Шууд Chart

Увс аймаг хамгийн олон хавх хурааж, цуглуулжээ

2017-10-13 17:05:59

“Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” уралдаант, нэг сарын аяныг Увс аймагт өнгөрсөн есдүгээр сарын 5-наас энэ сарын 5-ны хооронд Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл гэсэн зургаан аймгийг хамруулан зохион байгууллаа.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан юм.

Анх 2015 онд Ховд аймгийн Эко клубийн сурагчдын дунд зохион байгуулагдаж, улмаар Ховд аймгийн Жаргалант хайрхан ууланд хавханд орсон ирвэсний дүрс автомат камерт бичигдснээс  үүдэн энэхүү аян бүс, улсын хэмжээний аян болон өргөжжээ.

Сүүлийн үед иргэд хавхаар ан хийх байдал эрс нэмэгдсэн гэсэн судалгаа байдаг. Буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь хууль хяналтынханд баригдахгүй байх нэг арга болдог байна. Хүмүүс ихэвчлэн тарвага, чононд хавх тавьдаг. Ийм хавханд нэн ховор амьтад өртөж бэртэх, үхэж үрэгдэх тохиолдол их гарсаар байгааг таслан зогсоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ-наас 2015 онд хавхны аян өрнүүлсэн билээ.

2016 онд Ховд аймагт 514 зөрчил илрүүлж, зургаан сая төгрөгийн торгууль тавьж, нийт 438 хавхыг хоёр сарын хугацаанд хураасан байна.

“Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай-3” аянд хамгийн олон хавх хурааж, цуглуулсан аймгийг шалгаруулж хураагдсан хавхыг МХГ-аас бүртгэлжүүллээ.  

Хамгийн олон хавх хурааж цуглуулсан аймгаар 330 хавх цуглуулсан Баян-Өлгий аймаг тэргүүлж, хоёрдугаар байрт байрт 229 хавх цуглуулсан Увс, гуравдугаар байрт 100 хавх цуглуулсан Ховд аймаг шалгарчээ. Ийнхүү тэд тус бүр нэг мотоциклоор шагнуулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Увс аймаг хамгийн олон хавх хурааж, цуглуулжээ   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй