Шууд Chart

Монгол айл бүр даллагын ууттай

2018-01-26 17:37:32

Монголын үндэсний радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Манай даллалын уут” нэвтрүүлэгт “Цаглашгүй гэрэлт” шүтээн-урлалын сургалт судалгааны төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа оролцлоо. Радио нэвтрүүлгийг та бүхэнд сийрүүлэн хүргэж байна. 


Өнөөдөр билэг ерөөл дүүрэн өдөр. Буян хишгээ хурайлъя, даллагын уутаа хурайлъя. Буман хишгийг хураасан айл гэрийн шүтээн даллагын уутандаа өлзий бүслүүр нэгийг нэмлээ. Хүү маань шороон үхэр жилд төрсөн болохоор шороон махбодийн өнгө шар торгоор нарийн эмжээр зангидлаа. Солонгын хүрээ нэмэгдэх болтугай гэж буурай шившлээ. Нээрээ л монгол айл хүүхдийнхээ тоогоор даллагын уутандаа бүслүүр нэмдэг. Харин отгон хүүхдийнхээ төрсөн махбодийн өнгөөр буян хишгийн даллагын уутандаа оосор зангиддаг.

Ертөнцөд байхгүй өв соёл миний Монголынх юм байна. Би буурайгаасаа өвлөж авсан юм энэ эрдмийг их гэрээс гарч бага гэр болсон хүүхдүүддээ заавал лянхау хатгаж өгдөг. Даллагын уут найман сайхан дэлбээтэй, лянхуа цэцэгтэй байх ёстой юм. Буяны уутын нэг ч өнгө, нэг ч зангилаа ижилгүй хэрнээ ёроолд нь лянхау дэлгэрч, шар улаан торгонд умбаж байдаг.

Даллагын уутны дотор талыг эд зүйлийг арвижуулна гэж шар, аливаа зүйлийг эрхэнд хураана хэмээн улаан торгоны аль нэгээр доторлодог. Ийм болоод Монгол айл гэрийн буяны уут болох даллагын уутны өнгө солонго зангилаа бүслүүр ижилгүй бас хосгүй. Түмээр тоологдох гэр бүл түмэн монгол айлын буян хишгийг хурайлан дуудсан даллалыг уут ийн түмэн янз. Ийм гайхалтай, бахархам соёл дэргэд маань бүр гэрийн минь хойморт заларч байна.

Даллагын уут мухар тохойноос өндөр болжээ. Буурай миний урыг ингэж шалгадаг байлаа. Даллагын уут хүний мухар тохойноос өндөр байх ёстой юм. Арвай өндийж байгаа юм шиг дороос нь дээш шаглана. Даллагын уутны ёроолыг гэрийн эзэгтэйн төрсөн махбодийн өнгөтэй торгоор хийж, энэ өнгөөр ёроолд бүслүүр орооно.

Манай буяны уут цагаан торгоор эхэлсэн юм. Би төмөр могой жилтэй, цагаан өнгө төмрийг бэлгэддэг шүү дээ. Ингээд л буяны уут маань арвай шиг  өндийж гарна. Их биеийг гэрийн эзний төрсөн махбодийг бэлгэдсэн торгоор хийнэ. Манай буяны уут ногоон өнгөтэй, миний хань модон бар жил төрсөн юм. Модыг ногоон өнгө бэлгэддэг шүү дээ. Харин би Дүүрэншагайнхаа /ууган хүүгийнхээ/ шаглааг буяны уутандаа нэмэх гэж байхдаа сэтгэл их хөдөлж байснаа санадаг. Ууган хүүгээс эхлэн даллагын уутны бүслүүр, зангилаа нэмэгддэг. Түүнээс хойш таван солонго, таван буяны бүслүүр манай даллагын уутанд нэмэгдсэн байна.

Олоншагай, Энхшагай, Буманшагай гээд манай энхрий шагайнууд эгнэж байна даа. Даллага буяны уут дүүрчихвэл яах вэ гэж бага гэрийн хүүхдүүд асуудаг. Би тэдэнд "Сайхан буян" гэж би хэлдэг. Харин 25 эд зайд л зай тавьж өг гэж захидаг. Энэ маань бас их учиртай. Хорин таван эд зай бүрдэхгүй бол буян хишиг төгс тогтдоггүйг монгол хүн мэднэ. Даллалын уут монгол хүнд буян хишгийг төгс далладаг. Би ингэж хэлэнгээ 25 эд зай болоод 5 их эрдэнэ тогтоогоод ав гэж хүүхдүүддээ хэлдэг юм. 25 эд зайд тавын таван эрдэнэ багтдаг.

Таван их эрдэнэ -/ Алт, Мөнгө, Сувд, Шүр, Номин/ дээр нь нэмээд хэдийг ч хийж болно.
Таван үр тарианы зүйл -/Улаан буудай, Цагаан будаа, Арвай, Буурцаг, Дил/
Таван рашаан -/ Зөгийн бал, Тараг, Сүү, Тос, Мөсөн чихэр/. Шингэн зүйл бол саван дотор эсвэл хатаагаад хийж болно. Хуурай сүү хатсан идээний зүйл хатсан тараг мөн ааруул/
Таван эм -/ Лидэр, Гандигар, Банлаг, Далайн хөөс, Шудаг/
Таван үнэртэн -/Улаан зандан, Цагаан зандан, Задь, Гавар, Хач гүрэм нэмээд агар байж болно /багтдаг. Даллаганы уутанд эдийн нэг бурхан заавал байх ёстой. Намсрай, Гонгор, Норлха, Замбал сахиусны хүрд, дүр хөрөг тарнийг уутан дотроо хийдэг.

Даллага буяны уут дүүрвэл буян дүүрэн даллагын уутыг таван эрдэнийн хадганд ороон баринтаглан хадгалдаг. Харин сэв суусан гэм буусан тахилга шүтээний эдийг  бол  хадганд ороон  адууны чихэнд  зүүгээд салхи зүсүүлэн гаргадаг. Таван эрдэнийн хадагт ороон баринтагласан  манай буурайн буян авгын бага гэрт бий.

Адистэд оршихгүй хэмээн манайх буян хишгийн уутандаа Намсрайг залсан. Өнөр удамтай юм гэж хавийнхан хэлэхэд бас юм бодогдож л байдаг. Намсрай бурхан эдийг амийг арвижуулаад л байдаг шидтэй бурхан.

Сайхан өдөр.. Билэг ерөөл дүүрэн өдөр. Шинэ сарынхаа барс жилийнхээ буян хурааж тэгшлэх 14 өдөр даллагын уут маань нар тосно. Нар шиг халуун сэтгэлийг тосно. Буян хишиг орших болтугай.

Аавынх нь эрхий хуруу багтах огторгуйд буяны уут маань умбадаг юм. Одоо хар даа. Ертөнцийн нарыг ертөнцийн халуун бүлээнийг тосож байна гэж би хүүхдүүддээ хэллээ. Толгой дохиж байна. Ойлгож ухаарах болно. Би ийм л бага залуу байсан. Даллага буяны уутыг гэрийн эзэн хань минь нээж амыг нь ороодог. Эрхий хурууныхаа зайг гарган ороодог. Ийм л ёс жаягтай юм.

Монгол айл бүхэн буян хишгийн даллагыг хурааж хишиг заяаг тэгшилсэн даллалын уутандаа нар тосож байна. Ертөнцийн халуун нар хүмүүний халуун сэтгэлийг бид тосож байна.

Нийтэлсэн: Ю.Гантөмөр

Монгол айл бүр даллагын ууттай   
Үзсэн: 2004 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй