Шууд Chart

Татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцсэн жагсаал боллоо

2018-01-12 16:32:42

Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насны нэмэгдүүлэх шийдвэрээ цуцлахыг Засгийн газраас шаардаж 10 гаруй мянган хүн оролцсон жагсаал орон даяар зохион байгуулагдлаа.

Жагсаалын үеэр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг уул уурхай, төмөр зам, авто тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд тэтгэврийн нас, татвар, НД-ын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. Тухайлбал, газрын гүнд олон цагаар ажилладаг уурхайчид, төмөр замчдын дийлэнх олонхи нь тэтгэвэрт гарах наснаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа алдаж группэд гардаг, ар гэрээсээ хол, хүнд хортой нөхцөлд ажиллаж олсон цалингаас нь татвар нэрийн дор төр засаг булаан авч байгааг эрс буруушааж байв.

Жагсаал, цуглаанд оролцогчид төрийн ордныг нэг удаа гороолж, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шаардлагад, "Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулж зарим төрлийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрүүд нь нийгмийн бухимдлыг бий болгож ажиллагчдын эсэргүүцэл, тэмцлийг өрнүүлэхэд хүргэж байна.

Иргэд, хөдөлмөрчдөд татварын дарамт бий болгосон, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг зөрчсөн шийдвэрийг эргэн харж өөрчлөх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулсан боловч Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр хойрго хандаж, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахгүй байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж буруушааж байна.

Иймд дараах асуудлуудыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны дотор шуурхай шийдвэрлэж хариу өгөхийг ШААРДАЖ байна. Үүнд:

1. Хувь хүний орлогын татварын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн авч үзэж өөрчлөх.

2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн хуулийг хүчингүй болгох.

3. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг шаардаж байна.

Холбогдох арга хэмжээг нэн яаралтай аваагүй тохиолдолд тэмцлийн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхээ мэдэгдэе. МҮЭ-ийн эсэргүүцлийн жагсаал, цуглаанд оролцогчид..." гэжээ.


Татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцсэн жагсаал боллоо  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй