Шууд Chart

Саудын вангийн ОХУ-д хийж буй айлчлал түүхэн ач холбогдолтой

2017-10-06 10:14:29

Саудын Арабын ван Салман бин Абдулазиз аль Саейдын Москвад хийж байгаа түүхэн айлчлалын хүрээнд Ойрхи Дорнодын хямрал, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, техник технологийн гээд олон салбарт гол анхаарлаа хандуулж байна. Саудын Арабын ван Салман өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж, хоёр орны худалдаа, эдийн засаг гээд олон салбарт хамтын ажиллагааг тэлэх хамтын төслүүдийг хэлэлцсэнээс гадна бүс нутаг олон улсын асуудлыг хэлэлцэж байна.

Саудын вангийн энэхүү айлчлалаар хоёр тал батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх асуудлыг ерөнхийд нь шийднэ гэж хоёр тал харж байна. Ер нь вангийн энэ айлчлалыг хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтой түүхэн айлчлал гэж хоёр тал тодорхойлж байна.

Одоогоор Москва, Эр Рияд хоёр олон улсын зах зээл дээр газрын тосны нийлүүлэлтийг бууруулах тухай ОПЕК-той байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хангах тал дээр хамтарч ажиллахаар өнгөрсөн оны есдүгээр сард гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийн 25 хувийг хамтдаа бүрдүүлдэг ОХУ, Саудын Араб хоёр газрын тосны зах зээлийг тогтворжуулахад хамтран ажиллаж байна. Уг гэрээ ОХУ, Саудын Арабын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг олгосон юм. Саудын Арабаас ОХУ-д хийсэн хөрөнгө оруулалт вангийн энэ удаагийн айлчлалын үеэр байгуулагдах шинэ гэрээ хэлэлцээрийн дараа 1 тэрбум америк доллараас давна гэж Оросын хөрөнгө оруулалтын газраас мэдээлсэн байна.

Гэхдээ хоёр орны худалдааны эргэлт бага түвшинд хэвээрээ байна. ОХУ-ын эдийн засаг хөгжлийн яамны мэдээгээр хоёр талын худалдаа эргэлт 430 сая америк долларын дүнтэй гарч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2017 оны эхний хагаст 30 хувиар өссөн байна. Үүнээс гадна ОПЕК болон ОХУ нь 2014 оноос хойш бараг 50 хувиар буураад байгаа газрын тосны ханшийг тогтворжуулах хүчин чармайлтыг тэргүүлж байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сард Опек болон ОХУ АНУ-ын газрын тосны олборлолтоо өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан, газрын тосны нийлүүлэлтийг 2018 оны гуравдугаар сар хүртэл бууруулахаар гэрээ байгуулсан. Гэвч тэдний энэ алхам газрын тосны ханшийг төдийлөн сайн өсгөж чадахгүй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өчигдөр хийсэн мэдэгдэлдээ "ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус орнуудын хооронд байгуулсан газрын тосны нийлүүлэлтийг хязгаарлах тухай гэрээг сунгаж магадгүй юм. Энэ гэрээг 2018 оны гуравдугаар сараас цааш сунгах боломжтой" гэж мэдэгдсэн юм. Иймд олон улсын хүрээнд Саудын Арабын вангийн энэхүү түүхэн айлчлалын хүрээнд ОХУ, Саудын Арабын худалдаа хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүд шинээр байгуулахаас гадна газрын тосны зах зээлийг тогтворжуулах асуудал дээр шинэ тохироо хийгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Үүнээс гадна түүхэн цагт таатай харилцаатай байгаагүй, дээрээс нь Сирийн хямралд байр суурь зөрчилддөг болов. Вангийн айлчлал Саудын Араб, ОХУ-ын харилцааг шинээр тогтооно гэж ажиглагчид харж байна.

Үндсэндээ Москва Вашингтонтой таагүй харилцаатай байгаа, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогын гэнэтийн өөрчлөлтийн дунд вангийн түүхэн айлчлалаар олон зүйлийг шийдэх болов уу. Ван Салман Орос, Турк, Ираны Сирид байгуулахаар зарласан аюулгүйн бүсэд баримтлаж байгаа байр сууриа зөөллөнө, хариуд нь Москва Эр Рияадын Йеменд явуулж байгаа цэргийн ажиллагааг цаашид шүүмжлэхгүй байх гэж шинжээчид харж байна.

Мөн түүнчлэн вангийн түүхэн айлчлалын хүрээнд Эр Рияад Москватай 3.5 тэрбум америк долларын зэвсгийн наймааны гэрээ байгуулах төлөвтэй байна. Саудын Араб АНУ-аас гадна зэвсгийн нийлүүлэгчдээ нэмэгдүүлэх арга зам эрэлхийлж ирсэн. Харин дэлхийд зэвсгийн экспортоор хоёрдугаарт бичигддэг ОХУ зэвсгээ зарахад бэлэн байгаа. Энэ удаад ямар зэвсгийн наймаа хийх нь тодорхойгүй ч Саудын Араб ОХУ-аас баллистик пуужин болон агаарын хамгаалах систем авах болов уу гэсэн таамаг байна. Мөн ОХУ Саудын Арабыг цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад нь дэмжлэг үзүүлж магадгүй юм. Эр Рияад Ойрхи Дорнодод Ираны дараагаар цөмийн эрчим хүчний станц байгуулсан хоёр дахь орон болох сонирхолтой байна. Энэ чиглэлд 80 тэрбум америк доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Саудын вангийн ОХУ-д хийж буй айлчлал түүхэн ач холбогдолтой   
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [67.173.45.xxx] 2017-10-12 00:49
xaan urenkhiilegchid baraalxaad

Бидэнтэй нэгдээрэй