Шууд Chart

Олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол сурагчид бүгд шагнал хүртжээ

2017-11-13 12:37:14

Филиппин Улсын Давао хотноо 2017 оны 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд Монгол Улсаас 8 сурагч оролцож, бүгд шагнал хүртлээ.

Дэлхийн нийт 20 гаруй улс оролцсон олон улсын математикийн олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн дөрөвдүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Э.Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн,  Дорноговь аймгийн Замын-Yүд сумын “Үлэмжтэнгэр” сургуулийн 6 дугаар ангийн сурагч О.Энхзул, Э.Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Мөн “Соёмбо” бага сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Г.Нармандах, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн 6 дугаар ангийн сурагч П.Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн “Номуун далай” цогцолбор сургуулийн 5 дугаар ангийн сурагч Ө.Оджаргал, Баянхонгор аймгийн “Соого Сeйкeо” дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г.Бат-Итгэл нар тусгай шагнал авчээ.

Багийн ангилалд манай сурагчид 2 баг болж оролцон, хоёул "Хүрэл цом", хүрэл мeдаль хүртсэн байна. Олон улсын математикийн олимпиадад амжилттай оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Б.Батцэнгэл ахалсан бөгөөд Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн багш Х.Төмөрхан, Баянхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн багш С.Цагаан нар багшаар ажиллажээ. Энэ удаагийн олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас зургаан хүүхэд оролцсон нь манай улсын хувьд онцлог үйл явдал болж байгаа юм.  

Шагнал авсан сурагчид 2017 оны 11 дүгээр сарын 13-нд эх орондоо ирэх ажээ. Дашрамд дурдахад манай хүүхдүүдийн ганзага дүүрэн ирсэн "ITMO-International Teenagers Mathematics Olympiad" нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг нэр хүндтэй олимпиад юм.














Олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол сурагчид бүгд шагнал хүртжээ  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Az [66.181.182.xxx] 2017-11-13 13:32
Мундаг юмаа.олон улсын тэмцээнд оролцоол улс орныхоо нэрийг өндөрт гаргаж байгаа хүүхдүүдийг мөнгөн шагнал өгдөг бмаар юмаа.

Бидэнтэй нэгдээрэй