Шууд Chart

Хүн бүхэнд таашаалтай "халдвар"

2018-02-01 11:20:02

Хүний мөн чанарын хамгийн үнэт зүйлсүүд өдгөө огт үнэгүй байгаа. Тэдний нэг нь инээмсэглэл. Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр та бид 18-19 янзаар инээмсэглэдэг байна.

Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стрессээс ангижруулах бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг аж.

Инээмсэглэх нь стрессээс ангижруулаад зогсохгүй та, бидний биеийн дархлааг сэргээж, цусны даралтыг бууруулах шидтэй ба ханиаднаас сэргийлэхэд нэн тустай ажээ. Ингэхийн тулд өдөрт нэг минут инээж байх хэрэгтэй ба нэг минут инээмсэглэснээр цусны даралт буурдаг байна.

Инээмсэглэлийн тухай судалдаг шинжлэх ухааныг “Житоложи” гэдэг бөгөөд энэ нь инээмсэглэлийн сэтгэл зүй болоод бие махбодид үзүүлэх харилцан нөлөөллийг судалдаг ажээ.

Инээмсэглэхэд та, бидний биеийн 5-53 булчин ажилладаг бөгөөд бяцхан хүүхдүүд өдөрт 400 удаа инээдэг байна.

Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн явуулсан нэгэн судалгаагаар инээд хөөрөөр бялхсан эрч хүчтэй хүмүүс бусдаасаа 7-10 жилээр урт насалдаг гэнэ.

Инээмсэглэх нь та, бидний эрүүл мэндэд дээр дурдсан онцгой ач холбогдолтойгоос гадна эрүүл зөв аргаар жингээ хасахыг эрмэлздэг бүсгүйчүүдэд турах шилдэг арга болдог байна. Вандербилт их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар инээх үед 20 калори илчлэгийг шатаадаг ба бэлхүүсээр тураахын зэрэгцээ жингээ барихад чухал нөлөөтэй байдаг гэнэ.

“Orbit Complete” байгууллагаас “инээмсэглэл”-тэй холбоотой бас нэгэн судалгааг явуулсан ба инээх нь бүсгүй хүнийг мөнхийн гоо сайхан харагдуулах байгалийн шилдэг эм ажээ. Судалгаагаар нүүрээ энгэсгээр чимсэн эмэгтэйчүүдээс илүү инээмсэглэлээр гэрэлтсэн бүсгүйчүүд бусдаас илүү дур булаам байдаг нь тогтоогджээ.

Шведийн эрдэмтдийн явуулсан өөр нэгэн судалгаагаар инээмсэглэл нь бусдад маш амархан халдварладаг гэнэ. Инээмсэглэл дүүрэн нэгний өөдөөс тэнэг л биш бол ямар ч хүн хариу инээмсэглэхгүй өнгөрч чаддаггүй байна.

Инээмсэглэлтэй холбоотой дэлхийн дээд амжилтууд:

“Дэлхийн Гиннесийн дээд амжилтууд” номд бүртгэгдсэнээр хамгийн олон хүүхдийн инээмсэглэсэн гэрэл зураг аяныг Румын улсын “Child Helpline Association” байгууллагаас зохион байгуулсан байдаг ба энэхүү гэрэл зурагт 583 хүүхдийн инээмсэглэл дүүрэн төрх буужээ.

“World Record Setter” хэмээх өөр нэгэн дээд амжилтын нэг нь ганц ч зогсолтгүйгээр хамгийн удаан инээсэн дээд амжилт нь 00:52:12 минут гэнэ.

 
Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хүн бүхэнд таашаалтай "халдвар"  
Үзсэн: 2606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй