Шууд Chart

Д.Бямбадорж: Миний хамгийн их сонсох дуртай дууны нэг бол “Монголын өглөө”

2018-01-24 12:00:13

“Уяачид дуулж байна” улсын уралдаанд газар газрын олон уяач оролцож, сонсож, дуулах дуртай хамгийн сайхан дуугаараа өрсөлдөж байна. Иймд үзэгчидээс хамгийн олон санал авч буй оролцогчдын нэг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уяач Д.Бямбадоржоос цөөн асуултад тодруулга авсан юм.

-Энэ уралдаанд та өөрийн хүсэлтээр орсон уу. Эсвэл хэн нэгний ятгалаг байв уу?

-Өөрийн хүсэлтээр орсон. Ер нь би дуулах дуртай л даа. Телевизээр ялангуяа шинэ клип гарах болгонд л үзэж, сурахыг хичээдэг.

-Эхний шалгаруулалтдаа “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан “Монголын өглөө”-г дуулж байсан. Энэ дууг яагаад сонгох болов?

-Энэ дуу Г.Ариунбаатарын хамгийн сүүлд хийгдсэн бүтээл байх. Телевизээр клип нь их гарна аа. Гарах бүрт нь би дагаж дуулдаг юм. Тэгсэн дээрх уралдаан болно гэсэн зар явахаар нь “Монголын өглөө” дуугаар оролцьё гэж бодсон. Тэгээд ч надад энэ дууг бусдад сонсгох боломж гарч байгаа юм чинь.

-Та хэд хоног бэлдсэн бэ?

-10 гаруй хоног. Хөдөө байдаг болохоор тэр болгон интернетэд орох боломжгүй. Тиймээс телевизээр гарахаар нь утсаараа бичлэг хийж байгаад сурсан. Энэ дууны шүлэг их гоё л доо. Яг л Монгол ахуй мэдрэгддэг. Миний таньдаг хүмүүсийнх ихэнх нь энэ дууг сурсан байгаа. Ая нь ч гоё, Г.Ариунбаатар ч янзтай дуулсан байсан.

-Шүүгчид юу гэж захиж байна вэ?

-Энэ удаагийн шалгаруулалтдаа маш зөв сонголт хийж. Хувцаслалт, дуулалтдаа сайн анхаарсан байна гэж хэлсэн.

-Хөгжмийн найруулгыг нь хаанаас авсан юм бэ?

-БЦДБЭЧ-д миний таньдаг нэг залуу ажилладаг юм. Түүнээр олуулж, “Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхоржав ахаар хэд хоног багшлуулж оролцсон. Мөн нэгдүгээр шатандаа тэнцсэн шүү. Маргааш хоёрдугаар шалгаруулалт эхэлнэ.   

-Баяр хүргэе. Дараагийн шатанд ямар дуу сонгосон бэ?

-Яруу найрагч Н.Баянмөнхийн шүлэг, Ш.Өлзийбаярын аялгуу, мөн Г.Ариунбаатарын дуулсан “Аавдаа” дууг сонгосон. Би Г.Ариунбаатарын дууг сонсох маш их дуртай.

-Уралдааны зохион байгуулалтын талаар сэтгэгдлээ хэлнэ үү?

-Маш сайхан нарийн зохион байгуулалттай болж байна. Энэ уралдаан жил бүр болно гэдэгт итгэж байгаа. 

-Та олон фэйнтэй болж байна уу?

-Олон байгаа бололтой (инээв). Ихэвчлэн нутгийнхан холбогдоод амжилт хүсч, саналаа ирүүлж байгаагаа мэдэгдсэн. 

-Та хурдны морь уядаг уу?

-Уядаг. Манай аавыг Г.Дагвабаасан гэдэг. Аймгийн алдарт уяач цолоо 2004 онд гардсан хүн бий. Аав энэ цолоо 15 түрүү, 35 айраг амссан амжилтаар биелүүлсэн. Харин найман түрүү, 15 айраг нь надтай холбоотой. Учир нь би унаж уралдсан юм. Мөн 2004 онд шилдэг уралдаанч хүүхдэд олгодог “Алтан хараацай” шагнал хүртэж байлаа.

-Одоо та бие дааж морь уяж байна уу?

-Янз бүрдээ. Аавынхаа туслах уяач ч болно, аль нэг аймаг, сумын наадам руу салж ч явна. Би аймаг сум, бүсийн наадамд бие дааж морио уралдуулсан. Томоохон наадам гэвэл Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн даншиг наадам Хэрлэнгийн хөдөө аралд болоход морьдоо хөтөлж очиж байлаа.

-Танай адууны угшил хаанахынх вэ?

-Орог угшилтай. Дээд угшил нь Хэнтий аймгийнх. Би дандаа Монгол адуугаараа уралддаг.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Бямбадорж: Миний хамгийн их сонсох дуртай дууны нэг бол “Монголын өглөө”   
Үзсэн: 4113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Sansaraa [103.242.46.xxx] 2018-01-26 09:20
Amjilt hvsie. Saihan duulj blee
Delgerbat ariunbold [203.91.115.xxx] 2018-01-24 22:17
NaiZdaa amjilt hvsie nutag orniihoo ner aldariig ondort orgoj ywaad hicheegeerei

Бидэнтэй нэгдээрэй