Шууд Chart

Начын Куулар: Дараагийн даваа маань олимпийн наадам, зөвхөн ялалт

2017-12-25 16:28:28

Нэрт дасгалжуулагч Дмитрий Миндашвилигийн нэрэмжит Красноярскын бөхийн академийн төлөөлөл Начын Куулар 2017 онд 23 хүртэлх насны ДАШТ болон цэргийн ДАШТ-д түрүүлсэн билээ. Тэрбээр дэлхийн аварга болсныхоо дараа төрсөн нутаг Тувагийн нийслэл Кызыльд очиж, хэд хэдэн арга хэмжээнд оролцсон юм. Мөн энэ оны Тувагийн шилдэг тамирчин болсон бөгөөд нутгийн хэвлэлд ярилцлага өгчээ.

-Польшид болсон ДАШТ-д нийт таван барилдаан хийсэн. Бүх барилдаан хүнд санагддаг байх. Гэсэн ч хамгийн хүнд нь хэнтэй хийсэн барилдаанаа хэлэх вэ?

-Тактикийн болон сэтгэл зүйн хувьд ч бүх барилдаан хүнд байсан. Зарим нэг барилдаан урьдчилсан төлөвлөснөөр болоогүй тул дэвжээн дээр барилдаанаа өөрчлөх шаардлага гарч байсан. Хүндхэн баридааны хувьд гэвэл бодоход аваргын төлөөх бус, харин эхний барилдааныг хэлж болно. Би дэвжээнд гарахын өмнөхөн бие халаалтаа дутуу хийсэн минь алдаа болох шахсан.

-Нүдний чинь дор байгаа хөхөрсөн нь “бие халаалт” дутуу хийсний үр дүн мөн үү?

-Үгүй дээ. Энэ чинь монголын бөхийн өгсөн (ОУХМ Т.Тулгыг хэлж байна) “найзын мэндчилгээ” (Инээв). Бөхийн барилдаан бол жинхэнэ эр хүний спорт, халз тулаан учраас хэн ч иймэрхүү гоёлоос хамгаалагддаггүй шүү дээ. Би ДАШТ-д эхлээд Молдавын бөхтэй барилдсан. Түүнтэй нэлээд хүндхэн барилдаан хийсэн юм. барилдааны төгсгөлөө сайн хийснээр түүнийг ялсан. Хоёр дахь барилдаанаа америк бөхтэй хийсэн л дээ. Тэр намайг өмнө нэг удаа гомдоосон юм. Түүнд ялагдаж байсан болохоор энэ удаа хариугаа бүрэн дүүрэн авч чадсан юм. Харин дараа нь Монголын бөх (яагаав нөгөө мөргөлдсөн), хагас шигшээд Беларусийг, шигшээ барилдаанд Энэтхэгийн бөхийг ялсан даа.

-Шигшээ барилдаан яаж төгссөнийг бид бүхэн мэдэж байгаа. Харин шүүгч гарыг чинь өргөх тэр мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?

-Үнэнийг хэлэхэд би эхлээд юу хийснээ ойлгоогүй. Бүх зүйл минийхээр болсон гэдэгт итгэж өгдөггүй.

-Гэхдээ энэхүү ялалтын “галзуу” мэдрэмжийн дараа тайвшрал илэрсэн үү?

-Зүгээр л энэ бол зөвхөн эхлэл. Чи үүний төлөө шантаршгүй явсаны үр дүн. Дараагийн шат, дараагийн даваа, түүнд би бодитойгоор дөхөж очсон гэдгийг ойлгосон.

-Дараагийн даваа гэдэг нь юу гэсэн вэ?

-Олимпийн наадам.

-Тэгээд ялалт?

-Тэгэлгүй яах вэ, зөвхөн ялалт.

-Чиний нэрийг яаж орчуулж ойлгодог вэ?

-Би бага байхаасаа нэрийнхээ тухай сонирхож байсан. Танил хүмүүс болон ээж, өөрийн өвөө нараас асууж байсан. Начын гэдэг нь тувагаар харцага гэж тайлбарласан. Бас Тувачууд Начын гэж их ур чадвартай хүмүүсийг хэлдэг гэж хэлж байсан.

-Чамайг нэр чинь жигүүрлээд байдаг юм биш биз?

-Тэгэлгүй яахав дээ. Нэр маань надад таалагддаг. Хүн болгон өөрийн нэрийг хамгаалахын төлөө байдагтай адил би ч гэсэн нэрээ эрхэмлэдэг.

-Минийхээр бол бөхийн дэвжээн дээр чи үүнийгээ зүгээр л үзүүлж өгч байна гэж болно. Чиний барилдааны бичлэгийг үзсэн. Үнэнээсээ хэлэхэд барилдааны үед өрсөлдөгчийнхөө хөлд орж байгаа чинь харцагын шумбалттай зүйрлэмээр. Начын бүх зүйл яаж эхэлсэн бэ. Хөлбөмбөг, хоккей, цаныг сонгож болох байсан ч яагаад бөхийн спортыг сонгов?

-Өөр спортоор явж болох л байсан Жишээ нь, би хөлбөмбөг тоглох дуртай байлаа. Багадаа хөлбөмбөгөөр “өвчилсөн” хүүхэд байсан. Болох ёстой юм л болсон. Үнэнийг хэлэхэд бөхөд ээж маань аваачсан юм. Би эцэггүй өссөн. Ээж маань намайг жинхэнэ тамирчин өөрийнхөө төлөө баттай зогсч чаддаг, өөрийнхөө хүчинд итгэдэг хүн болоосой гэж хүссэн юм.

-Ээжийн чинь хүсэл биелжээ. Тэр бас тамирчин байсан уу?

- Тийм ээ. Ээж маань биатлоноор хичээллэдэг, бас волейбол их тоглодог байсан. Түүний энэхүү туршлага нь надад спортын төрлөө сонгоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэж боддог. Ээж маань “Чи зөвхөн өөртөө итгэж найдаж болох ганцаарчилсан спортын төрлийг сонго” гэж зөвлөдөг байсан. Тиймээс чөлөөт бөхийг сонгоход том түлхэц болсон. Ээж маань миний тусламжтайгаар миний бага дүү охиныг маань бас спортод оруулаад байгаа. Дүү маань одоо найман настай, хоёрдугаар анги. Спортын гимнастикаар дажгүй хичээллэж байна.

-Ээжтэйгээ, дүүтэйгээ уулзах, гэртээ байх боломж хэр байна вэ?

-Харамсалтай нь төрөл төрөгсөдтэйгээ уулзах, гэртээ байх боломж ховор байдаг. Красноярскт дөрвөн жил амьдарч байна. Красноярскийн бөхийн академи миний гэр болсон. Би том том олон хотод очиж байлаа. Түүнтэй харьцуулахад, Красноярскт илүү тохилог, надад их тайван, өөрийн төрсөн хот шиг санагддаг.

-Бэлтгэлийн чинь төлөвлөгөө ямар байдаг вэ?

-Үнэнийг хэлэхэд өмнө нь өөрийгөө төдийлөн дайчилдаггүй, өөртөө ачаалал өгдөггүй байсан. Тиймээс ч дасгалжуулагч нараас “жавтий” хүртэж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам хөдөлмөрлөхгүйгээр, хөлсөө дуслуулахгүйгээр тодорхой амжилтанд хүрэхгүй гэдгийг ухаарч эхэлсэн. Одоо бол би тогтмол бэлтгэл хийдэг. Спортын танхим болон дэвжээн дээр өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсдаггүй. Бөхийн академид өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг бөгөөд үүнд өөрийгөө бүрэн дайчилдаг.

-Чиний барилддаг жин?

-Одоо бол 65 кг. Олимпийн энэ жинд шилжээд удаагүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш барилдаж байна. 

-Шинэ жинд шилжихэд хэцүү байсан уу? 

-Жаахан (Инээмсэглэв). Физикийн талд асуудал байлгүй яахав, гэхдээ шийдэж болно. Зөвхөн өөртөө хяналт тавьж формоо байнга барих хэрэгтэй.

-Тамирчинд байнга биш ч бэртэл гэж хүнд асуудал байдаг. Чамд бас тохиолдож байсныг мэдэх юм байна?

-Харамсалтай тэр бэртлээс болж бүтэн жил хагасын хугацаанд хашлаганы гадна үлдсэн. Төмөртэй, штангтай хичээлэхдээ хэтрүүлчихсэнээс болж дискээ гэмтээсэн. Нэг үгээр хэлэх юм бол ийм гэмтэлтэй хүн бөхийн дэвжээтэй салах ёс гүйцэтгэх бодит аюул тулгарсан. Би бөхийн академидаа миний өвчнийг эмчлэх, эргэж ирэх боломж олоход минь дэмжиж тусалсанд үргэлж баярлаж явдаг. Бүгд надад итгэж байсан тул ийм их итгэлийг дааж гарах үүрэгтэй байсан.

-Бөхийн академийн ахмад Сергей Хачикян “Намайг чиний дасгалжуулагч гэж хэлж болохгүй, ерөнхийдөө зөвлөх гэвэл болно” гэж хэлсэн нь гайхашруулсан? Энэхүү дасгалжуулагчийнхаа үгэнд хэрхэн хандах вэ?

-Бөх хүний хувьд “өөрийн сүүн шүднээсээ салах”-ад минь Сергей Григорьевич Хачикян гуай л тусалсан. Дэвжээн дээр гаргаж байсан алдаа болгоныг минь засч байсан. Түүний энэхүү зөвлөгөөний ач гавьяагаар миний амжилт өсч дэвжиж эхэлсэн. Тиймээс ч Сергей Григорьевич гуайг хэзээ ч өөрийн жинхэнэ дасгалжуулагч гэж боддог. Түүнчлэн, миний дэвжээн дээрх хувийн дасгалжуулагчаас гадна тэр миний амьдралын маань, бас ахуйн бүхий л асуудлыг шийдэхэд тусалдаг, хамгийн ойрын зөвлөх юм.Нэмж хэлэхэд, Бөхийн академид надад зөвлөх, туслах, хэлж өгөх олон дасгалжуулагч бий. Жишээ нь, Виктор Петрович Алексеев гуай надад өөрийн хүүхэд шиг ханддаг. Бөхийн академи бол спорт, амьдрал, хамтын харилцааны жинхэнэ академи юм. Энд олон үндэстэний бөхчүүд бид бүгд нэг гэр бүл шиг байдаг. Энд өнгөрүүлсэн дөрвөн жилийн хугацаанд би дасгалжуулагч, тамирчдын хоорон дахь ямар нэг маргааныг үзээгүй.

-Бөхийн академид Дэлхийн аваргад ялсан ялалтыг чинь тэмдэглэх ёслолын арга хэмжээн дээр нэг ширээний ард сонгомол бөхийн олимпийн аварга Шумаковтай зэргэлдээ суусан нь тохиолдлынх уу, эсвэл төлөвлөсөн байсан уу?

-Би Алексей Шумаковыг зэргэлдээ суух гэж байр захиалаагүй (Инээмсэглэв). Гэхдээ үнэнийг хэлэхэд Монреалийн олимпийн үлгэр домог болсон бөхтэй зэрэгцэн суухад баярласан бөгөөд түүнтэй гар барихад их тааламжтай байсныг нуугаад яахав. Алексей Шумаков гуайг Красноярскт ирсэнээсээ хойш мэддэг болсон. Түүнийг анх нэг тэмдэглэлт арга хэмжээний үед, гэхдээ минийх би шээ, (Инээв). Алексей Васильевич гуай залуу бөхчүүдэд өөрийн түүхэн замналын түүх (хаанаас ирсэн, бөхөд яаж орсон, бэлтгэл яаж эхэлсэн, хариуцлагатай тэмцээн дээр өөрийн нутаг нэгт бөхчүүдтэй ялалт байгуулж байсан)-ийг ярьсан юм. Ийм яриа нь санаанд үлдэхээс ч өөр аргагүй. Яагаад гэвэл олимпийн аварга өөрийн түүхээ ярьсан нь түүний замналаар явах бусдад үлгэр дууриалал болно.

-Чиний хамгийн гол мөрөөдөл-Олимпийн аварга гэдгээ хэлсэн үү?

-Тийм ээ. Энэ бол ямар ч тамирчны хамгийн гол зорилго. Би бусдын адил ялгарах зүйлгүй.

-Чи армийн ДАШТ-д аваргалсан болохоор цэргийн хүн болж байна уу?

- Тийм ээ. 

-Хувийн амьдралдаа анхаарч амжиж байна уу?

-Эхнэртэй юу гэж асуух гээд байна уу? (Инээмсэглэ)? Би 22 настай. Бүх зүйл маань өмнө байна. Найз бүсгүй бол байгаа. Гэр бүлтэй болох талаар нухацтай бодож байгаа. Гэвч, хүсэл хясал гэдэг шиг спортын дэглэмд маань одоохондоо гэр бүлийн асуудал багтаж өгөхгүй байна.

-Одоохондоо гэдэг хэр удаан үргэлжлэх “эрсдэл” вэ?

-Одоогоор зөвхөн барилдах бодолтой байна. Энэ нь багаар бодоход 2024 он хүртэл. Миний өмнө хоёр олимпийн цикл байна. Үүнийг өнгөрөөхийг хүсэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бат


Начын Куулар: Дараагийн даваа маань олимпийн наадам, зөвхөн ялалт  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй