцож, 1992 оноос 2012 оныг хүртэлх нийт 6 олимпд төрөлх Латви улсынхаа нэрийн өмнөөс 6 олимпд оролцсон байдаг. Мөн Нино Салуквазегийн адил зуны олимпд 8 удаа оролцсон буудлага спортын 2 тамирчин байдаг. Тэдгээрийг дурьдвал хуучны Югаслав улсын нэр дээр 2 олимп, Словени улсын нэрийн өмнөөс 6 олимпд орсон Рэймонд Дебевич, Перу улсын тамирчин Франциско Боза (хамгийн анх 16 насандаа 1980 оны Москвагийн олимпд оролцож байсан бол хамгийн сүүлд 50 насандаа Риогийн олимпд оролцсон тамирчин) нар юм.

 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Нино Салуквазе гэж хэн бэ?  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй