Шууд Chart

Д.Даваадулам

МҮОНР-ийн тоймч.


А.Билгүүн: Америк дахь ажлаа шөнө, Ази, Монгол дахь ажлаа өдөр хийдэг

2017-11-01 10:03:50

Мэргэжилдээ дуртай хүн нэг ч өдөр ажил хийдэггүй” гэж хэлэх дуртай Анхбаярын Билгүүн сүүлийн арав гаруй жил хоббигоо “хөгжүүлж” явна. Хөрөнгө оруулалтаар мэргэшсэн цөөхөн монгол санхүүчийн нэг тэрбээр Торонтогийн бирж дэх анхны монгол банкир болж байсан нь саяхан. Орос,  Америк нөхдөө хошуучилж, Торонтогийн зах зээлийн өрсөлдөөний шуурганд тунаж үлдсэн ч Монголоо л гэж зорьж иржээ. Монголдоо амьдардаг ч  Америк, Ази тивд хүрч ажилладаг түүнтэй юм юмны тухай ярилцмаар байлаа. МҮОНР-ийн  “Асуулт байна” ярилцлагын зочноор түүнийг урьсан юм. 

“Эрдэнэс ТаванТолгой”-н  хувьцаа Олон улсад гарсан тохиолдолд үнэ хүрнэ

-“Эрдэнэс Тавантолгой” компани өрөө дарснаа өнгөрсөн хоёрдугаар сард албан ёсоор мэдэгдсэн. Одоо хувьцааг нь “амилах” цаг хугацааг олон нийт, хувьцаа эзэмшигчид хүлээж байна. Энэ цаг хугацаа хэр ойртоо бол? 

-Одоо тус компанийн 1072 ширхэг хувьцааг яаж эргэлтэд оруулах нь анхаарал татаж байна. Хувьцаа эргэлтэд орсноор эзэмшигчдэдээ хоёр төрлийн ашиг өгнө. Иргэд хувьцаагаар  дамжуулж “ЭТТ” компаниас ноогдол ашиг авч болно. Эсвэл хувьцаагаа нээлттэй зах зээлд арилжаалж, борлуулсан өртгөө эдийн засгийн өгөөж болгож авч болно. Байр түрээслэхтэй адилхан.

“ЭТТ”-н хувьцааг зөвхөн Монгол Улсад гаргах тохиолдолд хувьцааны үнэ унах, үнэ нь хэлбэлзэх магадлал их учраас ОУ-ын зах зээлд гаргаж зах зээлийнх нь зарчмаар үнэлүүлээд явах нь дээр. Бидний харж байгаагаар  тухайн  компанид нэмж ихээхэн хөрөнгө оруулмаар байна. Нүүрсний үнэ  өнгөрсөн оны сүүлээс эхлэн тодорхой хэмжээгээр өссөн. Гэсэн ч энэ онд тогтворжоод ирэх хоёр жилд харьцангуй сулрах шинж анзаарагдаж байна. Ялангуяа манай гол худалдан авагч урд хөршийн зах зээлд үнэ унах магадалтай. Би хувь шинжээчийнхээ үүднээс хэлэхэд “ЭТТ” компаниас ойрын ирээдүйд иргэдийн аж амьдралд нөлөөлөх ашиг хүртэнэ гэж хэлж чадахгүй. Тиймээс  хувьцаагаа хадгалах нь илүү оновчтой шийдвэр болов уу гэж хувьдаа бодож байна. Энэ хувьцаа ОУ-ын зах зээлд арилжаалагдаж  эхэлсэн тохиолдолд л иргэдэд эдийн засгийн боломжит бололцоо бүрдэнэ. Ямар нэг бараа бүтээгдэхүүнийг 3 сая хүнд арилжих,  хэдэн тэрбум хүнд  арилжих хоёр  тэс өөр шүү дээ.    

-“Тавантолгой”  төсөл  дотроо  төмөр зам, цахилгаан станц гээд олон салчихсан учраас  хувьцааны үнэ цэнэ буурах магадлалтай гэж зарим нь үздэг. Таны хувьд?  

-Би тэгж бодохгүй байна. Ялангуяа төмөр зам, цахилгаан станцын төслийг яг төсөл гэдгээр нь харах хэрэгтэй. Төсөл гэдэг бол мөнгөний урсгал. Мөнгөний урсгал эхний ээлжинд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг.

Уул уурхайн компаниудын хувьд мөнгөн урсгал нь харьцангуй савалгаа ихтэй боловч төсөл нь тодорхой цаг хугацаанд өндрөөр үнэлэгдэх магадлалтай. Гэтэл төмөр зам, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд нь хөрөнгө оруулалт ихээр шаарддаг ч орлого багатай. Өгөөж нь харьцангуй бага. Магадгүй энэ нь  “ЭТТ” компанийг доош нь татах хүчин зүйл болох талтай.

Анх иргэддээ 1072 хувьцааг тараахад “ЭТТ” компанийг 4 орчим тэрбум ам.доллараар үнэлсэн байдаг. Өнөөгийн ханшаар 10 их наяд төгрөг гэж ойлгож болно. Гэхдээ мэдээж энэ хөрөнгөний тодорхой хувийг иргэддээ тараасан.

“Монголын Нийгмийн даатгалын сангийн  ирээдүй явцгүй

-Торонтогийн хөрөнгийн бирж дэх Монголын компаниудын хувьцааны ханш өсөх хандлагатай болсон. Тухайлбал, “Эрдэнэ ресурс девелопмент” компани хагас сард 12 сая орчим долларын хөрөнгө босгоод байгаа мэдээ өнгөрсөн сард гарсан. Та энэ компанийн  зөвлөхөөр ажилладаг хүний хувьд Монголд хувьцаагаа арилжаалахыг зөвлөдөг үү?

-Би маш олон компанид ингэж зөвлөж байсан. Хайгуулын чиглэлээр ажилладаг олон компанид ийм зөвлөгөөгөө өгдөг.

-Гэсэн ч  уул уурхайн “акул”-ууд  дотоодын зах зээлд хувьцаагаа арилжаалах, олон нийтэд нээлттэй байх сонирхол бага байгаа юм биш үү?

-Масловын гурвалжингаар эхний ээлжинд хүнд хоол хүнс, амьдрах байр орон сууц хэрэгтэй. Компанид ч гэсэн үүний адил эхний ээлжинд хөрөнгө хэрэгтэй. Нөгөө талд хайгуулын салбар өндөр эрсдэлтэй. Мөнгийг газарт булж байгаатай адил. Тиймээс ч компаний менежерүүд мөнгө хайж эхний ээлжинд Австрали, Канад  руу явдаг. Мөнгөө босгоод гайгүй болоод  ирсэнийхээ дараа монголчууддаа төслийнхөө үр шимийг хүртээх чиглэл рүү явж байна.  

Ер нь манайд ажиллаж байсан гадаадын компаниудын монголчуудад хувьцаагаа нээлттэй арилжаалах сонирхол 2012 оноос идэвхижсэн. Гол нь энэ арилжаа Канад, Австралийн хөрөнгийн биржээр дамждаг. Монголчууд ч энэ арилжаанд олноор оролцож байна. Бидний хэн нь ч дэлхийн ямар ч хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжтой. Хамгийн гол нь энэ талын ойлголт, хэл ус шаардлагатай.  

-Та нэг нийтлэлдээ иргэдийн хуримтлал, хадгаламжийг татвараас чөлөөлөх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн байсан. Ямар үндэслэлтэй юм бэ?  

-Эхний ээлжинд хадгаламжийн талаар яръя. Банкны хадгаламж гэдэг мөнгөө банкинд зээлүүлж байгаа л хэлбэр. Өнөөдөр манай улсын санхүүгийн зах зээл тодорхой хэмжээгээр хөгжөөд зөвхөн банкинд биш өөр салбарт  зээлж болдог болсон. Үүн дотроос хамгийн чухал салбар нь үнэт цаас. Тухайлбал  Засгийн газар иргэдээсээ гурван  сарын хугацаанд мөнгө зээлэхэд жилээр нь авч үзвэл хүү нь 17 хувьтай тэнцэж байна. Банкны хадгаламжаас харьцангүй өндөр хүүтэй. Үүнд ямар нэгэн татвар ногдохгүй. Тэгэхээр би нийтлэлдээ та мөнгөө заавал банкинд хадгалуулах шаардлагагүй. Банкны хадгаламж тухайн үедээ бидний өмнө байсан бэлэн бүтээгдэхүүн. Дараагийн хадгаламж бол Засгийн газрын бонд худалдаж авах, эсвэл өөр бизнест хөрөнгө оруулах явдал гэж бичсэн. Энэ нь ирээдүйд хэрэглэх мөнгөө хадгалж, өсгөж байгаа нэг хэлбэр. Удаад нь Монголын нийгмийн даатгалын санд төлж байгаа тэтгэврийн хураамж, зардал арай л их болоод байгааг өгүүлсэн. Манай нийгмийн даатгалын сангийн  ирээдүй явцгүй болсон. Учир нь манайд 100 хүнээс авсан татвараараа 10 хүний тэтгэврийг төлж байна. Гэтэл тэр 100 хүн ирээдүйд тэтгэвэрт гарахаар болоход дараагийн 1000 хүн бэлэн байгаа юу.  Математикийн аргаар бодоход  ирээдүйд нийгмийн даатгалын сан байж болохгүй юм байна. Ялангуяа тэтгэврийн салбарыг хувьд шилжүүлэх шаардлагатай. Хувь хүний хадгаламж үүсгэдэг тэр боломж бололцоог нь бүрдүүлэх хэрэгтэй гэсэн санааг гаргасан хэрэг.  

“Бид олон мөчлөг дунд эргэлддэг улс”

-Хэрэгжиж эхлээд байгаа  ОУВС-ын хөтөлбөр манай эдийн  засагт  ямар  үр нөлөө  үзүүлэх бол?   

-Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр нь манай эдийн засгийн бүтцэд үүссэн гажуудлыг засахад оршино. Энэ бол  хамгийн гол өөрчлөлт. МУ-ын Засгийн газар нь банк, уул уурхай, барилгын компанитай гээд төрд оролцооогүй бизнес алга. Гаднаас зээл тусламж авч байж эдгээр салбар руу ордог. Төр нь хувийнхаа салбартай өрсөлддөг,  өөрөө өөртэйгөө байлддаг  үрэлгэн эдийн засгийн суурь бүтцийг өөрчлөх засах тэр чиглэл рүү явах болов уу. Ялангуяа миний хамгийн их  дэмжиж байгаа ОУВС-ийн шаардлага бол төсвийн бодлогыг нэгтгэх явдал.  Нэгдсэн төсвийн бодлого яг хаана яваад байгаа нь мэдэгддэггүй байсан. Хөгжлийн банк, Монгол банк, Засгийн газар нь тус тусдаа төсөвтэй. Хоёрт иргэдийн тансаг хэрэглээнд татвар ноогдуулахыг дэмжиж байна. Татваргүйгээр хүн хэтэрхий тансаглах нь буруу юм. Ийм байдлаар ОУВС-ийн хөтөлбөрөөс зарчмын хувьд маш зөв зөв хандлагууд анзаарагдаж байна.  Урт хугацаандаа, магадгүй 2018 оноос нөхцөл байдал харьцангуй сайжирч эхлэх байх гэсэн хүлээлттэй байна.

-Тэгэхээр та хөрөнгийн зах зээлийн шинжээч, хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулдаг хүний хувьд  яг өнөөдөр монгол улсын эдийн засаг ямар нөхцөл байдалтай байна гэж үзэх вэ?  Гадны хөрөнгө оруулагчдын хандлага яаж  өөрчлөгдөж байгаа бол?

-Гадны хөрөнгө оруулагчдын хандлагаас эхэлье. Яагаад гэхээр манай улсын эдийн засагт маш их үр нөлөө үзүүлдэг. Өнгөрсөн гуравдугаар сард Торонтод болсон дэлхийн хамгийн том чуулга уулзалтыг ажиглахад  хөрөнгө оруулагчид манай монголыг сонирхоод эхэлчихэж. Манайд үйл ажиллагаа явуулдаг монгол компаниудын хувьцаа ОУ-ын хөрөнгийн  бирж дээр 50-300 хувийн өгөөжтэй байна. Энэ нь эргээд маш олон хөрөнгө оруулагчдыг татаж байгаа гэсэн үг. Нөгөө талаасаа манай эдийн засаг өнөөдөр бараг л шалан дээр уначихсан гэж хэлж болохоор байдалд байгаа. Өнгөрсөн онд эдийн засагийн  өсөлт 1 хувьд хүрч, 2012 оныхоос 17 дахин унасан. Ингээд бодохоор  монголчууд нийтээрээ эдийн засаг сайн байгаад ирэхээр гадны хөрөнгө оруулагчдаа гадуурхдаг юм байна.  Сүүлийн гурван  мөчлөгт ийм л байдал  анзаарагдлаа.  Гэтэл нөгөө талд манай улсын эдийн засаг эрдэс бүтээгдэхүүн дээр тулгуурлаж  эргэдэг. Эрдэс бүтээгдэхүүн  эргээд  мөчлөгтэй. Ингээд  бид чинь маш олон мөчлөгийн дунд орсон улс болчихоод байна. Өнөөгийн нөхцөл байдлыг товчоор хэлвэл  эдийн засаг өнөөдөр  муу  байгаа ч ирээдүйд өөдрөг харагдаж байна. 

“Америк дахь ажлаа шөнө, Ази, Монгол дахь ажлаа өдөр хийдэг”

-Та Канадад санхүүч мэргэжлээр сурч төгссөнийхөө дараа Торонтогийн хөрөнгийн бирж дэх компанид хөрөнгө оруулалтын банкираар хоёр жил ажилласан байна лээ. Дэлхийд томоохонд тооцогдох тус бирж дээр банкир хийх шалгуур тийм ч амар хялбар байгаагүй болов уу?

-Би анх Канадад эдийн засгийн чиглэлээр сурна гэсэн бодолтой явсан. Тэгээд санхүү, хөрөнгө оруулалтын зах зээл сонирхолтой салбар болохыг гуравдугаар курсээсээ ойлгосон. Хамт сурч байсан орос оюутнууд ч их сонирхдог байсан. Ер нь хөрөнгө оруулалтын банкир болох, Америкийн Уолл Стритэд очиж ажиллах нь санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшиж байгаа оюутнуудын гол мөрөөдөл байдаг. Маш хурдан орчинд ажиллаж, байнгын шийдвэр гаргах хэрэгтэй болдог зэргээрээ барууны хөрөнгө оруулалтын банкууд  залуучуудыг их татдаг. Мөн энэ орчинд ажиллаж байгаа залуучууд их хөгждөг юм байна лээ. Хөрөнгө оруулалтын банкны гол үнэт зүйл  нь хүн байдаг тийм учраас шинээр орж байгаа хүмүүсийг нилээн өндөр цалингаар хангадаг. Тийм ч учраас өрсөлдөөн өндөртэй. Сургуулиа төгсөхөөсөө өмнө сонирхоод нилээн хэдэн банкны ярилцлагад орж байсан. Тэнцсэнээ дараа нь л мэдсэн. Миний ажиллаж байсан газар хайгуулын чиглэлийн компаниудыг санхүүжүүлдэг, жижиг хэмжээний банк байсан. Ер нь брокерийн ажил гэж ойлгоход болно.  

Ачаалал өндөртэй. Долоо хоногт 100 цаг ажиллах тохиолдол олон. Анх ажилдаа орчихоод ядраад уулзалтад орж байхдаа унтаад өгдөг байсан. Тэгтлээ ажилладаг байж. Сүүлд нь харж байхад жаахан зовсон ч гэлээ ачаалал даах чадвартай, дайчин болдог гээд хүнд их зүйл үлдээдэг юм байна лээ. Одоо манай залуучууд барууны санхүүгийн салбарт ажиллаад явж байгааг нь харахад ирээдүй өөдрөг байна гэж бодогддог.

-Долоо хоногт 100 цаг гэхээр өдөрт бараг 15 цаг ажиллана гэсэн үг үү?  

-Амралтын өдрүүдэд ихэнхдээ оффисдоо өнждөг. Хүмүүс яагаад 100 цаг ажиллах гэж, илүү цагийн мөнгө өгөх үү гэх зэргээр гайхаж асуудаг л даа. Тийм цалин байхгүй. Хөдөлмөрийн гэрээгээ жилээр хийнэ. Гэрээнийхээ дагуу л  цалингаа авна. Нэг өрөөнд үе тэнгийн 5-6 залуу сууна. Миний дэвшүүлж байгаа хөрөнгө оруулалтын санаа,  үнэлгээ, загварууд тэдний санаанаас илүү биш бол магадгүй би ажлаасаа халагдаж болно. Дотоод өрсөлдөөн маш өндөр. Тэр өрсөлдөөнд ялагдахгүйн тулд бид хоорондоо, компаниуд бас хоорондоо өрсөлддөг. Тиймээс ч хүн яах аргагүй өөртөө байгаа бүх хүч чадлаа шавхаж ажилладаг юм байна лээ.

-2009 онд Монголдоо ирсэн гэсэн үү?     

-Хоёр шалтгаан байсан. Манай том хүү төрөөд тэр үед ер нь монголдоо ирж ажиллах шаардлагатай юм байна гэж бодсон. Нутагтаа байна гэдэг сайхан шүү дээ. Нөгөө талаас  манай  улсын эдийн засаг үсрэнгүй хөгжих  ирээдүй  байгаа нь 2009 оноос тодорхой болж эхэлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дагаад их хэмжээний мөнгө манайд орж ирэх, түүнтэй зэрэгцээд манай улсын уул уурхай, банк санхүүгийн салбар хөгжих боломж бий гэж  харсан.

-“Эм Ай Би Жи” компанийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн зөвлөх, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын зөвлөх, мөн хоёр ч компанийн ТУЗ-ын гишүүн гээд таны эрхэлж, хамаарч байгаа ажил алба олон юм байна лээ. Яг хичнээн ажил эрхэлдэг юм бэ. Яаж амжуулж байна?

-Яг нийт хийж байгаа ажлуудаа тоолох юм бол 10 гарах байх. Цагаа л зөв зарцуулахгүй бол амжуулахад хэцүү. Хойд Америктай ярих шаардлага их гардаг болохоор ихэнх ажлаа цагийн зөрүүнээс шалтгаалаад шөнөөр хийдэг. Өдөр нь Монгол дахь, Аази дахь ажлаа хийнэ.  

-Уучлаарай, хүний насыг асуух бүдүүлэг хэрэг болох байх. Гэхдээ би асуумаар байна. Магадгүй уншигч /радио сонсогч/тэгж ч хүсч байгаа юм билүү?

-Би 32 настай.

-Таны  амьдрал, ажлын амжилтын гол түлхүүр тань юу вэ? 

-Миний бодлоор хөдөлмөрөөс гадна аз заяа бас бий байх. Би аз заяанд их итгэдэг. Сурах зүгийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд яагаад би үүнийг сурч байгаа юм бэ, ирээдүйд миний энэ мэргэжил хүмүүст яагаад чухал юм бэ гэдэг талаас нь илүү их ойлгож сурах хэрэгтэй юм болов уу. Мэргэжилдээ дуртай хүн нэг ч өдөр ажил хийдэггүй, байнга хоббигоо хийж явдаг. Амжилт гаргах гол үндэс нь энэ юм болов уу.  Залуучуудыг  анзаарч байхад заавал хуульч,  эдийн засагч болох ёстой гэдэг.  Гэтэл энэ ажилд би  хэр дуртай байна гэдгээ анзаарч мэдэх нь чухал. Хүн дуртай юмаа хийж байж амжилтад хүрнэ.

-Өөрөө ажил албаа хэрхэн төлөвлөж, тодорхойлдог вэ?

-Миний ажил гаднаас маш их мэдээлэл авч байх хэрэгтэй болдог. Санхүүгийн онол, загварчлал сайн мэддэг, бичдэг байгаад мэдээлэлгүй бол зүгээр л онол хэвээр үлдэнэ. Тийм болохоор би өглөө 6 цагт босоод шинэ сонин, ялангуяа Америкийн “Financial times”, Английн “Ecоnоmisт” сэтгүүлийг дугаар алгасалгүй уншдаг. Эдгээрийг уншсанаар дэлхий нийтийн хандлага, зах зээл хаашаа явж байгаа талаар ойлголт авна. Түүн дээрээ тулгуурлан шийдвэр гаргахад  амар  байдаг. Харин хэл сураагүй бол хэцүү. Манай Монголын санхүүгийн салбар, хөдөө аж ахуй, уул уурхай гээд бүх салбар олон улсын интеграцчилал, даяаршилд орж эхэлж байна. Тэгэхээр бид хэлтэй байх шаардлагатай болж байна.

-Танд баярлалаа.

2017.03.31

Нийтэлсэн: Д.Даваадулам

А.Билгүүн: Америк дахь ажлаа шөнө, Ази, Монгол дахь ажлаа өдөр хийдэг  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Andrea Maur [5.59.78.xxx] 2017-11-02 18:55
Өнөөдөр зээлээ аваарай. Би мөнгө олоход хүндрэлтэй хүнд зээл өгдөг. Би бас хөрөнгө оруулалт, гол санхүүжилттэй хамтарч ажилладаг. Надад мөнгө хэрэгтэй, маш энгийн нөхцөлд 3% -ийн жилийн хүүтэй зээл авахад надтай холбоо бариарай. Э-мейл дээр миний нөхцөл байдлыг шууд мэдэгдээрэй: andreamaur3@gmail.com

Бидэнтэй нэгдээрэй