Шууд Chart

Хожигдох эрхгүй цор ганц тоглолтын ялагчаар Өвөрхангайчууд тодорлоо

2018-02-14 08:44:56

MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн хүрэл медалын төлөөх хожигдох эрхгүй цор ганц тоглолт өчигдөр МҮЭСТО-нд боллоо.

Зүүн бүсийн гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарсан Өвөрхангай аймаг энэ удаагийн тоглолтод 110-96-аар хожил байгуулав.

Хөвсгөл аймаг эхний шатандаа Сүхбаатар аймагтай таван тоглолт тун тэнцүү өрсөлдсөн билээ.

Гэхдээ өчигдөр багийн үндсэн тоглолтоо гаргаж чадалгүйгээр бүсийнхээ шилдэг дөрөвт үлдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ өдөр Өвөрхангай аймгийн хамгаалалт тун нягт байснаас гадна алсын шидэлтүүд нь тун найдвартай байв.

Өвөрхангай аймгаас Б.Дархантөгс зургаан холын шидэлтийг амжилттай болгож 23 оноог авсан бол О.Батмагнай 22 оноо, таван самбар, зургаан оновчтой дамжуулалт, зургаан бөмбөг таслалт хийж жигд тоглолтыг үзүүлсэн юм.

Харин эсрэг багаас О.Цэлмэг 27 оноо авсан ч багаараа жигд байж чадсангүй хожигдол амслаа.

Ширүүхэн цувралд “Ховд Шонхорууд” давамгайлалтай боллоо. MNBA Үндэсний лигийн зүүн бүсийг тэргүүлэгч “Ховд Шонхорууд” тэдний араас дэд байраар хасагдах шатанд шалгарсан “Сүхбаатар”, “Альянс-Тех” багын цуврал гайхалтай болж байгаа билээ.

Энэ удаад хоёр багийн цувралын тав дахь тоглолт явагдаж тун тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж эцсийн мөчид “Шонхорууд” баг 85-83-аар хожил байгууллаа.

Талбай дээрх тоглолт ширүүн болж байсан бөгөөд Gary Flowers болон Ц.Отгонжаргал нар энэ удаагийн тоглолтоос хөөгдөж дараагийн тоглолтод оролцох боломжгүй болсон юм.

Мөн хөгжөөн дэмжигчид тоглолтдоо бүрэн орж сагсан бөмбөгийн төгс мэдрэмжийг өгсөн үзүүштэй тоглолт байлаа.

Хожил авсан “Шонхорууд” багаас BJ Young 27 оноо, 10 самбар, долоон оновчтой дамжуулалт өгч багаа манлайлсан бол Г.Цэнгүүнбаяр 19 оноо, есөн самбар, McKinney 15 оноо, 13 самбар авч дабл дабл хийлээ.

Харин Сүхбаатар аймгаас Gabe Priutt 19 оноогоор багаа тэргүүлсэн бол эхний гурван оноогүй байсан Б.Батзолбоо шийдвэрлэх үед 13 оноог авч онцгойрсон юм.

Цувралын дараагийн тоглолт өнөөдөр МҮЭСТО-нд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хожигдох эрхгүй цор ганц тоглолтын ялагчаар Өвөрхангайчууд тодорлоо  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Dorj [43.228.130.xxx] 2018-02-14 09:03
Ene bishsen hun jaahan todorhoi bicheerei. Oilgohod tun berh

Бидэнтэй нэгдээрэй