Шууд Chart

ОХУ Сирийг исламын байлдагчдаас чөлөөлснөө зарлаж байгаа ч цэргээ гаргахгүй гэж мэдэгдэв

2017-12-09 09:00:00

ОХУ-ын Батлан хамгаалах яамныхан саяхан Ерөнхийлөгч Владимир Путинд Сирид исламын байлдагчдыг бүрэн ялснаа илтгэсэн ч одоогоор Сириэс цэргээ гаргахгүй гэж мэдэгдэж байна.

Яамны төлөөлөгчид Сирид “Исламын улс” террорист бүлгийн хорлон сүйтгэх бүлэглэлүүд шинээр гарч ирж болзошгүй ч тэднийг Сирийн Засгийн газрын цэрэг устгаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын Жанжин штабын шуурхай удирдлагын газрын дарга Сергей Рудской “Одоо Сирид үйл ажиллагаа явуулж байгаа Оросын цэргийн хүчин гол анхаарлаа Сирийн ард түмэнд амар тайван амьдралаа сэргээн босгох үйл хэрэгт, мөн талуудын хооронд өмнө хүрсэн тохиролцоог дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэхэд хандуулна” гэж мэдэгдлээ.

Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын тодруулснаар Сирид ОХУ-ын цэргийн ажиллагааг зогсоох шийдвэрийг гагцхүү ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд гаргах ёстой байна. Оросын жанжин штабын дарга Валерий Герасимов энэ сарын 6-ны өдөр Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Исламын улс” террорист бүлэглэлийн зэвсэгт бүлгүүдийг устгасан, Сирийн нутаг дэвсгэрийг чөлөөлсөн, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр энэ тухай Ерөнхий командлагч, Ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэн” гэж мэдэгдсэн юм.

Герасимовын хэлснээр "Өнгөрсөн лхагва гарагт Сирийн арми Дэйр-эз-Зор мужид “Исламын улс” бүлэглэлийн үлдэгдлийг устгажээ. Тэгээд ч ОХУ-ын  эрх баригчид энэ оны сүүл гэхэд Сирид явуулж байгаа цэргийн ажиллагааг дуусгана гэж мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч Путин 11 дүгээр сарын 20-ны өдөр Сочид Сирийн Ерөнхийлөгч Башар Асадтай уулзахдаа “Сирид явуулж байгаа Оросын цэргийн ажиллагааг удахгүй дуусгана. Энэ ажиллагаа өмнөө тавьсан гол зорилгодоо хүрсэн. Хэдийгээр терроризмыг бүрэн гүйцэд ялан дийлэх болоогүй ч Сирид бид өмнөө тавьсан зорилгодоо хүрлээ” гэсэн юм.

Маргааш өдөр нь Путин Турк болон Ираны Ерөнхийлөгчтэй уулзаж "Сирийн нутаг дэвсгэрийн 98 хувь Сирийн армийн хяналтад орсон. Террористуудын эсэргүүцлийн голомт байгаа ч гэлээ Сирийн арми Оросын агаар сансрын хүчний дэмжлэгтэйгээр дор нь дарна. Одоо гол асуудал Сири улсын ирээдүйг тодорхойлох явдал” гэж мэдэгдсэн.

ОХУ Сирид цэргийн ажиллагаа эхлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Зарим ажиглагч Сири дэх Оросын цэргийн оролцоог олон улсын тавцанд өөрийн нөлөөг нэмэх, Сирийн сэдвийг дэлхийн бусад гүрнүүдтэй хийх геополитикийн арилжаанд ашиглах гэдгээр тайлбарлах оролдлого хийж байна. 

Нийтэлсэн: Т.Цогтоо

ОХУ Сирийг исламын байлдагчдаас чөлөөлснөө зарлаж байгаа ч цэргээ гаргахгүй гэж мэдэгдэв   
Үзсэн: 1358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй