Шууд Chart

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хийсэн ажлаа танилцууллаа

2018-02-13 14:52:28

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2018.02.13/ хэвлэлийн хурал зарлаж, тус байнгын хорооноос 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хийсэн мэдээлэлдээ, Улсын Их Хуралд 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 13,440 иргэнээс 9,306 хуудас бүхий 1,309 өргөдөл /нийслэлийн иргэдээс 823 буюу 62,8 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 486 буюу 37.2 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 74 буюу 5.6 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1,055 буюу 80.5 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 180 байна.

Өргөдлийн байнгын хороонд хандаж 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 250 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8,678 иргэний өргөдлийг 4 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Өргөдлийн байнгын хороо нийт 7 удаа хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2 тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 3 удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг, чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд:

Нэг. Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах тухай тус Байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын тайланг сонсов. Тус хуралдаанаар цаашид агаарын бохирдлыг бууруулах, 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг, даалгаврыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн. Үүрэг даалгаврын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дараах ажлууд хийгдсэн байна.

- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын баг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн цэгт ажиллав.

- Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж 4 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа.

- Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар “Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээр ахлуулан, 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлын хэсэг хоёр удаа хуралдсан.

- Ажлын хэсгийн гишүүд удирдамжид заагдсан 4 бүсэд хуваагдан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  биечлэн танилцаж, санал сонсохоор ажиллалаа.

Ажлын хэсгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийв. Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хариуцах эзэнтэй болгосон тухай, мөн Засгийн газарт ажлын хэсгээс гаргасан тайлан, зөвлөмжийг хүргүүлж, тодорхой арга хэмжээ авах үүрэг чиглэлийг өгсөн талаар мэдээлэв.

Хоёр. Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх ажлын хэсгийн тайланг сонсоод 03 дугаар тогтоол хангалтгүй хэрэгжсэн гэж үзэж 4 заалт бүхий үүрэг чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт тэмдэглэлээр хүргүүлсэн ба дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

- Монгол Улсын Ерөнхий сайдын 173 тоот захирамжаар “Эмээлт хөнгөн үйлдвэр үйлдвэрлэл, технологийн паркийн төслийг эрчимжүүлэх” тухай ажлын хэсэг байгуулагдаж, 3 удаа хуралдан төлөвлөгөөний дагуу холбогдох яам, Сангийн яамнаас шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх  хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн.

- Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийн хугацааг сунгах, өөрчлөх тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

- Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гурав. Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгсөн Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонссон.

Хуралдаанд 21 аймгийн удирдлагуудыг цахимаар хамруулж, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаас Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад хууль, дүрэм, журмыг хатуу мөрдүүлэх, хяналт тавих, хариуцлага тооцох, мэргэжлийн түвшинд стандарт тогтоох, лиценз, зөвшөөрлийг олгох, цуцлах, аж ахуйн нэгжийг урамшуулах, хариуцлага тооцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэгт бодлогын алдаа, дутагдал байгаа талаар дурдаж, Монгол Улсын Засгийн газарт 8 заалт бүхий хугацаатай үүргийг тус байнгын хорооны тэмдэглэлээр өгөв.

Дөрөв. Өргөдлийн байнгын хороо хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас нэмсэн асуудлаар 6703 иргэнээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлсэн эсэх, тооцоо судалгаа хийсэн талаар тайлбар авах, хуулийг эргэн харж хуучин хэвээр нь үлдээх агуулга бүхий албан бичгийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж хамтарч ажиллалаа.

Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 6703 иргэнээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн.

Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан дээрх ажлуудын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслүүдийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталуулж 6703 иргэний өргөдлийг шийдвэрлүүллээ.



Тав. Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн орон сууцны корпорацийн мэдээлэл сонсов.

Хуралдаанд оролцсон гишүүдээс “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, иргэдэд түрээсийн орон сууцны талаар нээлттэй мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй байгаа тухай, мөн түүнчлэн газраа чөлөөлүүлж, орон сууцгүй болсон иргэдийн асуудал, зураг төсөл нь батлагдаж санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалтад хамрагдсан байруудын санхүүжилтийг шийдвэрлүүлэх гарцыг холбогдох байгууллагад уламжлах нь зүйтэй гэж дүгнэж 5 заалт бүхий үүрэг даалгаврыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

Зургаа. Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Энх-Амгалан нар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 34, 35 дугаар байрын 96 өрхийн 500 гаруй оршин суугчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу газар дээр нь очиж оршин суугчидтай уулзав.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Тус байр нь 1961 онд ашиглалтад орсон бөгөөд 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас  ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалтад багтаж хот дахин төлөвлөлтөд оруулах шийдвэр гарсан ч дөрвөн жилийн хугацаанд гурван удаагийн тендер зарлахад нэг ч компани санал ирүүлээгүй байна. Газар дээр нь очиж танилцахад барилгын дээвэр цоорхой, халаалт муутай, шугам хоолой хагарсан, орц, хонгилын шат нь нурсан байдалтай байлаа.

Ийнхүү иргэд болон холбогдох албаны хүмүүсээс асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг уг асуудлаар Байнгын хорооноос өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж гарц шийдлийг тодорхой болгох чиглэл өгөв.

Долоо. Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэлэлцүүлгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Хилчин” хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбуулах асуудлаар Хилчин хотхоны 168 өрхийн 672 иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Монгол Дайвин” ХХК, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцож, гэр хорооллын дахин төлөвлөлт, амины орон сууц бүхий жишиг хороолол болгох төслийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох, хашаа, авто зам, гэрэлтүүлэг, тохижилт зэрэг цогц ажлууд хугацаандаа хийгдээгүй, оршин суугч, иргэд тав тухгүй амьдарч байгаа шалтгааны талаар хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүд хэлэлцүүлэгт оролцож буй албан тушаалтнуудаас асуулт асууж хариулт авсаны дараа 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7/11712 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төвд 3 заалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэл өгөв.

Найм. Чингэлтэй дүүргийн 9, 11 дүгээр хорооны нийт 747 өрхийн 1100 гаруй иргэд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж өгөх хүсэлтийг Өргөдлийн байнгын хороонд ирүүлсний дагуу УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус хорооны оршин суугчидтай уулзаж гэр хорооллын дахин төлөвлөлттийн хэрэгжилттэй танилцлаа.

Дэнжийн 1000-ын цагаан байрууд, тус газрын дахин төлөвлөлтийн асуудал олон жил яригдаж байгаа боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн, өнөөдрийн уулзалтаар иргэд өөрсдөө газар чөлөөлөх хүсэлтээ нэгдсэн журмаар бүрдүүлж, газраа үнэлэхдээ бодит байдалтай нийцүүлэхийг, газар чөлөөлөлт, барилгын ажил эхлэхэд тус Байнгын хороо анхааран ажиллаж, хяналт тавих болно гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга онцлов.

Түүнчлэн тус Байнгын хорооны гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сэтгүүлчдэд нэмэлт мэдээлэл өглөө. Тэрээр, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус Байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дийлэнхийг агаарын бохирдлыг бууруулах асуудал эзэлж ирсэн. Байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын алба нь энэ асуудлыг орхигдуулалгүй ажиллаж байгаа. Өнөөдөр бодит үр дүн, ахиц гарч байгаа гэж үзэж болно. Нэн тэргүүнд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн ахуйн зориулалттай түүхий нүүрсийг нийслэл болон төв суурин газарт оруулахгүй байхаар болж, хаврын чуулганаар батлуулахаар Улсын Их Хурал ажиллаж байгаа хэмээлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаар хэвлэлийн хурал өндөрлөсөн юм


УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хийсэн ажлаа танилцууллаа  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй