Шууд Chart

Боксчид Азийн аваргаас 2 хүрэл медаль хүртлээ

2017-11-09 19:56:12

Азийн боксын холбооноос сонирхогчдын боксын 2017 оны эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ийг Вьетнам улсын Хо Ши Мин хотноо зохион байгуулж байна. Тивийн аваргын төлөө эрхээ аван өрсөлдсөн монголын тамирчдаас 48 кг-нд жинд О.Жаргалан, 51 кг-н жинд М.Нандинцэцэг нар тэмцээний хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн юм. 2017 оны Азийн АШТ-д энэ тэмцээний түүхэн дэх хамгийн олон тамирчин буюу 107 тамирчин шар тивийн 20 орноос хүрэлцэн ирж оролцжээ.

Азийн боксын холбооноос эмэгтэйчүүдийн азийн аваргын тэмцээнийг 2001 оноос хойш зохион байгуулж байгаа билээ. 2 жил тутамд нэг удаа зохиогддог энэ тэмцээн 2012 онд монгол улсад болж байсан билээ. 8 дахь удаагийн сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Азийн АШТ энэ 11-р сарын 02-12-ны өдрүүдэд үргэлжилж, 10 жингийн медалийн эзэд тодорно. Энэ тэмцээнд манай улсаас Монголын боксын холбооны 3 одтой дасгалжуулагч С.Буянжаргалын удирдлага дор 5 тамирчин, Олон улсын боксын холбооны 2 одтой шүүгч Отгонбаярын Мандахбаярын хамтаар оролцлоо. 

Азийн аваргын 48 кг-н жинд Очирбатын Жаргалан, 51 кг-н жинд Мягмардуламын Нандинцэцэг, 54 кг-н жинд Нэргүйн Оюун-Эрдэнэ, 69 кг-н жинд Энхбаатарын Эрдэнэтуяа, 75 кг-н жинд Мөнхбатын Мягмаржаргал нар тивийн шилдэг ширэн бээлийтнүүдтэй тулалдлаа.

Манай тамирчдын салхийг хагалж 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга, "Улаанбаатарын цом 2017" олон улсын тэмцээний аварга Очирбатын Жаргалан тулалдсан. Энэ жинд 15 ширэн бээлийтэн хүч үзэж, О.Жаргалан эхний шатандаа Узбекстаны тамирчинг, 2-р тойрогтой Непалын тамирчныг хожиж, хүрэл медалийн болзол хангасан юм. Улмаар хагас шигшээ шатны тоглолтдоо БНАСАУ-ын тамирчин Ким Хяан Мид хожигдсоноор тэмцээний хүрэл медалийн эзэн болжээ.

51 кг-н жинд 16 тамирчин ороцлсоноос Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аваргийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол улсын 11 удаагийн аварга, ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг монгол улсаа төлөөлөн тулалдаж, эхний тойрогтой Хятадын Тайванийн тамирчныг, шөвгийн 8-н тоглолтдоо БНСУ-ын тамирчныг мөн онооны илт давуугаар хожсоноор шилдэг 4-т шалгарч, медалийн болзол хангасан. Харин хагас шигшээ шатны буюу медалийн өнгөө хувиргах болмжтой тоглотдоо энэ удаагийн азийн аваргын тэмцээнийг зохион байгуулагч орон Вьетнамын тамирчин Ти Там Нугеэйд оноогоор ялагдсанаар азийн аваргын тэмцээний 3 дахь медалиа хүртсэн байна.

54 кг-н жинд өрсөлдсөн Нэргүйн Оюун-Эрдэнэ эхний шатандаа Энэтхэгийн тамирчинтай учраа таарч оноогоор хожигдсон бол 69 кг-н жинд Энхбаатарын Эрдэнэтуяа эхний тойрогтой хийлж 2-р тойргийн тоглолтдоо БНЭУ-ын тамирчинд хожигджээ. 75 кг-н жинд Мөнхбатын Мягмаржаргал эхний тойрогтой хийлж, Хятадын Тайванийн тамирчинд хожигдсоноор монголын тамирчид энэ оны азийн аваргын тэмцээнээ 2 хүрэл медаль хүртсэн амжилттай дуусгалаа.

Азийн аваргад өрсөлдөж байгаа 20 орноос 11 орны тамирчид медальт байранд шалгараад байна. Эдгээрээс БНХАУ-ын тамирчид тэргүүлэх амжилтыг үзүүлж, 5 тамирчин медалийн болзол хангажээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Боксчид Азийн аваргаас 2 хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй