Шууд Chart

Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

2018-01-12 15:26:59

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.12) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав. Тус Байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Б.Энх-Амгалан нар Байнгын хорооны дарга болон салбарын сайдаас асуулт асууж тодруулсан юм. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр баталсан хуулиар шинэ Үндсэн хуулийг батлалцсан 1990-1992 оны Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатуудыг нэмж оруулахаар болсон. Тэдэнд олгох нэмэгдлийг 2018 оны улсын төсөвт суулгасан. Иймээс уг хуулийг хэрэгжүүлэх зохицуулалтыг хангах үүднээс энэ төслийг боловсруулсныг Байнгын хороо дэмжиж буйг хэллээ.

Харин Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэтгэврийн хэмжээ бага байгааг хүлээн зөвшөөрч байна. Улсын хэмжээнд тэтгэвэр авч байгаа 381 мянган ахмадын 60 хувь нь бага тэтгэвэр авдаг, тэдний 230 мянга нь тэтгэврийн зээлтэй байна. Иймээс арилжааны банкуудтай ярилцаад тэтгэврийн зээлийг хүүг жилийн 12 хувь болгох, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авсан. Цаашдаа тэтгэврийн зөрүүг багасгах, халамжийн тэтгэвэр тэтгэмжийг амьжиргааны түвшинд ойртуулах, боломжтой бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймээс Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.4 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 67.3 хувь нь дэмжлээ.

Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр тохиож байна. Энэ өдрийн өмнө Улсын Их Хурал чухал шийдвэр гаргаж, Үндсэн хуулиа батлалцсан Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууддаа нэмэгдэл олгохоор боллоо. Энэ төсөлд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн 238 хүн хамрагдахаар болж байгаа юм гэдгийг тодотголоо.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор болж байгаа юм.


Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа  
Үзсэн: 362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй