Шууд Chart

Словени анх удаа Европын аварга боллоо

2017-09-18 15:02:36

2017 оны Европ тивийн аварга багийг тодруулах шийдвэрлэх тоглолт Турк улсын Стамбул хотын “Синан Эрдем Доум” аренад боллоо. Энэ жилийн европын аваргын төлөө Словени, Сербийн шигшээ багууд өрсөлдсөн юм. Словенийн шигшээ багийн хувьд тэмцээний “А” хэсгийг 5 дараалан хожсон амжилтаараа тэргүүлэн гарч, шөвгийн 16-д Украйн, шөвгийн 8-д Латвийн шигшээ багуудыг хожиж, улмаар хагас шигшээ шатандаа томоохон шуугианыг тарьж, Испанийн шигшээ багийг хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

Словенийн шигшээ багаас шигшээ тоглолтод багийн лидер Горан Драгич 35 оноо, сэлгээнээс гаран тоглосон Клемен Препелич 21 оноо, багийн шилдэг төвийн тоглогч Энтони Рэндолф 11 оноо авч довтолгоонд багаараа жигд сайн байснаар үндсэн цагт 93:85-ын харьцаатай хожиж, нэг ч хожигдолгүй, ганцаараа 9 дараалан хожсон амжилтаар энэ оны Европын аваргаар тодорлоо.

Словенийн шигшээ баг 1993 оноос хойш 12 удаа оролцохдоо 2013 онд 5-р байрт шалгарч байсан нь энэ багийн Европын аваргын тэмцээнд үзүүлсэн хамгийн сайн амжилт болж байсан юм. Тэгвэл Словеничууд Европын аваргаас анхны медалиа хүртэж, энэ нь аваргын алтан медаль байлаа. Энэ жил ЕАШТ-д Словенийн шигшээ баг энэ амжилтыг үзүүлэхэд АНУ-аас Словени улсын иргэн болсон Энтони Рэндолфийн тоглолт голлох нөлөөг үзүүлсэн. Мөн 40 дэх удаагийн Европын аваргын тэмцээний хамгийн үнэ цэнэтэй шилдэг тоглогчийн шагналыг NBA-н “Майами Хит” баг болон Словенийн шигшээ багийн шилдэг холбон тоглогч, 31 настай Горан Драгич хүртсэн байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Словени анх удаа Европын аварга боллоо  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй