Шууд Chart

Сар шинийн баярын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байхыг анхааруулав

2018-02-13 11:52:56

Долоо хоног бүр хуралддаг Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн болж өндөрлөлөө. Энэ удаагийн шуурхай хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан явуулав.  2018 оныг Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах болсон талаар БОЭТ-ийн дарга Б.Батсүх шуурхай хуралдааны үеэр мэдээллээ. 

Сар шинийн баярын өдрүүдэд БОЭТ болон Цагдаагийн газар, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, “ЭДЦСТӨХК, “ЭБЦТСТӨХК зэрэг чухал үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлэн байдлыг хангаж ажиллахаас гадна Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байх төлөвтэй байгаа тул Зэвсэгт хүчний 186-р анги, “Орхон АЗЗАТӨХК зэрэг байгууллагууд туулах чадвар сайтай автомашинууд, цас зүсч зам гаргах чадвартай тусгай зориулалтын техникүүдийг бэлэн байдалд оруулахыг аймгийн Засаг даргын зүгээс үүрэг болголоо.

Мөн Сар шинийн баярын өдрүүдэд байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр томилон ажиллуулж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллах юм. 2018 он гарснаас хойш тус аймгийн Онцгой байдлын алба нийт 18 удаагийн дуудлагаар гарч ажилласан бөгөөд үүнээс 15 нь гал түймрийн, үлдсэн нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас үүдсэн дуудлага байсан бөгөөд гал түймрээс улбаатай 15,7 сая төгрөгийн хохирол учирчээ. Иргэн, аж ахуйн нэгжийн 141 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Сар шинийн баярын өдрүүдэд цас будрах, үе үе салхи шуурга шуурч, цаг агаар тогтворгүй байхаар урьдчилсан төлөв гарчээ. Өвөлжилт хүндэрсэн, хөдөө орон нутагт цас их орж хөрлөж хатуурсан, зарим зам даваа хаагдсанаас автомашин зорчиход хүндрэлтэй байгаа энэ үед иргэд шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байх, гол мөрд, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, автомашины бүрэн бүтэн байдал шатахууны нөөцтэй явах, өөрсдийн аюулгүй байдлаа хангаж зорчих шаардлагатай. Мөн түүнчлэн хөрш зэргэлдээх Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Өвөрхангай аймгийн Бүрд сум гэх мэт  малын гоц халдварт  өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байх, тэдгээр сумдад хорио цээрийн дэглэмтэй байгаа, пост гарсан байгаа тул хөл хорионд орох эрсдэлтэй. Мөн тэдгээр халдвартай бүс нутгуудад зорчиж ирээд малын өвчний халдвар тархсан тохиолдолд малыг нь албадан устгалд оруулж, иргэн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул малын нөхөн олговор өгдөггүй тул иргэд үүнийг маш сайн анхаарах хэрэгтэйг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Орхон аймгийн Засаг даргын зүгээс өвөлжөөнд нь автомашин хүрэх боломжгүй болж цасанд боогдоод байгаа газруудад зам гаргах ажлыг эрчимжүүлэх, автомашин нь эвдрээд байгаа Жаргалант сумын Хүн эмнэлгийн автомашиныг яаралтай засварлаж, ажилд оруулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтэс агентлагийн дарга нар үүрэг болголоо. 


Сар шинийн баярын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байхыг анхааруулав  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй