Шууд Chart

Э.Шинэцэцэг: Эко байна гэдэг хамтаараа санаачилж, хамтаараа төлөвлөж, хамтаараа хийхийг хэлдэг

2017-10-12 16:38:05

Олон улсын “Эко сургууль”-ийн  “Ногоон туг” батламжийг Монголын дунд сургуулиуд анх удаа авлаа. Байгаль, эх дэлхийгээ хайрлах зан үйлийг  хамт олноороо өөрсдийн үйл хөдлөл, хэрэглээндээ төлөвшүүлж чадаж байгааг олон улсад ийн үнэлсэн хэрэг. Энэ мэдээг тодруулж Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, ”Байгаль орчны мэдээлэл сургалтын төв”-ийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэгтэй ярилцлаа.    

-Олон улсын эко шошгыг манай гурван дунд сургууль авлаа. Ер нь эко сургууль гэж ямар сургуулийг хэлж байна вэ?

-“Эко  сургууль” хөтөлбөр анх олон улсад 1994 онд бий болсон. 1992 оны НҮБ-ын “Хүн ба байгаль” сэдэвт томоохон хурлын гол хэсэг нь үүнд чиглэсэн байдаг. Хүүхэд залуучуудынхаа хөгжлийг дэмжихгүйгээр дэлхий нийтийн хөгжил, тэр дундаа тогтвортой хөгжлийг яриад хэрэггүй гэсэн санал санаачилгаар Европын холбооны улсад энэ ажил эхэлж байсан. Харин 2000 оноос дэлхий нийтийн хөтөлбөр  болсон.  

Манай улс 2008 оноос хүсэлтээ өгч, улмаар 2011 онд дэлхийн Байгаль орчны боловсролын сангийн гишүүн болж байсан. Энэ үеэс эко сургуулийн хөтөлбөрийг Монголд албан ёсоор хэрэгжүүлэх эрхтэй болсон гэсэн үг. Энэ эрхийн цаана “Ногоон туг” буюу эко шошго байгаа. Энэ бол сургууль өөрөө байгаль орчны удирдлагын менежментийг дотроо нэвтрүүлснийг бататган олгож байгаа  баталгаажуулалтын нэг хэлбэр. Нэг ёсондоо цэвэрлэгчээс эхлээд удирдлага хүртлээ ямарваа нэг зүйлийг хийхдээ байгаль орчинд ээлтэй байх стандартыг нэвтрүүлж байгаа юм.  Манай улс “Эко сургууль” хөтөлбөрийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн ч одоо л анхныхаа  “Ногоон туг”-ийг авах боломж бүрдэж байна.

-Эко сургуулийн гол шаардлага, шалгуур нь юу юм вэ? 

-Эко сургуулийг 7 алхам удирддаг. Мод, цэцэг тариад эко болчихдоггүй. Ер нь менежментийн зарчмаар, эхлээд нэг баг хамт олон, удирдах нэгж бүрдэнэ. Үүнийг эко зөвлөл гэдэг. Хоёрдугаарт, байгаль орчны асуудлыг энэ ч гоё, тэр ч гоё гэж барьж авдаггүй. Эхлээд үнэлгээ хийнэ. Бид байгаа орчиндоо  хэдий хэмжээний нүүрстөрөгч ялгаруулж байна, яаж бохирдуулж байна гэдгийг сурагч, багш нар өөрсдөө хамтарч үнэлдэг. Энэ үнэлгээг мэргэжлийн хяналт биш сурагчид өөрсдөө сургуулийнхаа орчинд энгийн байдлаар хийдэг. Сургуулийн гадаад орчин, ногоон байгууламж, чийгшил ямар байна гэдгээ үнэлчихээд тухайн үнэлгээгээ дээшлүүлэхийн тулд юу хийхээ төлөвлөдөг. Сургууль тухайн асуудлаа хичээлээрээ дамжуулан хийж хэрэгжүүлэх нь зайлшгүй. Ингэж сурагчид, сургууль өөрөө энэ мэдлэгээ хүүхдүүддээ, нийгэмд буюу олон нийтэд хүргэх, түгээх, сурталчилгааны ажлыг хийснээрээ туршлагаа чадвар болгож өөртөө үлдээдэг. Эдгээр нь эко сургуулийн ялгарах онцлог юм. Энэ хүрээнд хүүхэд залуучуудын оролцоо манлайлалтайгаар нийт орон нутгийн иргэдийн мэдлэг хандлагыг өөрчлөх, улмаар орон нутгийнхаа тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа хөтөлбөрийг олон улсын “Эко сургуулийн хөтөлбөр” гэж хэлж байгаа юм. 

-“Эко сургууль”-д өрсөлдөөн бий юу?

-Хэн ч чамтай өрсөлдөгч биш. Чи хэнийг ч ялж ногоон туг аваагүй. Харин чи өөрөө өөрийнхөө, сургууль өөрөө өөрийнхөө өрсөлдөгч. Сургууль өнөөдөр ямар байж байгаад маргааш ямар болсон. Тэр өөрчлөлтийг хэдүүлээ бий болгож чадсан, энэ зөв хандлагыг орон нутагтаа буюу нийгэмдээ яаж түгээж чадсан гэдгээрээ л онцлог. Энэ бол эко сургуулийн үнэт зүйл. Үүнд сургуулиуд бүгд дуртай байдаг. Тиймээс ч сургууль өөрөө санаачилга гаргаад, хамтаараа тэмцэж үр дүнд хүрсэн бол энэ "Эко сургууль" мөн. Энд сургуулийн гадаах ногоон байгууламж, ахуй нөхцөл,  багш нарын цалин хангамж ямар байгаа  нь огт хамаагүй.

-Тэгвэл зөвхөн сургууль гэлтгүй бусад байгууллага, сум, хотын гудамж, зам талбай хэрэглээгээ эко болгохын тулд юу хийх ёстой вэ?

-Нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийн тулд өөрсдөө багажаа бариад л хэмждэг байх ёстой. Тэр хүний сэтгэл дотор, мэдрэмжинд болохгүй байгаа зүйл нь мэдрэгдээд ирсэн тохиолдод үүнийг хэн ч цааш нь хэрэгжүүлж чадна. Ер нь СӨХ, хороо, дүүрэг, сум нь ч байна уу ямарваа нэг ажлыг өөрсдөөр нь төлөвлүүлээд, иргэдээ оролцуулаад хамтдаа ярилцаад шийдвэр гаргаад бүтээж, бий болгож байгаа бол тэр сум суурин эко байна гэсэн үг.  Нэг үгээр хэлбэл, 100 модыг 1 иргэн тарих биш, 100 модыг 100 хүн тарьсан бол эко болно. Үүний тулд өөрсдөө эхэлж судалж, үнэлсэн байх хэрэгтэй. Модоо тарьж, арчлахдаа хамтаараа төлөвлөж хийдэг энэ хүмүүсийг л эко буюу тогтвортой хөгжлийн боловсролтой хүмүүс гэж үзнэ.

Их ч байсан, бага ч байсан орон нутгийн иргэдийг цуглуулаад ярьж ухуулаад сургадаг газар нь сургууль. Нутгийн иргэдийн ихэнх нь тэнд хүүхдүүдээ сургадаг. Тиймээс тухайн сургуулийн багш, сурагчдын дадлыг өөрчлөөд өгөхөд нутгийн иргэдийг бэлтгэх, тэдэнд хүрч ажиллах боломж нь бүрдэж байна. Бид Монгол Улсын 3 сая хүнийг нэг бүрчлэн сургаж чадахгүй шүү дээ.   

-Улсын хэмжээгээр гурван сургууль анх удаа олон улсын эко шошго “Ногоон туг”-аар  шагнууллаа. Бусад сургуулиас юугаараа давуу байсан юм бол?   

-Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотын Чулуунбаатар захиралтай нэгдүгээр дунд сургуулийн тухайд  бас нэг онцлогтой. Энэ сургууль дээр сургалт хийж байхад нэг л юм ажиглагдсан. Ямар ч ажлыг баг, хамт олноороо хийдэг. Сургуулийн ажил гэдэг утгаар захирлаасаа эхлээд бүгд хамтдаа хөдөлдөг. Орон нутагтаа зөвөөр ойлгуулж чаддаг. Магадгүй хэн нэгэн тэнд очоод “Гаднаа ийм орчинтой байж эко байхдаа яах вэ дээ” гэж хэлж болох юм. Гэтэл тэд хамтаараа хөдөлдөг. Нөгөөх нь нийслэлийн “Эрдмийн хөтөч” цогцолбор буюу 58 дугаар сургууль. Их тууштай. 2008 оноос хойш хэн нэгэн захирал, менежер солигдсон ч энэ санаачилгыг тогтвортой, тууштай авч яваа сургууль. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сургуулийн хамт олон, багийн оролцоотой. Хичээл туршилтыг гадаа орчинд бодитоор хийж сурсан, шинжлэх ухаанчаар мундаг ажиллаж байгаа сургууль. Энэ сургуулийн хуучин захирал нь хэлж байсан л даа. “Ер нь яахаараа говийн хүүхдүүд шинэс, гацуур мод мэддэггүй байх гэж. Нэг ч болсон ийм мод ургуулчихаад үүнийг шилмүүс гэдэг юм” гэж заая гэж байсан. Ингэж хичээлээ хийж чадаж байгаа сургууль байна гэдэг нь амжилтын бас нэг  үндэс.

Эко сургуулийн “Ногоон туг” насан туршид хадгалагддаггүй.  Эко сургууль хөтөлбөрийг наад зах нь хичээлийн 4 улирал хэрэгжүүлж байж “Хүрэл гэрэгэ” авна. Дахин хоёр улирал хэрэгжүүлж байж "Мөнгөн гэрэгэ", дахиад мөн хоёр улирал болж байж “Ногоон туг” шошгыг авдаг. Гэхдээ тэд 11 сэдвийн 2-3 дээр нь ажилласан гэсэн үг. Хоёр жил тутам баталгаажуулалт хийлгээд мундаг ажилласан  бол “Элчин сургууль” болж хувирна.  Гурван ногоон туг авсан, наад зах нь 7-8 жил ажилласан тэр сургуультай дахиж бид өөр асуудал ярихааргүй болдог. Учир нь  тэр сургуульд хэзээний зөв дадал хандлага  соёл, хэв шинж, амьдралын хэв маяг болоод тогтчихсон байдаг.

Олон улсын БОБС таван  том хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүний нэг нь “эко сургууль”.  Тус хөтөлбөрийг бүх төрлийн сургууль, цэцэрлэг хэрэгжүүлж болно. Бид одоогоор дунд сургуулиудад туршиж байна. Цэцэрлэгүүд ч мөн сонирхож олон орж ирсэн. Хэнтий аймгаас ч ирсэн. Одоогоор 255 сургууль бүртгэлтэй байгаагаас  41 нь хүрэл,  20 гаруй нь мөнгөн гэрэгэ, 3 нь ногоон туг аваад байна. Гол нь сургуулийн санаачилгаас хамаарна. Сайн дурын хөтөлбөр учраас бид хүчилдэггүй. Одоогор дэлхийн 64 орны 49 мянга гаруй сургуульд байгаль орчинд ээлтэй, зөв дадал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилготой энэ хөтөлбөр хэрэгжиж байна.

-Танд баярлалаа.

С.Нарансолонго

 

Нийтэлсэн: Mонголын радио

Э.Шинэцэцэг: Эко байна гэдэг хамтаараа санаачилж, хамтаараа төлөвлөж, хамтаараа хийхийг хэлдэг   
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй