Шууд Chart

Г.Ганболд: "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн хувьцаа удахгүй арилжаанд орно

2018-01-30 12:21:34

Монгол Улсын нийт иргэдийн 70 хувь нь буюу 2 сая 200-аад мянган иргэн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байна. Тухайн хувьцаа Монголын хөрөнгийн зах зээлд гарч, арилжаалагдах хугацааг тодруулж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.

 Нийт иргэдийн 70 хувь ЭТТ-н хувьцаатай

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлээд 7 жил болсон ч бодит үр дүнг үзсэнгүй. Яг юун дээр гацаад байгаа юм бэ?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны талаар УИХ-аас нийтдээ 10 гаруй тогтоол шийдвэр гарсан байдаг. Гэвч амьдралд яг бүрэн хэрэгжиж яваагүй. Том дүр төрөхөөр нь аваад үзвэл, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 100 хувь хувьцааны 20 хувийг гадаад, дотоодын зах зээлд гаргаж хөрөнгө босгох, 20 хувийг иргэдэд, 10 хувийг дотоодын компаниудад эзэмшүүлэх, үлдсэн хувь нь Засгийн газрын өөрийнх нь хувьцаа гэдгээр нь УИХ тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх бололцоотой гэж үзсэн. Өнгөрсөн оны хоёрдугаар сард манай компани дээр байгуулагдсан ажлын хэсэг Сангийн яаманд байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран ажилласан. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтарч  ажиллаад дүгнэлт гаргасан. Хамтарсан дүгнэлтийн үндсэн дээр Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны асуудлыг бүрэн цэгцлэе, иргэдэд ногдож байгаа 1072 ширхэг хувьцааг  “амилуулъя”  гэсэн гол утга агуулгатай тогтоолыг тавдугаар сарын 30-ны өдөр гаргасан. Ингээд Засгийн газрын даалгавраар Сангийн яам, ҮЦТХТ болон холбогдох газрууд хамтран хэн нь хичнээн хувьцаа эзэмшиж байгааг өнгөрсөн 9 сар гэхэд тодорхой болголоо.  Засгийн газрын тогтоолуудаар нийтдээ 465 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад, мөн зарим иргэдийн хувьцааг худалдан авахад зарцуулсан байдаг. Одоогоор 2 сая 200-аад мянган хүн “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа  эзэмшигч байна гэсэн дүн гарсан. 2014 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгож түүнээс өмнө төрсөн иргэдэд ЭТТ-н хувьцаа эзэмшүүлсэн байдаг. Мөн Сангийн яам ААН-ийн хувьцаа эзэмшигчийн тоог  тодорхой болгосон. Тухайн хугацаанд хувьцаагаа буцааж улсад өгөөд мөнгөө авъя гэсэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг мөн биелүүлсэн байдаг. Одоо нийт хувьцааны 20 хувь нь  зарласан хувьцаа буюу гадаад, дотоодын зах зээлд гаргах, үлдсэн 80 хувь нь төр, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьцаа байгаа юм. Түүний 0.05 хувийг Монголын аж ахуйн нэгж, 14.75 хувийг иргэд, 65.2 хувийг төр эзэмшиж байна гэсэн үг. Одоо бид  тухайн компанийн дүрэмд  нийт хувьцааны 80 хувь нь нэрлэсэн, 20 хувь нь  зарласан хувьцаа  гэсэн өөрчлөлт оруулна. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шийдэгдэх асуудал. Энэ ажил цэгцэрснээр ЭТТ” хувьцаат компани “Эрдэнэс  Монгол” ХХК-ийн санхүүгийн баланс дээр хувьцаа  бүртгэх бололцоотой болно.   

Бүртгэл хийгдсэний дараа “ЭТТ” ХК өөрөө ҮЦТХТ-тэй хувьцаа хадгалуулах гэрээ байгуулж, брокерийн пүүсээ сонгоно. Энэ нөхцөлд ЭТТ-н хувьцаа анхдагч зах зээлд гарч байна гэсэн үг. Компанийн 2017 оны тайлан баланс энэ хоёрдугаар  сард гарах учраас зарим  нэг шийдвэр  дутуу байна. Ерөнхийдөө ЭТТ-н хувьцаа  анхдагч зах зээлд гарах “нохойн дуу” ойртож байна. 

-Хэдий хугацаа орох бол?  

-2017 оны санхүүгийн тайлан хоёрдугаар сард гарна. Холбогдох зарим нэг шийдвэрүүд дутуу байна. Аль нэг шатанд гацсан зүйл огт байхгүй.  УИХ, Засгийн газрын шатанд холбогдох бүх шийдвэрүүд гарчихсан. Одоо техникийн ажил л үлдэж байна. 440-өөд тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Давуу эрхийн хувьцаа нэг төгрөгийн үнэтэй

-Нөгөө талд компанийн үйл ажиллагаа хувьцааг зах зээлд гарах гол нөхцөл болох байх. ЭТТ ХК, түүний толгой “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажил ямар байдалтай байна вэ?  

-“ЭМ” ХХК нь өөрөө төрийн мэдлийн уул уурхайн компаниудыг нэгтгэж, удирдлагыг зохион байгуулж, нэг менежмент нэвтрүүлэх, тухайн  компаниудаа  ашигтай ажиллуулж, ашгийг иргэдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилах ийм л гол үндсэн зорилттой. Компанийн цэвэр ашгийг “Хүний хөгжил” санд хуримтлуулж, тэндээсээ иргэдэд ногдол ашиг хуваарилах, мөн холбогдох хөрөнгө оруулалтыг шаардлагатай гэсэн салбар руу хийх хуулиар олгогдсон эрх үүрэгтэй. Манай компани өөрийн харьяа “Эрдэнэс Таван толгой”, “Шивээ Овоо”, “Эрдэнэс Оюутолгой”, “Мон-Атом”, “Багануур” зэрэг охин компаниудынхаа хувьцааг  эзэмшигч.  Тэгэхээр  энэ  “ЭТТ”  нь  иргэдэд чиглэсэн компани гэж нэг талаар хэлж болно. 2017 он бидний хувьд ололт амжилт ихтэй жил байлаа. Нийт “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд 1.5 их наяд төгрөгийн орлого олсон. 960-аад тэрбум төгрөгийн зардлаас 320 тэрбум төгрөгийн  татвар хураамж шимтгэл төлж, урьдчилсан байдлаар 440-өөд тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан  байна.  2017 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд гарч дуусна.

“ЭТТ” компанийн тухайд баруун Цанхийн нүүрсний үйлдвэрийг өнгөрсөн жил ажиллуулж, уурхайн амнаас бүтээгдэхүүнээ 71.5 доллараар борлуулж эхэлсэн. Зүүн Цанхийн уурхай  “Чалко” компанийн өрийг төлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн. Нийтдээ энэ компанийн хувьд 2017 онд урьдчилсан байдлаар 1.2 их наяд  төгрөгийн орлоготой ажилласан. Зардал нь 754 тэрбум төгрөг. Цэвэр ашиг бол 400 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Татвар хураамжаар 278 тэрбум 400 сая төгрөг улсад төвлөрүүлж ажилласан байна.

-“ЭТТ” ХК-ийн хувьцааны нэг бүрийн үнийг нэг иргэнд олгох 1 сая төгрөг дээр үндэслэж 933 төгрөг гэж тогтоосон гэдэг билүү?   

-“ЭТТ” компанийн ордын үнэлгээг ОУ-ын аргачлалаар хийгээд ойролцоогоор 4.5 тэрбум долларын нөөц сантай гэсэн байдаг. Нийтдээ 7 тэрбум тн нөөцтэй гээд аваад үзэх юм бол нэг ширхэг хувьцааг 933 төгрөгт тогтоож болох юм байна гэдэг тооцоог нилээн олон жилийн өмнө гаргасан юм билээ. Нөгөө талаас нэг иргэнд 1 сая төгрөг олгоно гээд 1 сая төгрөгийг 1072 хувьцаанд хуваах юм бол нэгж хувьцааных нь үнэ 933 төгрөг гэдгээр дүйцүүлсэн үнэлгээ бас байдаг. Гэхдээ энэ 933 төгрөгийг гаргахдаа холбогдох "Таван толгой"-н өөрийнх нь нүүрсний ордын нөөцийг авч хэлэлцэж үзээд гаргасан гэдэг.

-Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны ашгийг бид хэзээ хүртэх бол?

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд Монгол Улсын иргэн бүр нэг ширхэг давуу эрхийн хувьцаатай байна гэж заасан. Үүний  дагуу Монгол Улсын иргэн бүр нэг ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшиж байна гэсэн үг. Энэ бол өвлүүлэх, арилжаалах бололцоогүй хувьцаа. Гэхдээ үүнд өөрчлөлт оруулах эсэхийг ажлын хэсэг судалж байна. “Эрдэнэс  Монгол” компани нь ногдол ашиг хэлбэрээр өөрийнхөө компаниудаас  “Хүний хөгжил” санд орлого хуримтлуулж, түүнээс давуу эрхийн хувьцаагаар дамжуулж иргэдтэй дахин ногдол ашгийг хуваарилах ийм л  зорилготой энэ хувьцааг бий болгосон. Давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг бид мөн 2018 ондоо иргэддээ олгохоор ажиллаж байна.

Энэ хувьцааны үнэ нэг төгрөг. Иргэд нэг төгрөгийн хувьцаа бидэнд ямар хэрэг байна гэж бодож магадгүй. Гэтэл тэр хувьцаагаараа дамжуулж иргэн бүр “Эрдэнэс Монгол” ХК-ийн дор ажиллаж  байгаа охин компаниудын ногдол ашгийг хүртэх боломжтой гэсэн үг. 

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 15 стратегийн орд газар бий. Цаашид тэдгээрийг “Эрдэнэс Монгол” нэгдэлд хамруулах зорилготой явж байна. “ЭМ” ХХК-ийн тухайд охин компаниудынхаа үйл ажиллагаанд нь шууд оролцдоггүй. Харин бодлогоор үйл ажиллагааг нь дэмжиж туслах, энэ чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтарч бодлогын чанартай шийдвэрүүдийг гаргах зэргээр ажилладаг. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн орлогын эх үүсвэр нь "Таван толгой"-н ордоос Гашуунсухайтын боомт хүртэлх авто зам. 2017 онд зөвхөн  “ЭМ” компанийн хувьд нийтдээ 70.3 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж татварын дараах цэвэр ашиг нь 17 тэрбум төгрөгт хүрсэн.   

Оюутолгой компаний татвар, зардлыг тооцсон   

-Оюутолгойн төслийн хувьцаа эзэмшигчдийн хурал болохтой холбогдуулан тухайн төслийн үр ашиг, зардалтай холбоотой асуудал мөн л олны анхаарал татаж байна. Монгол Улс тухайн төслийн 34 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтаа “Рио Тинто” компаниас  хүүтэй зээлж байгаа. Гэхдээ үр өгөөж нь хэзээ гарч, ногдол ашиг авахыг хэн ч тодорхой хэлж чаддаггүй. “Эрдэнэс Монгол” компанийн хувьд ОТ төслийн үр ашгийг хэрхэн тооцож байдаг юм бол?

-Энэ сарын 30-нд “Оюутолгой”  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болно. “Эрдэнэс Оюутолгой” бол “ОТ” ХХК-ийн Монгол Улсын төрийн мэдлийн 34 хувийг эзэмшдэг. Үүнд 1.1 их наяд төгрөгийн хувьцаа байна. “Рио Тинто” компани 66 хувийг эзэмшиж байгаа. Монголын талаас өнгөрсөн онд ажлын хэсэг гарч тус компанийн татвар, зардал зэрэг дээр ажиллаж холбогдох дүгнэлтүүдээ гаргасан. Энэ дүгнэлтүүдээ одоо болох хурал дээр танилцуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар Монголд нааштай шийдвэрүүдийг гаргуулах зорилготой, тооцоотой ажиллаж байна.

Өгч байгаа өгөөжийн тухайд ажлын байр, татвар, даатгал, худалдан авалт гээд хэлж болно. Харин хэзээ бид бүтээгдэхүүнээс нь ашиг хүртэж эхлэх юм бэ гэдэг л бүрхэг байгаа. Тухайбал, менежментийн төлбөр гэсэн зардал авдаг. Энэ мэтчилэн зардлууд байх ёстой юу, тэд зардлаа өсгөдөг үү гэх мэт олон асуудлыг дахиж авч үзээд  дүгнэлтүүдээ гаргасан. Одоо болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар эдгээр асуудлыг оруулж хэлэлцэнэ.

-Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 5-6 хувийн хүүтэй бондыг ОУ-ын зах зээлээс босгож байна.  Гэтэл “Риотинто”  компаниас  8.4 хувийн хүүтэй мөнгө зээлээд байгаа. Ер нь зээлийн хүүг бууруулах бололцоотой юу?

-Нэгдүгээр сарын 30-ны хурлаар  эдгээр асуудлуудыг ярина. 

-“Эрдэнэс Монгол” компанийн орлогын эх үүсвэр нь "Таван толгой"-гоос Гашуунсухайт хүртэлх зам гэлээ. Энэ зам  нь “Энэржи Рейсурс” компаниас худалдаж авсан зам мөн үү?

-Манайх “Энэржи Рейсурс” компаниас худалдаж аваагүй. Засгийн газрын тогтоолоор ирсэн зам.  

-Саяхан УИХ-ын чуулган дээр “Энержи Рейсурс” компани төрд замаа маш үнэтэй шахсан. Замын өр төлбөрийг одоо хүртэл барагдуулаагүй гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ хэр бодитой вэ?

-Манайд энэ зам Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны зээлээр орж ирсэн. Энэ зээлийг бид төлөөд явж байгаа. Муудсан зээл бол биш.  Үнэ ханшийн хувьд нэг их зөрөөгүй. 200 гаруй км зам, боомтын дэд бүстэйгээ нийлээд 170 тэрбум төгрөгийн үнэтэй ирсэн байдаг. Өнөөдрийн байдлаар ийм хүнд даацын замыг барина гэвэл 1 км-ыг нь нилээн өндөр үнэтэй барих болов уу. Ойролцоогоор 700 саяас нэг тэрбум төгрөгийн хооронд барих байх. “Эрдэнэс Монгол” компани өөрийн зам засварыг бүрэн хариуцаад явж байна. Замыг аль болох бүрэн хэмжээгээр засварлахын тулд төлөвлөгөө гаргаад, түүнийхээ дагуу засаад явж байгаа. 2017 онд замын засварт нь 11 тэрбум төгрөг зарцуулсан. 2018 онд үүнээс ахиу хөрөнгө суулгаад байна.  

-Өнгөрсөн оны тавдугаар сард намайг Өмнөговь аймгийн уул уурхайн бүс нутагт ажиллахад "Таван толгой"-н нүүрсний зам маш их эвдэрсэн байсан. Түүнээс болж осол их гарч байгааг нутгийхан, тээвэрчид, орон нутгийн цагдаа нар ч хэлж байлаа. Үүнээс хойш өөрчлөгджээ?  

-Тийм.  Хавар  эвдрэл гэмтэл их байсан.  Тэрнээс хойш тавдугаар сарын сүүлчээс  11 сар хүртэл засварыг бүрэн хийсэн. Одоо тэнд очвол замын  эвдрэл гэмтэл байхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Г.Ганболд: "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн хувьцаа удахгүй арилжаанд орно   
Үзсэн: 2503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-05-28 16:51
Sain bna uu yag onoodriin baidlaar 2018.05.28ni huwitsa gdg zviliig irgen oorin ner deer bolgoh erh huulin daguu baidag ymuu ene ni irged bidend yamr vr ogoojtei yum be yagaad irgedd gesen neriin door baidg hernii yamrch amigvi heweer baisaar bgaan boloo
Зочин [202.9.41.xxx] 2018-03-18 20:03
Эрдэнэс таван толгой компани нөгөө Америкийн эмгэн өвгөн 2-ын байгуулсан хуулийн компани гэгчид жил бүр 5 тэрбум гаруй төгрөг шилжүүлдэг гэсэн ,энэ 2018 оны мөнгөө шилжүүлээд хилийн цаана гаргаад эрх баригчид хувааж авсан уу?Хужа нарт нүүрс зарахад ,тэр эмгэн өвгөн 2 тийм их туршлагатай урд нь нүүрс зарж байсан туршлагаа зааж өгдөг хэрэг үү?

Бидэнтэй нэгдээрэй