Шууд Chart

Хадаг юу бэлгэддэг вэ

2018-02-12 11:49:14

Хадагны өнгө, бэлгэдлийн учир шалтгааныг ойлгож мэдэх нь олон талын ач холбогдолтой юм. Найр хурим, Цагаан сар, аливаа баяр ёслолын үеэр хэнд, ямар өнгийн хадаг барьж хүндэтгэл үзүүлэхээ та мэддэг үү. Мэдэхгүй бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.


Монголчууд хадгийг тэнгэрээс гаралтай, энэ ертөнцөд байдаггүй эд хэмээн үүрийн цагаан гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгөтэй адилтган дүрсэлжээ. Тэнгэрийн эд учраас хөнгөн, зөөлөн, уян бас бат бөх чанарыг бэлгэдэн ертөнцөд түүнээс илүү эд байхгүй хэмээдэг.

Хадаг нь бурхан шүтээн, багш дээдсийн хөрөг, тэргүүтэнд тахих, тахилын шүтээнд мөргөх үед амгалан жаргалан, даатгах, мэнд амар мэдэх утгыг илтгэдэг. Тэр утгын дотоод сэтгэл нь хиргүй цагаан, торго мэт ариун байхын бэлгэдлийг илэрхийлж, харамж өргөх гэсэн утгыг агуулдаг.  

Монголчууд эрт дээр үеэс хадгийг “Эдийн дээд нь хадаг” хэмээн хүндэтгэж ирсэн ард түмэн юм. Хадаг нь өлзийхутгийн шүтэн барилдлагыг бэлгэдсэн эд юм. Анхлан үүсэхдээ “Үлэмж ариун цагаан сэтгэл”-ийг бэлгэдэж үүссэн гэдэг. Хадаг нь цэнхэр, ногоон, улаан, шар, цагаан гэсэн таван үндсэн өнгөтэй байдаг.

Цэнхэр өнгийн хадаг мөнх, амар тайвны бэлгэдэл. Энэ өнгийг тэнгэрийн бэлгэдэл бөгөөд ерөнхийдөө хvндэтгэлийн бэлгэдэл болгодог. Цэнхэр өнгийн хадгийг өөр хоорондоо, ах дүүсдээ барьж золгодог.

Ногоон өнгийн хадаг дэлгэрэн арвижихын бэлгэдэл. Газар дэлхийн арвижихын бэлгэдэл бол ногоон өнгө. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.

Улаан өнгийн хадаг гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. Улаан өнгийн хадаг нь гал голомт бадран дээшлэхийг бэлгэшээдэг. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй.

Шар өнгийн хадаг бурхан шашнаа дээдлэхийг бэлгэдэл. Бурхан шашны бэлгэдэл учир шар өнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барих ёсгүй ажээ.

Цагаан өнгийн хадаг сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны бэлгэдэл болдог байна. /Өглөг буян, сэтгэл ариусгахыг бэлгэшээж цагаан сүүтэй зүйрлэдэг. Цагаан өнгийн хадгийг маш том хүндэтгэлийн бэлгэдэл хэмээн үздэг. Энэ өнгийн хадгийг бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд хамгийн хүндтэй, ахмад хүндээ барих нь бий. Энэ өнгө нь хар муу санаа агуулаагүй, ариун байхыг  илэрхийлдэг. Мөн шинэлэх, цагаалахад цагаан өнгийг бэлгэшээж, цагаан идээг дээд өнгөнд тооцдог. Цагаан өнгийг эхийн цагаан сүүтэй зүйрлэдэг билээ.


Хадаг юу бэлгэддэг вэ   
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй