Шууд Chart

“Пёнчан-2018” олимпийн наадмын тасалбар худалдаанд гарчээ

2017-11-16 09:52:33

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам эхлэхэд 86 хоног үлдсэн бол XII паралимп 114 хоногийн дараа эхэлнэ.

1988 онд зуны XXIV олимпийн наадмыг зохион байгуулж байсан өмнөдүүдийн хувьд өвлийн наадмыг авахын тулд чамгүй их бэлтгэсэн. Өдгөө Хойд, Өмнөдийн байдал хурцадмал хэвээр байгаа ч өмнөдүүд “Пёнчан 2018”-д ихээхэн анхаарал хандуулж байна. Пёнчан хот хэдийн дэлхийн улс орны шилдэг тамирчид, дасгалжуулагчид, албаны зочид, аялагчдаа хүлээж авахад бэлэн болжээ. Өдгөө тус улсад олимпийн наадмын бамбар буухиалан өртөөлсөөр байна. “Пёнчан 2018” олимпийн наадамд 95 орны 2500 гаруй тамирчин өрсөлдөнө. Мөн паралимпийн наадамд 42 улсын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөх юм. 

Одоогоор “Пёнчан 2018” олимпийн наадмын нээлт болон хаалт, тоглолтын тасалбарыг худалдаанд гаргаад байгаа. Олимпийн наадмын нээлтийн тасалбар ангилалаасаа хамаарч 440 мянгаас 3 сая төгрөгийн хооронд зарагдаж байна. Та 2018 оны хоёрдугаар сарын 9-нд болох нээлтийг D ангилалын суудлаас үзэх бол 440 мянган төгрөгөөр авах бөгөөд С, D ангилалыг 1,2-1,6 сая төгрөгөөр үнэлсэн байна. Харин A зэрэглэлээс тухлан сууж үзэх бол 1,5 сая вон буюу 3 сая төгрөг зарцуулах ажээ. 17 хоногийн турш үргэлжлэх наадмын хаалтын ёслол 2018 оны хоёрдугаар сарын 25-нд болох бөгөөд тасалбар 440 мянгаас 1,9 сая төгрөгийн хооронд зарагдаж байна.

Олимпийн наадмын тэмцээн, уралдааны тасалбарын тухайд уран гулгалт, шорт-трекийн төрлүүд 300 мянгаас 1.5 сая төгрөгийн хооронд байгаа нь хамгийн үнэтэй тасалбар болж байна. Мөн гүйлтийн цанын төрлүүдийн тасалбар 40.000-300.000 төгрөгийн үнэтэй байна. Монголчуудын хамгийн их үзэх дуртай хоккейн тэмцээний тасалбар 40-120 мянган төгрөг бол биатлоныг 40-200 мянгаар үзэж болно. Өвлийн наадамд зориулж 13 цогцолборыг шинээр барьсан бөгөөд Пёнчанд 8, Кан-нюнд 5 цогцолбор барьж, тэмцээн уралдаан зохион байгуулахад бэлэн болгожээ.

Монголчууд энэ удаагийн өвлийн наадамд цана, тэшүүр, биатлоны төрөлд эрх аван, оролцох боломжтой. Одоогоор манай тамирчид эрхийн тэмцээнүүдэд оролцохоор хилийн дээс алхаад байна.  Гүйлтийн цанын төрлөөр Б.Ачбадрах, Ц.Отгонцэцэг, С.Дүүрэнбаяр, А.Энхтуул нарын тамирчид Европт болж буй цуврал тэмцээнд оролцон, оноо цуглуулна. Мөн тэшүүрийн тамирчин Я.Зоригтбаатар, А.Зул нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Тэд эдгээр өдрүүдэд Канадад болох цуврал тэмцээнд оролцох бөгөөд дараа нь АНУ-д болох Дэлхийн цомын тэмцээн манай тамирчдыг хүлээж байна. Монголын тамирчид тэшүүрийн ойрын зай болох 500, 1000 метрийн зайд эрхийн норматив биелүүлэхийн төлөө дасгалжуулагч Д.Энхбаяр, Ж.Долгорсүрэн нарын удирдлагад бэлтгэлээ хангажээ. Монголын биатлончид “Пёнчан 2018” өвлийн олимпийн эрхийн оноо цуглуулах сонгон шалгаруулалтын цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнгөрөгч амралтын өдөр хилийн дээс алхлаа.

Тэд ирэх саруудад Норвеги, Швейцарь, Австри, Словакийн тэмцээнүүдэд оролцож, эрхийн оноог нөхөх хүндхэн бас хариуцлагатай даалгавартай үлдлээ. Манай биатлончид дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Энх-Амгалангийн удирдлагад оролцох бөгөөд тамирчдын бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс О.Гантулга, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Т.Ариунболд, эмэгтэйчүүдээс Э.Ариунзул, А.Эрдэнэчимэг, Г.Сарантуя, Д.Оюунчимэг нар багтжээ. Одоогоор Монголын тамирчдын тухайд пара цаначин Б.Ганболд “Пёнчан 2018” паралимпийн наадамд оролцох эрхээд байна. “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. Харин паралимпийн наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.  Тус наадмын талаарх мэдээлэл болон тасалбарын худалдааг https://www.pyeongchang2018.com сайтаар хийж байна.

Нийтэлсэн: Олимпизм

“Пёнчан-2018” олимпийн наадмын тасалбар худалдаанд гарчээ  
Үзсэн: 1294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй