Шууд Chart

“Forza Italia” маань "ОХУ-2018"-ыг цэнхэр дэлгэцээрээ үзэхээр боллоо

2017-11-14 15:31:11

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг маань Миланы “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэндээ Европын бүсийн нэмэлт тоглолтод Шведийн шигшээ багийг хүлээн авч, гоолгүй тэнцсэнээр (эхний тоглолтод Швед 1:0-ээр хожсон) ирэх жил Хойд хөршийг зорих эрхгүй боллоо.

“Алтан Дагина”-ыг дөрвөнтээ өргөж, хоёр удаа аман хүзүүдэж, нэг удаа хүрэл медаль хүртсэн, миний сэтгэл зүрхнээсээ дэмжиж явдаг “Скаудра Аззура”-чууд маань мултарсанд харамсалтай байна. 1994 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зурагтаар үзэж анх энэ спортын амтанд орсон.

Америкийн ДАШТ-ий финалын тоглолт миний сэтгэл зүрхэнд хэзээ ч мартагдаггүй одоо ч тод санадаг. Бразил-Италийн аваргын төлөөх тоглолт үндсэн болон нэмэлт цаг 0:0-ээр тэнцэж ялагчийн хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэхэд Италийн багийн сүүлийн цохилтыг финал хүртэл “чирсэн” Роберто Бажо алдаж багаа хөөдөж байлаа.

Хүмүүс хожсон багийг дэмждэг байхад би гэдэг хүн хожигдсон Италийн шигшээ багийг түүнээс хойш зүрх сэтгэлээсээ дэмжих болсон доо. 2006 онд Германы ДАШТ-ий шигшээ тоглолтод Зинедин Зидан тэргүүтэй “Гурван өнгөтнүүд”-ийг торгуулийн цохилтоор хожиж “Алтан дагина”-ыг гардахад өөрийн эрхгүй нулимс дуслуулж байлаа. “Скаудра Аззура”-чууд 12 жилийн давтамжтай (1970, 1982, 1994, 2006 он) Мундиальд финалддаг болохоор ирэх жил Орост болох ДАШТ-д дээгүүр үзэх болов уу гэж бодож байлаа. Гэхдээ ийм зүйл болохгүй нь харамсалтай.

Италид шинэ үе гарч ирж харагдахгүй байна. Дээр нь Бажо, Равенилли, Зола, Вьери, Инзаги, Дель Пьеро, Тотти шиг “гоол”-ын тэнгэртэй довтлогч алга. Тэгээд өнгөрсөн жил Контегийн халааг “Сериа-А”-гийн дундаж клубүүдийг насаараа удирдсан Жиан Вентурад шигшээ багийн судсыг атгуулсан нь том алдаа байсан юм.

Ямар ч дасгалжуулагч мундсан биш дээ. Юу байна, топ түвшиний "тренер" олонтой улсдаа уг нь. Ирэх жилийн ДАШТ-ий дараа шинэ эрч хүчтэй, залуусаар хүчээ сэлбэсэн “FORZA ITALIA”-г харна гэдэгт итгэл дүүрэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Forza Italia” маань "ОХУ-2018"-ыг цэнхэр дэлгэцээрээ үзэхээр боллоо  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй