Шууд Chart

Би гэртээ харимааргүй байна

2018-02-05 10:31:14

"Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэнд хүргэж байна. Төрсөн аав  нь  охиноо,  ах нь дүүгээ, өвөө нь зээгээ ёс бусаар бэртээж, хүчирхийлсэн тухай нийгмийг цочроосон мэдээлэл тасралтгүй дуулдсаар... Гэр бүлийн орчинд үйлдэгдсэн бараан мөртэй энэ гаж  үзэгдэлтэй төр “хатуухан” гараар тэмцэхээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг одоогоос нэг жилийн өмнө баталсан. Гэвч өнөөдөр хохирогч болсон балчир үрсийн дараалал үргэлжилсэн хэвээр л байна. Үүнийг батлах олон жишээг энд дурдаж болно.

Баримт-1: 11 настай охиныг 17 настай хоёр хүү хүчирхийлсэн байна. Энэ хэрэг цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бүртгэгдсэн ч өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй байна.

Хохирогчийн сайн таньж мэддэг, итгэлийг нь олсон хүн өөртөө дасгах замаар энэ гэмт хэргийг үйлддэг. Судалгаанаас харахад, энэ төрлийн гэмт хэргийн нийт холбогдогчийн 80 гаруй хувь нь гэр бүлийн гишүүн, хамаатан садан, танил хүмүүс байна. 11 настай охины тухайд хойд ээжийнхээ өсвөр насны хоёр хүүд хүчиндүүлсэн. Одоо охин 14 настай. Гэвч өнөөдрийг хүртэл охинд сэтгэл заслын болон тухайн хэргийн талаар мартахад тус болох ямар нэгэн үйлчилгээг төр үзүүлээгүй байна.

Өмгөөлөгч Соёл-Эрдэнэ: 11 настай байхад нь хүчирхийлсэн, нэг удаа биш хэд хэдэн удаа давтагдсан. Айлгаж сүрдүүлж биш өөртөө дасгах замаар охиныг аргадаж, хуурч энэ үйлдлээ хийж байсан. Охин хаана, хэнд хэлэхээ мэдэхгүй явж байхад нь эмээ нь анх илрүүлсэн байдаг. Одоо охин 14 настай. Хатуухан хэлэхэд хохирсноороо л үлдсэн. Яагаад гэвэл сэтгэл зүйн хувьд гүн шарх авсан. Ар гэр нь үл хайхарснаас болоод хараа хяналтгүй болсон байдалтай байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн ар гэр маш нарийн мэдрэмжтэй асуудалд хандахгүй бол болдоггүй юм. Өнөөдөр 2-3 айлын дунд охин амьдарч байна. Энэ өөрөө том асуудал дагуулж байна. Иймээс би хороо болоод сургуулийн нийгмийн ажилтан, Засаг дарга, хүүхдийн байгууллага, цагдаад “Хүүхдийг хамгаалтад авч, үйлчилгээ үзүүлэх”-ийг шаардсан утгатай албан бичиг явуулна.                                           

Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх үедээ өөрийг нь хайрлаад байна уу, эсвэл халдаад байна уу гэдгийг сайн ялгаж чаддаггүй. Энэ нь удаан хугацааны дараа хэвийн үзэгдэл болж өөрчлөгддөг. Хүчирхийлэлд өртөж эхэлснээс хойш зургаан сарын дараа бага насны хүүхдийн сэтгэлзүй гэмтдэг байна. Харин нэг жил зургаан сар болон хоёр жилээс хойш хугацаанд оюун санаанд нь гэмтэл сууна. Ингэснээр хүүхэд өөрийн үнэлэмжээ алдаж, үзэл бодлын төөрөгдөлд орж эхэлдэг гэлээ.

“Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал Баасанбат: Зургаан сараас дээш үргэлжлээд ирэхээр сэтгэлзүйн хувьд гэмтэж эхэлдэг. Энэ гэмтэл хоёр жилийн дараагаас тухайн хүүхдийн тархинд бүтэц болж суудаг учраас хүсэл мөрөөдөл болоод өөрийн үнэлэмж маш доогуур,  хүсэж мөрөөдөх зүйлгүй болдог. Мөн танин мэдэхүйн төөрөгдөлд орж эхэлдэг.                                                                                    

Судалгаанд оролцсон таван хүн тутмын дөрөв нь бэлгийн хүчирхийллийн улмаас сэтгэл санааны хувьд өөрчлөлтөд орсноо хэлжээ. Энэ нь сэтгэл зүйн үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж чадаагүйн тод жишээ юм. 14 настай охины хувьд ч мөн адил яг ийм бэрхшээл тулгараад байна. Уг нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д энэ үйлчилгээг үзүүлэх нэгж, албан тушаалтны үүрэг хариуцлагыг чамлахааргүй нарийн тусгасан байдаг. Гэвч өнөөдөр хүчирхийлэлд өртсөн олон хүүхэд сэтгэл санааны хувьд гэмтэл авч өөрийн үнэлэмжээ алдаж байна. Тодруулбал, насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн хамтарсан баг чухам юу хийж байна вэ. “Хохирогч болсон хүүхэд” хаана, хэнд хандах ёстой вэ. Түүнд хэн үйлчилгээ үзүүлэх вэ. Хохирогч хэвээр хоцорвол ямар үр дагавар гарах бол...

“Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал Баасанбат: Хэрэв эцэг, эх салсан л байвал энэ өөрөө хяналтад орох кейс. Охин хэн,  хэнтэйгээ амьдардаг вэ. Охин гэрийнхээ хаана, аль хэсэгт унтдаг вэ зэрэг бүх л нарийн асуудлыг хамтарсан багийн гишүүд яаралтай илрүүлж байнгын хяналтад байлгах учиртай. Үүнийг асуудаг асуулгын хуудас “Хамтарсан баг”-ийнханд бий. Энэ зарчмаар ажиллах ёстой. Юмсыг бүрэн таньж чадаагүй байх насандаа хүчирхийлэлд өртөх нь тухайн хүүхдийг илүү их гэмтээдэг хуультай. Ялангуяа 10-аас доош насны хүүхдэд энэ нь тод илэрдэг.

Цаг алдалгүй сэтгэл заслын эмчилгээ хийхгүй бол гарах үр дагавар, хор уршиг нь их байдаг. Нэр төр, хүүхдээ бодоод, эсвэл заналхийллээс  нь   айж  эмээсэндээ ихэнхдээ далд, нууц байдалтай байдаг хүчингийн гэмт хэргийг дэлхий нийтэд хүний  эрхийн  ноцтой  зөрчилд тооцдог.  Иймээс ч онцгой анхаарч ажиллах үүргийг хуульчилсан байдаг. Гэвч манай улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байгааг олон баримт нотолно. Үүнийг батлах тоо баримт бидэнд байна. 2014 онд 10-14 насны 70 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бол 2016 онд 79 болж өсчээ. Мөн 5-9 настай 33 хүүхдийг хохирогчоор бүртгэж байсан бол 2016 оны тооноос харахад 7-гоор өссөн байх жишээтэй. Энэ бол Цагдаагийн байгууллагын бүртгэлд орсон тоон мэдээ. Олон улсын судалгаагаар нэг хохирогчийн ард 10 хохирогч бий гэж үздэг. Гэр бүлийн орчинд  үйлдэгдсэн бараан мөртэй энэ гаж үзэгдэлтэй төр “Хатуухан” гараар тэмцэхээр болж олон хууль баталж, шинэчилсэн ч гэлээ өнөөдөр хохирогчийн тоо өсч, бяцхан охидын нулимс урссаар л байна.

Баримт-2: 14 настай охины хувьд өнөөдөр 2-3 айл дамжин тогтворгүй амьдарч байна. Хүүхэд хамгааллын хамтарсан баг хүчирхийлэлд өртсөн энэ охинтой ажиллахгүй байгааг түүний өмгөөлөгч онцоллоо.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх журмыг баталсан байдаг. Энэ журмын 1.3-т Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр хохирогчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шуурхай, чанартай, хүртээмжтэй, үнэ төлбөргүй хүргэнэ гэж заасан. Гэтэл энэ үйлчилгээг хохирогч болсон 14 настай охин өнөөдөр авч чадахгүй байна. Хуулийн хамгаалалт авч чадаагүйн улмаас бага насны хүүхдийн 26.3 хувь бэлгийн хүчирхийлэлд давтан өртжээ. Үүнээс 30 гаруй хувь нь 3-7 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийллийг тэвчин амьдарчээ.

Энэ төрлийн гэмт хэргийг хэн нэгэн мэдэж, эсвэл хохирогч өөрөө асуудлыг таслан зогсоохгүй бол илэртлээ олон жил үргэлжилж болдог онцлогтой. Гэмт хэрэгтнүүд буруу зүйл хийж байгаагаа сайн мэддэг учраас бусдад ил болгохгүй, цааш үргэлжүүлэх зорилгоор сайн нууж чаддаг. Иймээс далд, нуугдмал нөхцөлд олон жил үргэлжлэх магадлал өндөр энэ гэмт хэрэгтэй хэрхэн яаж тэмцэх вэ. Энэ чиглэлд хийхээр боловсруулсан ажил байна уу. Хүчирхийлэлд өртөж болзошгүй гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо, мэдээлэл байна уу. Гэр бүлтэй ажиллаж байна уу... энэ бүх асуултын хариуг хуульд нарийвчлан тусгасан байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үндсэн санаа бол хохирогчоо хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн. Гэвч өнөөдөр “Хүүхэд хамгааллын хамтарсан баг” хүчирхийлэлд өртсөн энэ охинтой ажиллахгүй байгааг хэлж байна.

Өмгөөлөгч Соёл-Эрдэнэ: Сургуулийн нийгмийн ажилтнууд ийм хүүхэдтэй ажиллахгүй” байна гэсэн дүгнэлтэд би хүрсэн. Тухайн хүүхэдтэй тулж ажиллаад, ар гэрийнхнийг нь судлаад ихэвчлэн хаана, ямар байдалтай аж төрж байна вэ. Эцэг, эх нь анхаарал тавьж байна уу гээд олон зүйлийг ажиглах чадваргүй сургуулийн нийгмийн ажилтан байсаар байх уу... Хүүхдийг хайрлаж, хамгаалах ёстой ар гэр нь охинд доромж үг шидэж, үл хайхарсаар байх уу... Охинтой ажиллахаас гадна эмээ, аав гээд түүний ар гэрийнхэнтэй давхар ажиллах ёстой. Охиныг яаж эрүүл болгож авах вэ. Энэ асуудал хамгийн чухал болоод байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллагууд ажлаа хийгээч ээ. Сум орон нутгийн нийгмийн ажилтнууд Засаг дарга нар ажлаа хийгээч ээ гэж хэлмээр байна. 

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 50 гаруй хувь нь хүчирхийлэлд өртөх эрсдэл эргэн тойронд байдаг гэж хариулжээ. Эндээс бид хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, тэднийг дээдэлдэг нийгэмд хүүхдүүд ийм хариулт өгөхгүй байсан гэдгийг анзаарах хэрэгтэй болж байна. Тухайлбал, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн 85 орчим хувь нь гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл гардаг гэдгийг мэддэг хэр нь ажлаа энэ хувь хэмжээнд хүртэл хийж чадахгүй байгаад хамаг учир байх шиг... Хүчирхийллийн хохирогч болж байсан хүүхдүүдийн 30-аас дээш хувь нь ирээдүйд итгэлгүй болсон байна. Сэтгэл санааны энэ байдлыг намжаахгүй бол ирээдүйд гарч болох хор хохирлын хэмжээг тоолж баршгүй юм. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад “Хүүхэд байхад нь авах ёстой хэрэгцээг нь хангаж чадвал 20 жилийн дараа 12 дахин ашгаа өгдөг бол хайхралгүй хаявал 20 жилийн дараа 27 дахин хохирол учруулж төрд дарамт болдог” гэдгийг судалгаагаар тогтоосон байна.

Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал Баасанбат: Хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд гүн гүнзгий гэмтэл авдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс ч тэр бүр мэддэггүй. Охины энэ байдлыг засаж залруулахгүй бол өөрийгөө үнэлдэггүй, хүндэлдэггүй ийм хүн болж өснө. Бүүр хүндэрвэл архи, тамхи хэрэглэх, цаашлаад олон харилцагчтай болно. Хүүхэд гэр бүлтэй ажиллах гол зарчим бол “Хүүхдэд нь тусалъя гэвэл эцэг, эхтэй нь ажиллах явдал” хамгийн чухал. Төр хэрвээ хүүхдээ хамгаалж чадаагүй бол учирсан хохирлыг 100 хувь төр хариуцна гэсэн заалт Хүүхдийн эрхийн конвенцэд 39-р заалтад бий. Охиныг зөнд нь хаялгүй сэргээн засч, эмчилж чадвал дор хаяж 50 хүний амьдралыг урьдчилан сэргийлж ажиллалаа гэж ойлгох хэрэгтэй.                                                                              

Хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах, дахин өртүүлэхгүй байх, мөн урьдчилан сэргийлэх ажлыг хийх мэргэжилтнүүдийн  ажлыг тодорхой заасан. Хэн нэг нь хүчирхийлэлд  өртөж  байгааг  мэдэж  л  байгаа  бол, ажиг, сэжиг авсан бол иргэний журамт  үүргээ  ухамсарлан, Цагдаагийн  байгууллагад заавал мэдээлэл өгөх үүрэг хүлээсэн. Нүдэн балай, чихэн дүлий өнгөрвөл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Энэ үүрэг  сургуулийн багш, эрүүл мэндийн байгууллагын эмч, хороо, баг, дүүргийн нийгмийн ажилтнуудад ч мөн хамаатай. Гэтэл үүрэг хүлээсэн эдгээр хүмүүс түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлээд хохирогчийг хаяж байна.

Төв аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Алимаа: Хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг сургуулийн нийгмийн ажилтнууд хуулийн байгууллага болоод мэргэжлийн багтай төдийлөн хамтран ажилладаггүй. Яагаад ийм гэмт хэрэг гараад байна вэ. Бидний оролцоо юу байна гээд идэвхтэй ажиллах тал дээр хойрго байна. Урьдчилан сэргийлэх чиглэлд дорвитой, судалгаатай, даацтай ажил хийхгүй байна гэж би хэлнэ.

Урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайн үзүүлж чадвал аливаа гэмт хэргийн гаралтын 50 хувийг буруулж чадна гэж олон улсад үздэг. Тухайлбал,  бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдлыг хамгаалахын тулд цэцэрлэгийн багш, сургуулийн нийгмийн ажилтнууд “Чиний биед хүрч болохгүй цэг хаана байдаг вэ. Үүнийг зааж өгөх... Хэрэв хэн нэгэн хүрвэл хаана, хэнд хэлэхийг зааж өгөх”... Ердөө л энэ. Гэвч өнөөдөр хэрэг гарсны дараа ажлаа дутуу дулимаг хийж байна. Тухайн хохирогчийг “Нотлох баримтын хэрэгсэл” болгож мэдүүлэг авснаар энэ гэмт хэрэгт цэг тавьсаар байх уу... Хохирогч болсон бага насны хүүхдийн амьдрал цааш үргэлжилнэ. Үүнийг тооцоолж хуулиар хүлээсэн үүргээ эрх мэдэлтнүүд биелүүлэхийг энэ нэвтрүүлгээр сануулахыг зорилоо.

Төгсгөлд нь хэлэхэд, гурван хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртсөн тохиолдолд ямар нэгэн тусламж авч чадахгүй үлдэж байна. Үүнийг “Хүүхдийн эрх ба хамгаалал, хүүхдийн эрхийн мэдлэг, хандлага, хэрэгжилт тодорхойлох судалгаа-2017” номоос харж болно.

Ингээд бодохоор гэр бүлийн орчинд далд үйлдэгдэх болсон балмад явдалтай тэмцэхээр үүрэг хүлээсэн “Хамтарсан баг” чухам хаана, юу хийж явна вэ. Энэ асуултыг “Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал Баасанбат нэхэж байна. Хамтарсан баг ажлаа хий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан 37-44-р заалтаа хэрэгжүүл. Энэ бол үүрэг болохоос сонголт биш шүү. Үүнд ямар ч шалтгаан, тайлбар хэрэггүй.

Нэвтрүүлгийг ЭНД дарж сонсох боломжтой.

Нэвтрүүлэг бэлтгэсэн: МҮОНР "Баримт" эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг

Нийтэлсэн: Баримт

Би гэртээ харимааргүй байна   
Үзсэн: 12223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
айлчин [202.131.230.xxx] 2018-10-26 14:19
авгайд дээдэх доодохоо захируулсан эцэг нь юу хийсэн юм бэ. төрсөн охиноо гаргуунд хаячихаад сургуулийн багш нарт буруугаа тохох гэж байна уу. хойд эх нь ямар муухай авгай вэ. эх хүн байж хүний охин үрийг гаргуунд нь гаргах бөх зүрхтэй муухай шулам байна даа
Зочин [203.91.118.xxx] 2018-08-29 15:41
ийм хэрэг хийсэн юмнуудыг үг дуугүй цаазаар авч байя, хуудиа өөрчилж цаазын ялыг сэргээе
Зочин [202.55.191.xxx] 2018-08-06 12:33
ямар их тоо вэ. арай дэндэж байгаа юм бишүү. энэ дээр бол төр засгаас хариуцлага нэхэхээс өөр аргагүй
Зочин [202.70.34.xxx] 2018-06-19 14:52
Аймшигтай
joyce anderson [197.211.61.xxx] 2018-05-01 20:37
Сайн уу Бүгд Миний нэр бол хатагтай joyce anderson. Би өнөөдөр аз жаргалтай амьдарч байна. Би өнөөдөр аз жаргалтай эмэгтэй. Би ядуу зүдүү байдлаасаа гэр бүлээ аварсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж байгаа хүнтэй холбоо барьж, надад болон гэр бүлд минь аз жаргалыг өгсөн. Би 10.000,00 долларын зээл хэрэгтэй байсан. Би амьдралаа эхлүүлэхийн тулд бүхэл бүтэн амьдралаа эхлүүлье. 2 настай хүүхэдтэй ганц бие ээжтэйгээ адил шударга ёсыг үзсэн бөгөөд бурхан нь 15,000 долларын зээл авахад нь тусладаг. Доллар, тэр бол хүнээс айдаг БУРХАН, хэрэв танд зээл хэрэгтэй бол та зээлээ эргүүлэн төлөх болно. Түүнтэй холбоо бариарай. и-мэйлээр дамжуулан: fundsservice0@gmail.com. Бурханд бид итгэдэг

Бидэнтэй нэгдээрэй