Шууд Chart

Энгийн герпес

2018-01-11 14:47:28

Энгийн герпес нь арьс, салст дээр цэврүүнцэрт тууралт гарах байдлаар эмнэлзүй нь илэрдэг, дахих шинжтэй, архаг явцтай, элбэг тохиолддог заримдаа хүний амь насанд хүрч болох хүндрэлд хүргэдэг халдвар юм.

Энгийн герпесээр аль ч насны эрэгтэй, эмэгтэйчүүд адил өвчилнө. Шалтгаан эмгэгжам. Энгийн герпесийн үүсгэгч нь энгийн герпес вирус (ЭГВ)-ыг анх 1912 онд Грутер туулайн нүдний эвэрлэгт гарсан цэврүүний шингэнийг шинжилж байхдаа тогтоожээ. Энгийн герпер нь herpesviridae омогт хамаарагддаг вирус бөгөөөд түүнийг ийлдэс судлалын 1 ба 2 гэсэн хэв шинжтэй болохыг 1962 онд тогтоосон байна. ЭГВ нь бөмбөлөг хэлбэртэй, 120-150нм голчтой, нийлмэл бүтэцтэй, түүний төв хэсэгт 100х106 кильдальтон молекул жинтэй ДНХ агуулагдана. ДНХ-ийн гадна талаар липид бүхий уурган бүрхүүл байх бөгөөд түүний уурган бүрхүүлд олон төрлийн нүүрс-уст уураг байрладаг. Эдгээр нүүрс-уст уураг нь вирус эстэй харилцан үйлчлэх үед янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг тул түүнийг ялган таних зорилгоор gp B, gp C, gp D, gp E, гэх мэтээр тэмдэглэдэг байна. ЭГВ-1 хэв шинж нь төрснөөс хойш жил хагасын дараа агаар дуслын замаар халдварладаг гэж үздэг. Халдварласан ЭГВ-1 хэв шинж нь гурвалсан мэдрэлийн зангилаанд далд хэлбэрээр удаан хугацаагаар хадгалагддаг. Зарим тохиолдолд хүний амьдралын насан турш ч өвчин дуудахгүй байж болно. ЭГВ-1 хэв шинж нь бэлгийн бойжилтын дараа бэлгийн хавьтлаар халдварлах бөгөөд ууцны мэдрэлийн зангилаанд мөн далд хэлбэрээр удаан хугацаагаар хадгалагдана. ЭГВ-1, ЭГВ-2 хэв шинж нь аль аль нь даарах, халуурах, сэтгэл санааны хямрал, томуу, томуу төст өвчин, дархлал суларсны улмаас идэвхижиж өвчин дуудах шинжтэй болно.

ЭГВ-1 нь уруул, амны хөндий, нүдний салстад,

ЭГВ-2 нь бэлгийн герпесийг үүсгэнэ.

ЭГВ ялангуяа ЭГВ-2 хэв шинж нь хавдар үүсгэх шинжтэй байдаг.

Эмнэлзүй. Өвчтөнд тууралт гарах тэр хэсэгт хорсох, ирвэгнэх, өвдөх зовиур илэрнэ. Заримдаа тууралтын тэр хэсэгт их хавагнаж болно. Ерөнхий биеийн талаас их өөрчлөлт мэдэгдэхгүй. Гэвч чичрэх, бие эвгүйцэх, булчингаар өвдөх, 38-39 хэм хүртэл халуурах зэрэг зовиур илэрч болно.

Энгийн герпесийн үед тууралт гол төлөв амны булан, уруулын улаан, хамрын угалз, бэлэг эрхтэн дээр байрлана. Эхлээд тэр хэсэг газарт улайж, дээр нь шар будаа, жижиг вандуйн чинээ хэмжээтэй жижиг цэврүүнцрүүд гарна. Нэг голомтонд 2-10 хүртэл тооны цэврүүнцэр байна. Цэврүүнцэр нь бүлгээрээ байрлах ба тунгалаг шингэнтэй байх ба 2-3 хоноод булингартана. Заримдаа цэврүүнцэрүүд нь өөр хоорондоо нийлж 1-1.5 см голчтой, тэгш биш зах хүрээтэй голомтыг үүсгэнэ.

Харин арьсны үрэлт, даралттай хэсэгт байрласан ба салст дээрх цэврүүнцэрүүд хагарч тод улаан өнгөтэй, тэгш биш зах хүрээтэй шалбархайг үүсгэнэ. Харин үрэлт, даралтгүй хэсэгт байрласан арьсан дээрх голомт хатаж, шаргал саарал тав үүсч, 5-6 хоногийн дараа тав нь ховхорч бага зэргийн улайсан буюу нөсөөжсөн толбо үүсгэн эдгэрнэ. Өвчин 7-10 хоногийн дараа эдгэрнэ.Хэрвээ голомт хоёрдогч халдвараар халдварласан бол өвчний явц удааширна.

Эмгэг эдийн өөрчлөлт. Арьсны өнгөн хөрсөнд хөндий үүссэний улмаас өргөст давхрын эсүүд нь баллон маягийн дистрофийн өөрчлөлтөд орно. Өөрчлөлтөд орсон эсүүд нь нэг буюу хэд хэдэн бөөмтэй болж, бөөмөнд эозинофилийн оршихуун бий болно. Арьсны холбогч эдэн давхрын дээд хэсэгт цусны ба тунгалагийн судас өргөсч, хавагнасан, бага зэргийн цагаан эсээс тогтсон эсийн нэвчдэс болно. 

Эмчилгээ. Хэсэг газарт аналины будаг, кастелланы ягаан, метилены хөх, брилиантын ногоон будгийн 1-3% спиртэн уусмалыг хэрэглэнэ. Мөн вирусын эсрэг үйлчилгээтэй тосон түрхэц, 3% оксалин, 3-5% теброфены мазь, 5% зовиракс (ацикловир, виролекс)-ыг хоногт 5-6удаа түрхэнэ. Мөн хүний цусны цагаан эсийн интерфероны уусмалыг хоногт 6-7 удаа голомтод түрхэж хэрэглэнэ. Энгийн герпесийн дахилтат хэлбэрийн эмчилгээний асуудал нилээд түвэгтэй байдаг. Энэ үед юуны эсийн дархлаа сэргээх зорилгоор декарис, тималин, Т- идэвхилүүр өндөр тунгаар аскорбины хүчил зэргийг хэрэглэнэ. Дибазол 0.01гр хоногт 2 удаа, нэг сар уулгана. Дезоксирибонуклеазаг 10-25мг-аар, нэрмэл ус эсвэл натрихлорын изотоник уусмалд найруулж, булчинд тарьж болно. Тариаг өнжөөд нийт 6-10 удаа хийнэ. Ацикловирыг  200мг, хоногт 5 удаа, нийт 5 өдөр уулгах, мөн тосон түрхлэгийг нь хоногт 5-6 удаа түрхэх нь эмчилгээний үр дүн сайтай байна.

Урьдчилан сэргийлэлт: Энгийн герпесийн дахилтаас сэргийлэхэд бие организмыг чийрэгжүүлэх, эсийн дархлааг сайжруулах нь чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв


Энгийн герпес  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй