Шууд Chart

Өвлийн олимпийн наадмын түүх

2018-01-13 10:05:12

Хүн төрөлхтний спортын их баяр наадам Өвлийн олимп дөрвөн жилд нэг удаа тэгш тоотой оны хоёрдугаар сард зохион байгуулагддаг уламжлалтай.

Өвлийн олимпийн спортод цас болон мөсөн дээрх цана, тэшүүр, чарганы төрлүүд багтдаг байна. 1924 оны анхны өвлийн олимпийн наадмаас одоог хүртэл бүхий л наадмуудад гүйлтийн цана, уран гулгалт, хоккей, цанын харайлт, гүйлтийн тэшүүрийн төрлүүд багтдаг бол лүүж, шорт-трейк, чөлөөт цанын төрлүүд нь явцдаа нэмэгдэж орсон ажээ.



Анхны өвлийн олимпийн наадам 1924 онд Францын Шамони хотноо зохион байгуулагдаж, 16 орны 258 тамирчин оролцсон аж. Үүнээс өмнө уран гулгалт болон хоккейн төрлүүд зуны олимпийн наадамд явагддаг байсан байна.

1940, 1944 оны олимпийн наадмууд дэлхийн II дайны уршгаар зохион байгуулагдаагүй бөгөөд 1948 онд Швейцарь улсын Сан-Мориц хотноо Өвлийн олимпийн 5 дахь их наадмаар дахин сэргэсэн юм.

Өвөл, зуны олимпийн наадмууд 1992 он хүртэл ижил онд зохион байгуулагдсан бол “Лиллехаммер-1994” Өвлийн олимпоос эхлэн өвөл, зуны олимпийн наадмууд хоёр жилийн давтамжтай сөөлжин зохион байгуулагдах болсон. Ингэснээр өвлийн олимпийн наадам дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй ижил онд зохион байгуулагдаж байгаа билээ.



Өвлийн олимпийн наадмыг олон орон зохион байгуулж байснаас АНУ дөрвөн удаа, Франц гурван удаа, Итали, Япон, Австри, Норвеги зэрэг хэд хэдэн орон хоёр удаа тус тус зохион байгуулжээ.

Өнгөрсөн 22 дахь Өвлийн олимпийн наадам ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулагдсан бол 23 дахь наадам БНСУ-ын Пёнчан хотноо энэ оны хоёрдугаар сарын 9-25-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

2022 оны Өвлийн олимпийн наадам зохион байгуулах эрхийг БНХАУ-ын Бээжин хот хүлээн авч бэлтгэл ажилдаа орсон байна. 2022 онд Өвлийн олимпийн наадмыг Бээжин хот зохион байгуулснаар түүхэн дэх өвөл, зуны олимп зохион байгуулсан анхны хот болох юм.


Өвлийн олимпийн наадмын түүх   
Үзсэн: 1922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энхжин [64.119.23.xxx] 2018-04-18 22:17
гоё мэдээ байна☺☺☺☺☺☺☺☺☺☺☺❄❄❄❄❄❄❄
зочин [103.10.23.xxx] 2018-03-20 09:12
хэрэгтэй мэдээллэ авлаа. Баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй