Шууд Chart

Донорын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018-01-12 21:18:19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.01.12/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Гантулга танилцуулсан.

Тэрбээр дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ хууль батлагдсанаар гадаадын улс оронд эрхтэн шилжүүлэн суулгуулах хүний тоо цөөрөх эсэх, монголдоо хийлгэвэл эдийн засаг, санхүүгийн хувьд давуу талтай байх тухай, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг хэрхэн байгуулах талаар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэс заслын дараахи асаргаа, сувилгаа, хяналтыг хэрхэн хийж байгаа, гадаад улсад эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийг эмчийн хяналтад бүрэн авч байгаа эсэх талаар, УИХ-ын гишүүн С.Чинзориг хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүн гэдэгт хамтран амьдрагч хамаарах эсэх, тээгч эхтэй холбоотой асуудлыг Донорын хуулиар биш нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй эсэх талаар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Оюундарь, Б.Ундармаа, Х.Баделхан, Н.Амарзаяа нар асууж тодруулсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан нар донорын эд эрхтний наймаа бий болох сөрөг гарах явдлыг хуулиар хэрхэн хаасан, ер нь донор болж эд, эрхтнийг авахад ямар нэг үнэ хөлс төлөх эсэхийг лавлаж байсан.

Ажлын хэсгээс хариулснаар, элэг, бөөр зэрэг эд эрхтнээ өгч буй амьд донорууд хүлээн авч буй өвчтөний ах дүү, эцэг эх, ойрын хамаатан саднууд байдаг аж. Харин амьгүй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах тохиолдолд энэ үйл ажиллагааг Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулах алба зохион байгуулах аж. Тус алба эс, эд, эрхтэнг бүртгэх, хуваарилах, нийлүүлэх, тээвэрлэх, хадгалах, хянах үүргийг гүйцэтгэх бөгөөд хэн гэдэг амьгүй донороос ямар хүнд эрхтэн шилжүүлэн суулгасан тухай мэдээлэл нууц байх юм байна. Тиймээс үнэ хөлс авах, эд, эрхтэн наймаалах зүйл гарахгүй гэлээ.

Дараа нь Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.


Донорын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй