Шууд Chart

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь баталлаа

2018-01-12 15:29:21

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.12) нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  болон Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын өчигдрийн хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн байна.

Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахаар Байнгын хорооноос гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 58.6 хувь нь дэмжив.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувийн саналаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 65.5-69 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн санаачлан боловсруулж 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг хэлэлцэж дэмжжээ. 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт нар Байнгын хорооны Ажлын хэсэг болон Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хурлдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 6 дахь заалтын “Монголбанкны Ерөнхийлөгч нэр дэвшүүлж” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвүүүлж” гэж өөрчлөн “4/сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй” гэснийг хасахаар тогтов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалтын “6.Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглоно“ гэснийг “6.Засгийн газраас аливаа хэлбэрээр Монголбанкинд чиглэл өгөх, хуульд зааснаас бусад асуудлаар гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 14 дэх заалтыг “5.Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал батална” гэж тус тус өөрчлөн найруулахаар боллоо.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.1 хувь нь дэмжсэнээр Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 65.5-70.9 хувь нь дэмжсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.


Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж бүхэлд нь баталлаа   
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй