Шууд Chart

Б.Болд: "Миний хүү үхэр сүргээ өсгөж, үр шимийг нь хүртэж яваарай" гэсэн аавынхаа захиасыг биелүүлсэн

2018-02-14 12:58:30

Өчигдөр өнгөрсөн цасан шуурга уул толгодын цасыг жалга судаг, хуниас нугачаа бүрт нь аваачиж чигжээд саяхан цагаан цасан дүнхийж байсан тал нутаг хар, цагаанаар сүлэлдэнэ. Цасан шуурганы эрч буурсан хэдий ч явган салхинд туугдсан цасан ширхэг засмал замын нэг захаас нөгөө зах руу цагаан зам татуулна. Ийн явсаар Солонготын даваа өгсөх үед шуурганы эрч дахин нэмэгдэж, салхинд хөөрсөн цасан манан орчин тойрныг бүрхэж, Хангайн хайрхан сүр бараагаа үзүүлэв. Солонготын даваа бол Архангай, Завхан аймгийн хил залгаа нутаг. Даваа давна гэдэг нь Завхан нутгийн зах руу орлоо гэсэн үг. Бид МҮОНРТ-ийн “Алтан төл”-ийн шагналыг Завхан аймгийн Яруу сумын малчин Балдан-Очирын Болдод хүргэхээр зорьж яваа нь энэ.

Балдан-Очирын Болд энэ жил 1650 толгой мал тоолуулсан байна. Үүнээс 300 гаруй үхэр тоолуулж, 60 орчим тугал бойжуулсан амжилтаар “Алтан тугал”-ын эзэн боллоо. Түүний аав хоёр ч удаа Завхан аймгийн аварга малчнаар тодорч байж. “Миний хүү үхэр сүргээ өсгөж, үр шимийг нь хүртэж яваарай” гэсэн аавын захиасыг биелүүлж “Алтан тугал”-ын эзэн боллоо гэж Б.Болд бидэнд ярьсан юм.

Б.Болд багаасаа малд нүдтэй хүүхэд байж. 10 гаруй насандаа морь уяж, Яруу сумын наадмаас айраг, түрүү хүртэж байсан. Энэ нь түүний багын ажилч хичээнгүй зан, малд гярхай чанартай холбоотой гэж түүнтэй нэг голд өссөн Яруу сумын Засаг дарга Мөнхтөр ярилаа.

Б.Болд морь уях хугацаандаа аймаг, бүсийн наадмаас олон айраг, түрүү хүртсэн. Одоо ч сумын наадмын айраг, түрүү таслаагүй байна. Тэрбээр ихэвчлэн битүү морь худалдаж аваад, хурдлуулдаг. Энэ нь түүний өвөг эцгээс уламжилж ирсэн морь шинжиж таних арга ухаантай холбоотой гэнэ.

Өвөг эцэг, аав, ээжээс уламжилж ирсэн алтан сургааль, мал маллах арга ухааны үр шимийг хүртэх хувь заяа Б.Болдод тохиож. Тэр өөрт оногдсон тэр л хувь заяандаа эзэн болж, аавын захиас үг амьдралын ухааныг өөрийн амьдралын зорилго, зөв зам мөрийн жим болгон урагшилж байна.

Б.Болдын гэргий Бурмаа өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл идээ цагаагаа борлуулж, сум, аймгийн сургуулийн үдийн цайнд гэрээгээр нийлүүлдэг байна.

Энэ жил л гэхэд Болдын 90-ээд үнээ тугална. Иймээс туслах малчин, саальчин авч цалинжуулах, мөн сургууль, цэцэрлэгүүдтэй гэрээ хийж, цагаа идээгээ борлуулах гээд тэдний ажил ундарсаар. Гэвч энэ айл зөвхөн амин хувиа бодсонгүй. Монголын нүүдэлчдийн соёлын уламжлалыг авч үлдэх, сурталчлах үйлсэд манлайлан оролцдог байна. Завхан аймгийн Засаг дарга Батсайханы ярихыг сонсъё.

Б.Болд 1985 онд наймдугаар ангиа төгсөөд мал дагасан. Энэ цагаас хойш Өргөн багийн нутаг "Угалзат" хэмээх газар дөрвөн хошуу малаа өсгөн аж төрж байна. Өвөг эцгийн үлдээсэн өвөлжөө бууцны нөмөр нөөлөг түшиж байна гэж “Алтан тугал”-ын эзэн хэллээ.

Тэрбээр аав, ээжийн үлдээсэн арвин буяныг үржүүлж, ахан дүүс нутгийн зон олондоо тус дэмтэй амьдарч явна. Харин энэ болгонд эр хүнийг, айл гэрийг нутгийнх нь уул, ус түшиж байдаг. Энэ учир бэлгэдлээр Б.Болд нутгийн уулсын оргил Уранмандал хайрхандаа сүсэглэн залбирч, амьдралын тойрогт нар зөв аж төрж байна. Алтан төлийн эзний шагнал гардуулах үед МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн Чилаажав, тэдний гэр бүлд хандаж хэлсэн үгийг хамтдаа сонсъё.

Аавын захиас үгийг амьдралын зорилго, зөв явах зам мөрөө болгосон эгэл малчин монгол эрийн гэр бүлд сүүн цацал өргөе. Уншигч танд МҮОНРТ-ийн “Алтан төл”-ийн эзэн болсон Завхан аймгийн Яруу сумын Өргөн багийн малчин Балдан-Очирын Болдын тухай “Аавын захиас” хөрөг нэвтрүүлгийг хүргэлээ.

Нийтэлсэн: Г.Батзаяа

Б.Болд: "Миний хүү үхэр сүргээ өсгөж, үр шимийг нь хүртэж яваарай" гэсэн аавынхаа захиасыг биелүүлсэн   
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй