Шууд Chart

Voice of Mongolia

Voice of Mongolia


Монголыг сэтгэлдээ төсөөлж суух нь сайхан байдаг...

2017-10-13 13:31:49

“Монголын дуу хоолой” радиогийн Хятад хэлний нэвтрүүлгийг сонссон Ханжоу хотын сонсогч Лян Шоу Жин бидэнд захидал бичсэн байна. Тэрбээр  Шанхай хотын захын дүүрэгт байрлах сүлжмэлийн үйлдвэрт менежерийн алба хашдаг. Гар утсаараа манай радиогийн "Шуудангийн хайрцаг" болон хөгжмийн нэвтрүүлгийг сонсох дуртай. Хоёр долоо хоногийн өмнөх хөгжмийн нэвтрүүлгээр Монголын орчин үеийн рок поп хөгжмийн урсгалуудыг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлэг сонслоо гээд тэдгээр урсгалын төлөөлөл болсон дуучдаас Маралжингоогийн чадалтай хоолой онцгой сайхан санагдсан тухайгаа захидалдаа бичжээ. Тэрбээр цааш нь "Харанга", "Хурд" хамтлаг, Сараа, Ариунаа гэх мэт Монголын эстрад урлагийн гол төлөөлөл болсон хамтлаг дуучдын талаарх мэдээлэл, зарим уран бүтээл нь Хятадын мэдээллийн сайтууд болон хөгжим сонирхогч хувь хүмүүсийн блог хуудсанд тааралдах боловч сүүлийн үед шинээр төрөн гарч байгаа дуучдын талаарх мэдээлэл бараг байдаггүй. Тиймээс та бүхэн радиогийн сайт дээрээ тэдгээр уран бүтээлчдийн талаарх мэдээллийг оруулж өгвөл сайн байна гэж захидалдаа өгүүлжээ. 

Хятадын Шаньдун мужийн Тэнжоу хотын сонсогч Жян Вэн Фэн бидэнд захидал бичжээ.  Эрхэм сонсогч Шаньдун хотын Тэнжоу хотын ойролцоох Да У тосгоны радио сонирхогч бөгөөд чөлөөт цагаараа олон улсын радио сонсох дуртай нэгэн билээ. Жян Вэн Фэн манай радиог сонсож эхлээд нэг жил болж байна. Тэрбээр өөрийн нутаг ус, тосгоны амьдралыг захидалдаа сонирхуулан бичиж, тосгоны иргэд гол төлөв тариалан эрхэлж амьжиргаагаа залгуулдаг. Манайх дөрвөн ам бүлтэй, хоёр му газартай гээд тариалангийн талбайдаа ямар ч химийн бордоо хэрэглэдэггүй учир амт чанар сайтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг. Та бүхнийг манай нутагт хүрэлцэн ирэхийг чин сэтгэлээсээ урьж байна гэж захидалдаа бичсэн байна.

Монголын дуу хоолой радиогийн “Шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг Япон хэлний редакцид хаягласан захидлын тоймоор үргэлжилж байна. Гүнма мужийн сонсогч Сүзүки Ёшиказү Ардын болон уртын дуу, орчин үеийн поп дуунууд сонсох дуртай гэдгээ дурдаад төгөлдөр хуураар тоглосон алдартай дуунуудаар нэвтрүүлэг бэлдэж өгөхийг хүссэн байна. Тэгвэл Ямагүчи мужийн сонсогч Номүра Сүсүмү Японы NHK телевизийн нэвтрүүлгээр 2020 оны Токиогийн олимпод оролцох Монгол эмэгтэй бөхийн тухай танилцуулсан. Багийн спортоос илүү ганцаарчилсан спорт их хөгжиж байгааг нэвтрүүлгээс олж мэдлээ. Олимпийн бөхийн барилдаан сонирхолтой болох байх. Өнөөдрийн нэвтрүүлгээр Монгол дахь гүрвэлийн судалгаанд Окаяамагийн шинжлэх ухааны дээд сургууль оролцож байгаа тухай ярьсан. Нэвтрүүлэг сонсож байхад энэ судалгаанд их ач холбогдол өгч байгаа нь тодорхой байна. Мөн Монгол, Австралийн хооронд гадаад харилцаа тогтоосны 45 жилийн ойн нэвтрүүлэг сонслоо. Монголын нэгэн адил байгалийн баялаг ихтэй орон учраас ижил төстэй зүйл байдаг бололтой. Уул уурхайд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын хувьд Хятадын хөрөнгө оруулалт их байдаг уу. Аль эсвэл Японых уу, Монголын газар дор ямар баялаг вэ, яаж тээвэрлэдэг нь сонин байна гэжээ.

Нийгата мужийн сонсогч Имай Ясүши "Манайд нэг бурханы тахил байдаг юм. Сүм хийдээс авсан пайз, сүм хэлбэртэй жижиг байшин, Сакаки гэдэг ургамал, будаа, архи, давс, ус зэргийг өмнө нь тавьсан байдаг. Бас сүмийн хаалган дээр өлгөдөг Шимэнава гэдэг зүйлийг гэртээ өлгөдөг" гээд Монголын бурханы тахил ямар байдаг талаар сонирхсон байна. Харин Айчи мужийн сонсогч Ёошиэ Кинихиса "Интернэтээр мэдээ болон Монголын брэнд бүтээгдэхүүнүүдийг бий болгож, хөгжүүлэх тухай нэвтрүүлэг сонссон. Их сонирхолтой нэвтрүүлэг байлаа. Монголын тухай би өргөн уудам хээр талд амьдрах малчид, хүч чадалтай ард түмэн гэх мэтээр төсөөлдөг. Сүүлийн үед Японы сумо барилдаанд Монгол сумогийн аваргаас эхлээд Монголоос ирсэн сумо бөхчүүд олон болсон тул хүч чадалтай мөртөө сайхан сэтгэлтэй гэдэг төсөөлөл маань улам батажсан. Монгол гэхээр "Монголын дуу хоолой" радио санаанд ордог. Танай радиогоор дамжуулж Монголтой танилцаж,  Монголыг сэтгэлдээ төсөөлж суух нь сайхан байдаг болохоор "Монголын дуу хоолой" радио ч бас Монголын нэг брэнд гэж бодож байна. Богино долгионы радио болон интернэтээр "Монголын дуу хоолой" радиогийн сонирхолтой нэвтрүүлгийг сонссоор байх болно. Монголын тухай сонирхолтой яриа, мэдээ мэдээлэл, дуу хөгжим сонсгоорой хэмээн захидалдаа бичжээ. Бидэнд захидал бичиж Монгол орны тухай сонирхсон сонсогч та бүхэндээ талархлаа илэрхийлээд захидлын тоймоо өндөрлөж байна.

С.Баяндорж

Нийтэлсэн: Voice of Mongolia

Монголыг сэтгэлдээ төсөөлж суух нь сайхан байдаг...   
Үзсэн: 260 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй