Шууд Chart

Дэлхийн дээвэр Дэнзэнноргай

2018-01-14 12:39:55

Үүлс нүүж, тэнгэрийн цэнхэрлэг үлдэнэ. Орчлонгийн уулс ажин түжин оршиж, мэргэн санаа, гүн ухааныг бясалган бурханлиг мөн чанараа он жилийн уртад үл алдана. Тэгэвч сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн өлгий болсон дорнын уудам орон зайд уулсын хаан гантиг цагаан титэмээ нар саранд өргөж, хөглөгөр хөх биеэ дөрвөн зүг найман зовхис руу түрэн хүний хүсэл, шувуудын даль хоёрыг даллан дуудна. Ай цаглашгүй их цаст Гималай, Эверест... Манай гарагийн мөнгөн зулай.

Чин үнэнийг хэлэхэд XIXзууны дунд үе хүртэл Гималайн уулс, Эверест оргилын тухай дэлхий дахинд ямар ч ойлголт байсангүй. Тэр бүү хэл, газрын зураг дээр ч энэ сүрлэг  хайрханыг тэмдэглээгүй байсан байна. Тухайн үед Гималайн 7325, 7915 метрийн өндрийг хорвоогийн тооно хэмээн тооцож байсан ч 1856 онд хүн төрөлхтөн шинэ нээлт хийж далайн түвшнээс дээш 8848 мертийн өндөрлөг, Гималайн нурууны ноён оргил Эверестийг нээж, дэлхий дахины газрын зурагт өөрчлөлт орлоо. Эверестийг Балба, Түвдийн ард түмэн Жомолунгма хэмээн дээдлэнэ. Ийн оргилын оргил, уулсын хааны суу алдар дөрвөн зүг найман зовхист дуурсаж, сая сая хүний анхаарлын төвд орших болов. Жомолунгмаг мөрөөдсөн, дэлхийн дээвэрт мөрөө гаргахыг хүссэн хүмүүс хорвоогийн өнцөг булан бүрт амьдрах болов. Чингээд нэгэн зуун өнгөрсөн боловч хаан уулын хүйтэн тэргүүнд хүрч, хөх тэнгэртээ хамгийн ихээр ойртсон нэгэн байсангүй. Балба, Түвдийн Засгийн газар өрнөөс үер мэт ирэх уулчдад хориг тавьсан, ганц нэгээрээ нууцаар ирсэн авирагчид ар араасаа үүрд алга болцгоож байсан тул Эверест хүршгүй хэвээрээ байсаар л байв.

Атлантийн далайд алдарт Титаник хөлөг онгоц живснээс даруй хоёр жилийн дараа буюу 1914 оны тавдугаар сарын 15-ны өдөр... Балба орны дээгүүр зузаан зузаан хөх үүлс нүүж, нарны дулаан илчийг үе үе саринаана. Хэтэрхий өндөрлөг тул сэрүүн салхи үлээн аварга том хандгай шиг сарлагийн сүрэг хад чулуу, уул нуруудыг эзэгнэнэ. Кумбу нутаг угаас тэмцлийн өлгий. Энд хувь заяаг олсон хүмүүн эхийн хэвлийгээс унасан даруйдаа л амьсгалах агаартай тэмцэж, хөлд орсон хойноо хад чулуунд дасч, хэлд орсныхоо дараа уламжлалт, тийм ч амар биш ахуйтай нүүр тулгарна. Дэнзэнноргай хүүг эхэндээ яг ийм л тавилан заяа хүлээж байжээ. Тэр Балба нутгийн Ширваа омгийн сарлагчны хүү болж орчлонд ирэв. Шарын шашинд ихэд сүсэглэх Балбын ард түмний зүрх, сэтгэл дулаахан.

Балбачууд угаас эд мөнгө, эрх мэдэл, баян тансаг амьдралыг үл мөрөөддөг ард түмэн. Тэдний хувьд сэтгэлийг гэгээрүүлэх, гэгээрсэн сэтгэлээр ертөнцийг үзэх л хамгаас чухал. Тиймдээ ч хожмын алдарт хүмүүн тэр үеийн балчир хөвүүн Дэнзэнноргайг эцэг, эх нь сайн хуварга болгохоор нийслэл хот Катманду руу үдэв. Дэнзэнноргай улсынхаа төвд сууж сэтгэлийг анагаах, шидийг олох эрдэмд шамдсан ч энэ түүний хийх ажил, сурах зүйл биш байжээ. Нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Гэр бүл, төрсөн нутаг, уул, усаа үгүйлсэн, тэмүүлсэн Дэнзэнноргай.

Дэнзэнноргай Эверестийн бэлд...

Шашны номд үл шамдсан хүүгээ эцэг, эх нь эхэндээ тийм ч таатай хүлээж авсангүй. Гэхдээ тэдний хайр нь дотроо хал нь гаднаа байжээ. Дэнзэн хүү гэртээ эргэж ирэнгүүтэй аавдаа туслажсарлагчин болов. Уул гэмээнэ уул, сарлаг гэмээнэ сарлаг. Аль хад чулуутай, бартаа саадтай, энхэл донхлоор дүүрэн, ирмэг хавцал дээгүүр бэлчих энэ хүчирхэг амьтныг хариулж, адгуулан явахдаа хүү улам чийрэг, хүчирхэг, зоримог эр хүн болж байлаа. Нар жаргаж, мандсаар. Гэтэл нэг л өдөр тэдний толгой дээрээс санаанд оромгүй гунигт явдал цас шиг унах нь тэр. Кумбу нутагт малын гоц халдварт, аюулт өвчин дэгдэв, анагаах эм үгүй ээ. Сарлагийн сүрэг аль эвэр томтойгоосоо эхлэн унасаар Дэнзэн хүү шилбүүрээ барьж, нүдээ арчин үлдэв. Ядуу зүдүүгийн зовлонт өдрүүд эхэллээ. Ерөөс Балба, Түвдийн хөдөө нутагт сарлаг үгүй бол амьдрал үгүй. Тийм болохоор Дэнзэнноргай гэр бүлээ тэтгэхийн тулд Ширваа овгийн өөр нэгэн чинээлэг айлд зарагдаж, тэдний малчин болов. Сурсан зүйлээ хийнэ гэдэг сайхан. Уул, устай хамт оршино гэдэг сайхан.

Сардаа тун ялихгүй хөлс авдаг байсан ч Дэнзэн гэр бүлээ тэжээж дөнгөөд байлаа. Мэдээж тэлээгээ чангалах үе зөндөө. Энэ үед эрийн цээнд хүрч байсан тэр хатуу хөтүү дунд хал үзэж, халуун чулуу долоосоор төмөр шиг эр болчихсон байв. Харин яг энэхэн оргил насанд нь Дэнзэнноргайг гайхамшигт хувь заяа хүлээж байна чинь ээ хэн мэдэх билээ. Нэгэн удаа тэртээх Энэтхэг орны Даржээлин хот дахь Шийрваа омгийнхны сууринд ачаа хүргэх хэрэгтэй боллоо. Хэдэн арван сарлагийн шар тэгнэсэн жингийн цуваа асга хадан дундуур олон хоног явж хүрсэн юм. Гэтэл тэднийг харсан Английн уулчид яаран гүйж ирээд сайн хөтөч байгаа эсэхийг лавлан, хэрэв бий бол багагүй хөлс төлөх тухай хэлжээ. Жин тээгсдийн дунд 19 настай Дэнзэнноргайгаас өөр зориг, зүрхтэй, хүч тэнхээтэй, нутаг орноо алган дээрээ байгаа юм шиг мэддэг залуу хүн байсангүй. Дэнзэнноргай тэдний саналаас татгалзсангүй. Энэ бол ертөнцийн элгэн дээр гэрэл гэгээ асч, хүмүүний хувь заяа эргэсэн алтан мөч байлаа.

Эверест... Дэнзэнноргай нэрт уулчин Шимпоноор ахлуулсан Английн экспедиц Эверестийн өмнө бэлээс хөдлөв. Энэ бол Түвдийн талаас хийсэн авиралт хийгээд хөтөчийнхөө туршлагатай, итгэлтэй, сайхан сэтгэлтэйг шагшсан хөгшин тивийн уулчид энэ удаа амжилттай урагшиллаа. Гэвч оргилд хүрч хараахан чадсангүй. Энэ үе бол 1934-1938 он юм. Эл дөрвөн жилийн хугацаанд Дэнзэнгээр газарчлуулсан тэдгээр уулчин орчлонгийн орой руу хэд хэдэн удаагийн дайралт хийлээ. Хүнд хэцүүг даван туулж, зорьсондоо алхам алхмаар ойртлоо. 1947 он. Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад ердөө хоёрхон жил болж байлаа. Канадын уулчин Ирл Деманаар ахлуулсан багтай Дэнзэнноргай Эверестийн зүг өөр нэгэн оролдого хийв. Тэд зүтгэсээр 6700 метрийн өндөрлөгт гарч ирсэн ч гэнэтийн цасан шуурганд цохиулж арга буюу буцахаас өөр замгүй болов. Олон улсын байдал тогтворгүй. Тэр тусмаа Ази тивийн зарим орон хөдөлгөөнд орлоо. Тэгтэл гэнэтийн муу мэдээ иржээ...
Аугаа их Гималайн бэлд гуниглан суух Дэнзэнноргай... орь залуухан хайртай эхнэрээ үүрд алдсан эр хүн...

Амьдрал гэдэг диваажин биш байжээ. Хайрт эхнэрээ тэнгэрт үдсэний дараа төдөлгүй замбуу энэхэн тивд ирээд дөрөвхөн он амьдарсан хүүгээ бас сэтгэл дотроо л тээж явах болсон Дэнзэнноргай... Гуниг цөхрөлийн тэнгис далайг балчир гэхэд дэндүү балчир хоёр охиноо хөтөлсөн залуу эр гаталсаар Энэтхэгийн Даржээлин сууринд эргэж ирэв. Одоо тэр охидынхоо төлөө амьдрах болно...

1952 он боллоо. Хоёр жилийн өмнө Хятадын арми Тангад гүрнийг цэргийн хүчээр засагласан тул тийшээ хөл тавих амаргүй. Гэвч Балба чөлөөтэй. Швейцарийн алдарт уулчин Раймонд Ламберын удирдсан экспедиц Дэнзэнноргай ажиллаж Эверестийн дөрөв дэх ноён оргилоор дамжин хаан оргил руу удаах дайралтыг хийлээ. Энэ удаагийн авиралтад тэрээр хөтөч бишуулчнаар оролцсон юм. Тэднийг арга буюу байгалийн хүчинд захирагдан эргэхэд оргил ойрхон байлаа.

1953 он. Жон Хантын удирдсан Британийн томоохон баг Гималайн бэлд отоглосон байв. Энэ экспедиц Жомолунгмад авирсан хамгийн том баг бүрэлдэхүүнүүдийн нэг байсан юм. Тэдний ачаа зөөгч гэхэд л 350 хүн, туслах хөтчөөр 20 гаруй хүн, Эдмунд Хиллари тэргүүтэй умрын 13 шилдэг уулчин байжээ. Мэдээж тэд Дэнзэнноргайгүй бол 200 хөтөчтэй байсан ч тэр л илдний ир шиг уулсыг оройд, жадны үзүүр шиг оргилд нь хүрнэ чинээ бодохыг ч хүсэхгүй. Үүрийн цагаан гэгээ манхайн цайхад уулчид ачаа хөсгөө зэхэж, майхнаа буулгаад, төмөр хадаастай гутлаа өмсөж, олс, уяагаа бэхлэнэ. Дэнзэнноргай Эверестийг зовлон үзсэн эр хүний гунигтай бор нүдээр даруухан ширтэж зогсоно. Дорно руу үүлс цасан шуурганд туугдаж цантсан адуу шиг цувж, хүйтэн жавар тас няс хийнэ. Дайралт эхэллээ. Тийм ээ долоо дахь дайралт...

Дэнзэн, Эдмунд хоёр...

Хэтэрхий том бүрэлдэхүүнтэй тул багийн ахлагч, уулчин Хант оргилд хүрэх гэж яарахын оронд бартааг алгуурхан туулах арга барьж байлаа. Цаг ямагт эрсдэл, нэг л хазгай гишгэх юм төгсгөл...

Гишгэх газаргүй олон хөлГималайн энгэр рүү мацаж, Эверестийн оргил руу тэмүүлсээр далайн түвшнээс дээш 7890 метрт сая нэг гарч ирлээ. Чөмөг царцам салхи исгэрч, тэднийг бэл рүү туухыг цаг мөч бүрт оролдоно. 1953 оны тавдугаар сарын 26-ны өглөө... Экспедицийн бүрэлдэхүүнд багтсан туршлагатай 13 уулчны хоёр болох Том Бюрдиллон, Чарьз Эванс нар нэг баг болж Жомолунгмад хүрдгийн даваан дээр аз дутаж, хүчил төрөгч нь дууссанаар буцаж ирэв. Тэдний дараа Дэнзэнноргай, Эдмунд нар хамтарч багийн ахлагч Хантын заавраар дайрлаа... Шилний илтэс мэт хурц ширхэгтэй цасан шуурга урдаас нүүр нүдгүй балбаж, хөл хүндэрч байлаа. Итгэлтэй гурван туслах уулчин тэднийг бүхий л чадлаараа дэмнэнэ. Оргилын оргил үүлээр биеэ ороож, уулчдыг төөрүүлэх гэж оролдоно.

Тавдугаар сарын 28-ны өдөр нөхцөл байдал улам муудлаа. Туслах уулчид бэл рүү буухаас өөр аргагүй болов. Дэнзэнноргай, Эдмунд хоёр өмнө нь хэн ч амьд мэнд хүрч зүрхлээгүй 8500 метрийн өндөрт үлдлээ. Үнэндээ тэдэнд алдар нэр, амжилт, амьдралын баяр баясгалангаас илүүтэй үхэл ойрхон ирчихжээ. Тэр шөнө эдгээр ертөнцийн түүхэнд нэрээ мөнхөлсөн эрчүүд юуг хэлэлцэж, хэрхэн хоносон нь өдгөө нэгэнт оньсого таавар болсон байна. Гэвч тэд тус тусын итгэж биширдэг шашин шүтлэгтээ өөрсдийгөө даатган байсан тухай мэдээ бий.

Сүүлийн дайралт... Умар зүгийн догшин салхины урсгал Эверестийг мянга мянган жилийн тэртээх шигээ балбаж, алтан нарны халуун дулаан илчийг хүйтэн үүлс халхалж, хэрэв жаахан л будилах аваас зүг чигээ алдан, хий гишгэж, оргүй хоосон руу очиход бэлхэн орон зай үзэгдэнэ. Дэнзэн, Эдмунд хоёр алдарт хүрсэн ч хамтдаа, алдаж осолдсон ч хамтдаа гэсэн уулчдын ариун тангаргийг өргөжолсоор холбогдлоо. Тэгээд хүсэл зориг шулуудсан тэнгэрлэг эрчүүд тэнгэртэй уулзахаар хөдлөв. Зуун зууны уртад хатуурч, хангирссан цасан хунгар тэдний дороос чулуу мэт хайрна. Уулчид зүтгэсээр... Цаг агаарын байдал улам муудсаар... Сүүлийн 12 метр үлджээ. Энэ арван метр бол 12000 бээртэй тэнцэх хэцүү хатуу зам юм. Уулчид түүнийг Хилларийн алхам гэж нэрлэсэн байдаг.

1953 оны тавдугаар сарын 29-ны өглөөний 11 цаг 30 минут... сансар эрхэсийн хязгааргүйн алаг цэнхэр мэлмий болсон дэлхий ертөнцийн тоонон дээр хүний мөр анх гарлаа. Дэнзэнноргай, Эдмунд нар хүсэл мөрөөдлөө биелүүлж, алдар нэрээ алтан үсгээр мөнхөллөө. Бүр нэг чин сэтгэлээсээ, бүр нэг цээжнийхээ гүнээсээ хүчилтөрөгчийн багийнхаа цаана инээж зогсоо Дэнзэнноргай... Их Британи, Балба, Энэтхэг, НҮБ-ын далбааг гартаа атгасан Дэнзэнноргай... 8848 метрийн өндөрт анхлан зогсох монгол хүн...

Ингэж нар, сар, од мичдийг дэргэдээс нь хамгийн түрүүнд үзсэн хүмүүний домог бичигдэж эхэлсэн юм. Дэнзэнноргай үүнээс хойш уулын спортыг хөгжүүлэх тал дээр багагүй ажил хийсэн. Мөн хэд хэдэн дэлхийн нэр хүндтэй шагнал, хүндэтгэлийн эзэн болсон билээ. Хожмоо тэрбээр дахин хоёр ч удаа гэрлэж, олон хүүхдийн эцэг болсон.

Түүний хүүхдүүд ч мөн адил аавынхаа, өвөөгийнхөө замаар авирч, хаан уул Эверестийн оргилд гарсан түүхтэй. Сонин болгож өгүүлэхэд, Дэнзэнноргай огтоос бичиг үсэг мэддэггүй нэгэн байсан. Гэвч долоон улсын хэлээр ус, цас шиг ярьдаг, эелдэг, найрсаг тэрбээр асар өндөр сэтгэлийн боловсролтой нэгэн байжээ.

Эцэст нь өгүүлэхэд цаглашгүй Эверестийн оргилд анхлан хүрсэн Дэнзэнноргай өөрийгөө “Би Монгол хүн” гэж нэг бус удаа хэлж, “судсаар минь хөх Монголын цус урсаж байгаа” гэж ярьсан байдаг. Тэр бүү хэл бичээчийн оролцоотойгоор бичиж хэвлүүлсэн нэгэн номдоо “Миний Монгол, манай монголчууд” гэж өгүүлсэн нь олонтаа. Эцэг дээдэс минь дөрвөн зүгийг, найман зовхисыг хурааж явсан түүх хуучраагүй. Тэгэхээр энэ хүмүүний угсаа гарал бидэнтэй яах аргагүй холбоотой болж байгаа юм. Үүнийг харин судлаж, нотлох л их үйлс бидэнд үлдэж байна. Дэлхийн дээвэр Дэнзэнноргай...

Нийтэлсэн: О.Цэнд-Аюуш

Дэлхийн дээвэр Дэнзэнноргай  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй