Шууд Chart

“3х3” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ

2017-10-27 09:46:22

ФИБА сагсан бөмбөгийн “3х3” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо “Crocus Event Hall”-д өнөөдөр эхэлнэ. 

Ази тивийн аваргад эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг өрсөлдөх ёстой бол эрэгтэй 15 улсын баг Азийн аваргад оролцохоор ирсэн. Чансаа доогуур зургаан улс гурван эрхийн төлөө урьдчилсан тоглолтуудыг хийнэ.

Үндсэн хэсэгт орохын төлөөх тоглолт өнөөдөр 11.00 цагт Туркменистан-Малайзын тоглолтоор эхэлнэ. Тэмцээн зохион байгуулагч орны давуу талаар Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг шууд үндсэн хэсэгт орсон байгаа.

Та бүхэнд Монголын багтай нэг хэсэгт орсон багуудыг танилцуулья. Манай эрэгтэй баг А хэсэгт Япон, Бахрэйний багуудтай таараад байна. Бахрэйний хувьд Дэлхийн чансааны #52-д, Ази тивийн чансааны #12-д эрэмбэлэгдэж байгаа. Манай баг өнөөдөр 18.30-д тэдний эсрэг тоглоно.

Японы багийн хувьд Дэлхийн чансаанд #13, Ази тивийн #1 улс тул "А" хэсгийг тэргүүлжээ.

Бүрэлдэхүүний хувьд гол тоглогч нь Японы од Томоя Очиай хэмээх тоглогч байна. 195 см өндөр, 88 кг жинтэй, 30 настай. 2016 оны ФИБА 3х3 Дэлхийн АШТ-нд Японы шигшээ багийн нэрийн өмнөөс оролцож 11-р байр эзэлж байсан.

2015 оны ФИБА 3х3 All Star-д 5-р байр, 2014 оны ФИБА 3х3 Бээжингийн Их Дуулгад 3-р байранд орж байсан тамирчин байна.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Дэлхийн чансааны #30-д, Ази тивийн чансааны #4-д эрэмбэлэгдэж байна.

Манай эмэгтэй шигшээ баг БНХАУ болон Шри-Ланкын багуудтай хэсэгт таарсан. Хэсгийн тоглолтуудаа Бямба гарагт хийнэ. Бямба гарагийн 16.10-д БНХАУ-ын эсрэг Азийн аваргын эхний тоглолтоо хийнэ. БНХАУ-ын эмэгтэй багийн хувьд Дэлхийн чансааны #5-д, Ази тивийн чансааны #1-д эрэмбэлэгдэж байгаа хүчтэй өрсөлдөгч.

Шри Ланкын эмэгтэй багийн хувьд Дэлхийн чансааны #37-д, Ази тивийн чансааны #13-д эрэмбэлэгдэж байгаа байна. Монголын эмэгтэй баг Дэлхийн чансааны #50-д, Ази тивийн чансааны #16-д эрэмбэлэгдэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“3х3” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй