Шууд Chart

"Пёнчан-2018"- тамирчдын тосгон

2018-02-04 09:13:40

Пёнчан - 2018" Өвлийн XXIII олимпийн наадмын тамирчдын тосгон 02 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж, нийт оролцогч 92 орны туг Пёнчан хотын тэнгэр дор мандлаа.

БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын хуульд БНАСАУ-ын тугийг мандуулахыг хориглодог заалттай. Гэвч ОУОХ-ноос Олимпийн наадамтай холбоотой бүхий л арга хэмжээнд БНАСАУ-ын тугийг мандуулахыг зөвшөөрснөөр ийнхүү оролцогч бүх орны туг олимпийн тосгонд байршсан байна.

"Пёнчан - тамирчдын тосгон" нь цасны спортын тамирчдад зориулагдсан ба нийт 600 өрөө бүхий 15 давхар 8 байртай бол "Ганнан-тамирчдын тосгон" нь 922 өрөө тасалгаа бүхий 25 давхар 9 байртай бөгөөд мөсний спортын тамирчид байрлах юм. Хоёр тосгонд нийт 7000 гаруй оролцогчид байрлах хүчин чадалтай.

Олимпийн наадамд оролцогч тамирчдын тав тухтай байдлыг хангах зорилгоор Олимпийн тосгонд банк, шуудангийн салбар, өргөн хэрэглээний бараа болон Олимпийн наадамд зориулан тусгай дэлгүүр, гоо сайхны газар, фитнесс төв болон чөлөөт цагаа өнгөрөөх газруудыг мөн шинээр бий болгосон байна.

Тамирчдын хоолны газар нь 24 цагийн үйл ажиллагаа явуулах бөгөөд Солонгос, Европ, Ази, цагаан хоолны 450 гаруй төрлийн хоолноос сонголтоо хийх боломжтой юм.

Тамирчдын тосгон нээгдсэн өдөр АНУ, Япон, Канад зэрэг 22 улсын 500 гаруй тамирчид хэдийн байрлан бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Оролцогч орон тус бүрийн "Тамирчдын тосгоны туг өргөх ёслол" ирэх 1 дэх өдрөөс эхлэх бөгөөд Ямайк, Бразил, Румын болон Бельги улсын ёслол эхлэн зохион байгуулагдах аж.

Харин Монголын баг тамирчдын туг өргөх ёслол 02 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт "Пёнчан тамирчдын тосгон"-д зохион байгуулагдах юм. Энэхүү ёслолд Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох албан хүсэлт ирүүлээд байна.

"Пёнчан 2018" өвлийн олимпийн наадам нь 2 дугаар сарын 9-нөөс 25-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол улсаа төлөөлөн ОУХМ Б.Ачбадрах 2 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт гүйлтийн цанын 15км зайд, ОУХМ Ч. Отгонцэцэг 2 дугаар сарын 15-ны өдрийн 15.30 цагт гүйлтийн цанын 10км зайд уралдах хуваарьтай байна.

 
 
 
 
 
Нийтэлсэн: МҮОХ

"Пёнчан-2018"- тамирчдын тосгон  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй