Шууд Chart

Шинэ цай /Өгүүллэг/

2018-01-03 10:55:12

Жин үдийн нар зулай нэвт төөнөж, сүүмэн хөх зэрэглээ талын энгээр суунаг татан мяралзсан зуны дунд сарын балжиннямтай билэгт сайн өдөр Молом, Цэнгэл хоёр ачааны тэрэгний бөгчим халуун бүхээгт савчуулан Хавчуугийн амыг өгсөж явлаа. Ёс болгож өмссөн малгай бүү хэл зүс дагаж ургасан үсэндээ хүртэл түүртэм их халуунаас шантарсан уу, эсвэл хэзээ мөдгүй тулаад ирсэн уулзалтаас халширсан уу, бүү мэд, Молом нэг л бэргэсэн янзтай:

-Шууд л давхиад буухаар яадаг юм бол доо хө хэмээгээд эмгэн рүүгээ царайчлан харвал нөгөөх нь:
-Одоо эргэж буцах газаргүй болсон байх аа гээд буруу харав.

Молом, Цэнгэл хоёр адтай ааштай, амтай хэлтэй гэж жигтэйхэн, зүс царайгаар гурван сумандаа гайхагдсан сайхан охинтой байсан цаг саяхан мэт ч талийгаачаа бурхны орон руу илгээгээд долоон зуны нүүрийг үзжээ.

“Инээхээс өөр өвчингүй, тольдохоос өөр ажилгүй хэцүүхэн хүн шүү” гэж ээждээ загнуулдаг байсан охин нь нутгийнхаа Санж өвгөний хүү Дэмбээтэй толгой холбож, ганц сайхан хүүтэй ч болж, эмгэн өвгөн хоёрын сэтгэлд чухам нэг нар мандуулж билээ. Гэвч охин нь сөнгө бяцхан хүүгээ гуравхан настай байхад нь ходоодны хорт хавдартай болж, хот хүрээ газарт туяа эмчилгээ хийлгэж, хагас жил эмнэлгийн ор сахисан боловч эдгэрлийг олсонгүй. Газар дээрх ганц охин үрээ алдаж, амьдын тамд унасан хоёр хөгшнийг хүргэн хүү нь л түшиж тулж, ганц зээ нь голыг нь дэвтээсээр өнөөдөртэй золгожээ. Халуун залуу насанд хагацал амсаж, гэрт орж эм, гадаа гарч эр болж, эхээсээ өнчирч үлдсэн хүүгээ өвөртлөөд хэдэн малынхаа хойноос шогших хүргэнээ харсан өвгөн тулж ирсэн зовлонг сөрж зогсох тэнхэлтэй болж, уй гашуу, харуусал зовлонгоосоо болоод нүүрнийхээ арьсыг холцруутан сайрттал уйлсан эмгэн ч бас үхсэний хойноос үхэхгүйгээс хойш өндийж босох ёстой гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож билээ.

Хүү нь сургуульд орж, дотуур байранд амьдрах болсон цагаас эхлээд Дэмбээ аймгийн төв рүү байн байн шогшдог шинэ ажилтай боллоо. Хүүгээ хүргэж өгөх, авах, хоол, унд дөхүүлэх, хувцас хунарыг нь солих гээд тийн явах шалтгаан ч тасрахгүй. Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд Дэмбээгийн аймаг руу явах нь илүү олширч, ирэх цаг нь улам алсардаг болжээ. Хоёр хөгшин эхэндээ “Яав ийв, ямар нэг муу юм болоогүй байгаа” гэж түгшдэг байсан бол сүүлдээ “Гэрээс гарахаараа л уяа нь алдуурсан нохой шиг алга болдог хүнтэй боллоо” хэмээн битүүхэндээ бухимдана.

-Эрүү өвдөг нь нийлэх шахсан хоёр хөгшин хэдэн малын хөл гүйцэхгүй уулын мухарт самгардаж суугаа гэдгийг чи бүр мартаж орхижээ хэмээн Цэнгэл үглэж хүртэл үзсэн удаатай. Хэд хоногийн өмнө Дэмбээ хулган байж:
-Би аймаг ороод ирдэг юм уу. Хүнтэй уулзах ажил гараад гэхэд Цэнгэл эмгэн:
-Өөрөө л мэд...Хүүгийн хичээл сургууль тарсан байхад ямар ажил байдаг байнаа хэмээн үглэж эхэлтэл Дэмбээ хар цагаан дуугүй гараад явсан билээ. Түүнээс хойш тэр ирсэнгүй.
-Дэмбээ бас л алга шүү гэж Цэнгэлийг үглэхэд Молом:
-Залуу хүн шүү дээ, хөөрхий. Одоо дөнгөж гуч гарч байна.

Хар залуугаараа хагацал зовлон үзэж, сэтгэлийн шаналалд автсан хүн гадуур дотуур яваг дээ. Ноос ноолуурын ажил дууссан, хадлан тарианы цаг болоогүй, найр наадам ид өрнөсөн үед жаахан ч гэсэн нуруугаа амрааж, сэтгэлээ тэнийлгэг. Чи битгий үглэж, дуулаад бай хэмээн түүнийг зандарсхийгээд л өнгөрчээ. Энэ явдлаас хойш хэд хонож байтал хамаатных нь бүсгүй шөлний хонь авахаар тэднийд ирэхдээ Цэнгэлтэй ихэд аминчирхаж:

-Цэнгээ аажаа минь, хүн гээч амьтан худлаа л байдаг юм байна. Муу дүүг минь өнгөрөөд долоохон жил болж байхад Дэмбээ эхнэр авах гэж байгаа бололтой. Хавчуугийн амны Иш өвгөний охинтой сүжрээд, өнөөх нь саяхан нярайлсан гэнэ. Энэ муу хүү нь хар нялхаараа хойд эхийн гар харах нь дээ гэлээ. Цэнгэл эмгэн:
-Даанч дээ хэмээн уулга алдаж, тэдний яриаг гэрийн дотроос сонсож суусан Молом өвгөн ч хирдхийн цочсондоо ууж байсан аягатай хярмаа золтой л алдаж асгасангүй.

Хүргэн хүү нь шинэ эхнэр авч, бүр хүүтэй болсон тухай мэдээ хоёр хөгшний аньж ядсан шархан дээр давс үрсэн хэрэг болж, хэн хэнийг нь нойргүй хонуулжээ.

Маргааш өглөө нь үе үе нулимсаа арчин зээ хүүгийнхээ толгойг үнэрлэн нялхамсаж, тэгснээ өвгөн рүүгээ адайр аашлах эмгэнээ өрөвдөнгүй харж суусан Молом ухасхийн босч, Дэмбээгийн гэрийг буулгаж эхлэв. Цэнгэл эмгэн сандарч:

-Хүүе, өвгөн минь больж үз. Нүгэл гэм. Хүн амьтан юу ч гэх билээ гэхэд Молом хариуд нь хар цагаан ганц ч үг ганхийсэнгүй. Тэрээр хүргэнийхээ гэрийг буулган хана, унийг нь цэмбийтэл хурааж, туурга дээврийг нь хатаахаар дэлгэсэн хойноо:
-Алив, Цэнгэл энэ гэрийн дээвэр туургыг сэлбэ. Би гэрийнх нь модыг будуулахаар Балдангийн хүүг дуудаадхая гээд аргамжаатай морь руугаа үг сүггүй алхлаа.
Хүргэнээ эхнэртэй болсон гэж дуулаад гэр орныг нь буулгаж түйвээх нь гэж айж суусан Цэнгэл ч шурдхийн босч зүү утас нийлүүлэн дээвэр туургыг нь нөхөж сэлбэв. Тэр хоёр Дэмбээгийн гэрийн модыг будуулж, хуучин муу авдрыг нь илүү гэртээ оруулж, хоёр шинэ авдар, ор худалдан авч, дээл хувцсыг нь хийгээд өнөө өглөө хар үүрээр ачаалаад жин үд гэхэд Хавчуугийн амны хад чулуун дунд бүдчүүлж сэгсчүүлж яваа нь энэ билээ.
Хүнд амьсгаатай тэрэг аахилж уухилсаар газрын өгсүүрийг гэтлээд улмаар гол уруудан давхисаар Иш өвгөний гадаа ирэв. Том, жижиг хоёр гэрийн гадаа хүүхдийн өлгийний даавуу угааж хатаажээ. Тэрэгний чимээнээр гэрээс гарч ирсэн Дэмбээ хоёр хөгшнийг хараад сандарч мэгдэн:
-Хүүе, ээж гэснээ өөр үг дуугарсангүй хөшиж орхилоо. Молом, Цэнгэл хоёр машинаас буух зуураа дээл хувцсаа засан малгайгаа тэгшлээд:
-Алив хүү минь, ирж үнсүүл гэхэд энэ ертөнц дээр байхгүй том нүгэл үйлдсэн мэт санан айж ичиж, сандарч зовж байсан Дэмбээ өөрийн мэдэлгүй Моломын тохойг түшин үнсүүлэв.

Иш өвгөний гэрт хүүхдээ хөхүүлж суусан намхан бүсгүй айлчид орж ирэхэд яарч сандран босоод цай аягалах зуураа хоёр хөгшнийг гайхсан шинжтэй харна. Гэрийн эзэн Иш мэндийн үг хэлэлцээд газрын гарц, бороо хур мэтийн ойр зуурхныг сонин болгох зуураа Дэмбээ рүү асуусан харц байн байн илгээх аж. Дэмбээ ч байх суух газраа олж ядан дальдчина.

Молом өвгөн цайгаа уучихаад бодлоо цэгцлэх мэт түрхэн сууснаа өврөөсөө хадаг гарган Иш өвгөний бурхан дээр ихэд ёсорхуу тавиад:

-Хоёр хүүхэд маань хамтын амьдралаа эхлүүлж, үр хүүхэдтэй болсонд хөгшин хонины насгүй болсон бид магнай тэнэгэр байна. Яаруу тулгамдуу сонсоод хүүгийнхээ гэрийг ачаад ирлээ. Намраас ёс төрөө гүйцээнэ биз. Залуу хүмүүс өөрийн гэсэн орон гэртээ үр хүүхэдтэйгээ амьдрах нь хамгаас чухал гэж мунхаг би бодлоо гэснээ санаа алдлаа.
Тэнгэрийн нар газарт аргамжуулсан мэт тунарч, цэцэгсийн толгой өнгө булаалдан алагласан Хавчуугийн голын хөвөөн дээр цомбойж бөмбийсөн шинэ гэр бослоо. Молом өвгөн “Ямартай ч муу хүргэнээ айлын гэрт толгой хоргодуулахгүй юм шүү” гэсэн бодолдоо хүрч сэтгэл нь бага ч болов амсхийсэн бол Цэнгэл эмгэн “Үхсэн амьдын өр салах цаг боллоо” хэмээн ууч холоор сэтгэж, хүргэн хүүгээ өрөвдөнгүй ширтэх ажгуу.
Дэмбээгийнх гэдэг айлын шинэ цай тогоон дээр даргитал буцалж байлаа.

Б.Цоожчулуунцэцэг

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Шинэ цай /Өгүүллэг/  
Үзсэн: 2333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
mj [103.10.23.xxx] 2018-01-12 12:04
yum bichij terlehee bolison tsartssan setgel dotriig gesgeew bna harin.chamd hariu barin a aa,harj bgaarai chi.
mj [103.10.23.xxx] 2018-01-12 12:00
naiz mini saihan uhaaral hairlasan uguulleg bailaa.mundag bichjee.
хөдөөний өвгөн [66.181.168.xxx] 2018-01-04 08:34
Жинхэнэ монгол амьдрал монгол ухаарал
bi [202.21.112.xxx] 2018-01-04 08:14
goe bichjee
Зочин [183.177.97.xxx] 2018-01-03 17:23
saihan uguulleg bna mongolchuudiin holch uhaan ....gej
уншигч [202.179.31.xxx] 2018-01-03 17:10
ухаарал хайрласан гоё өгүүллэг байна

Бидэнтэй нэгдээрэй