Шууд Chart

Дэлхийн хамгийн том нисэх онгоцны нислэгийн зурвас дахь туршилтыг олон нийтэд үзүүлжээ

2018-03-01 14:26:54

Дэлхий дээр олон авиа компани хамгийн сүүлийн үеийн, шинэ загварын нисэх онгоцыг бүтээхээр зорин тэмүүлсээр байна. Үүний нэг нь “Стратолаунч” төслийн хүрээнд бүтээгээд байгаа дэлхийн хамгийн том хэмжээтэй агаарын хөлгөөр нэрлэгдээд байгаа “Стратолаунч такси” нисэх онгоц юм.

Саяхан энэ онгоцыг нислэгийн зурваст хэдий хугацаанд ямар хэмжээний хурд авч чадаж байгааг мэдэх зорилгоор туршилт хийсэн байна. Туршилтаар эхний ээлжинд цагт 46 миль буюу ойролцоогоор 75 км цаг хүртэл хурдалж чаджээ. 

Туршилттай холбоотой мэдээлэл, дүрс бичлэгийг "Стратолаунч" төслийн удирдагчдын нэг Пол Аллен өөрийн твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Энэ нь ч нисэх хүчний салбарынхан гэлтгүй нисэх онгоц сонирхогчдын анхаарлыг маш ихээр татсан үйл явдал болсон юм.

Бидний харж байгаа энэ аварга том хоёр үндсэн бүхээгнээс бүрдэж байгаа онгоц нийтдээ 230 тонн жинтэй. Харин агаарт нислэг үйлдэхдээ 250 тонн жинтэй ачааг тээвэрлэх чадалтай юм байна. Ингээд бодоод үзэхээр том хэмжээний зургаан ширхэг хүчирхэг тийрэлтэт хөдөлгүүр нь ойролцоогоор 500 орчим тонн жинтэй ачааг агаарт хөөргөнө гэж ойлгож болох юм.

Төслийн удирдагчдын мэдээлснээр анхны бүрэн хэмжээний нислэгийн туршилтыг ирэх 2019 онд хийхээр төлөвлөж буй юм байна. Гол зориулалт бол пуужин тээвэрлэгч зориулалтаар ашиглагдахаар бүтээгдсэн. Хоёр талын нийт жигүүрийн урт 117 метр. Одоогоор хөдөлгүүрийн хэвийн ажиллагаа, удирдлагын систем зэрэг бусад тоног төхөөрөмжүүдийг шалгах туршилтууд үргэлжилж буй юм байна.

АНУ-ын агаар сансрын "Стратолаунч" компанийг 2011 онд АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотноо "Майкрософт" компанийг үндэслэгчдийн нэг Пол Аллен, "Скалед Компосайтс" компанийг үндэслэгч Берт Рутантай хамтран үүсгэн байгуулсан юм. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр дэлхийн хамгийн том пуужин тээвэрлэгч зориулалтын “Стратолаунч” нэртэй нисэх онгоц бүтээх төсөлд 200 сая ам.долларын хөрөнгө санхүүжилтийг оруулсан гэж онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн том нисэх онгоцны нислэгийн зурвас дахь туршилтыг олон нийтэд үзүүлжээ   
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй