Шууд Chart

Цанын хос төрөл /Nordic combined/

2018-03-02 15:40:28

Цана бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст орших сэрүүн бүсийн цас, мөсний улс үндэстнүүдийн ахуй, амьдралын салшгүй нэг хэрэглэгдэхүүн байсаар ирсэн билээ. "Нордик комбинэд" буюу цанын хос төрөл нь цанатай харайх болон цанаар гулгах төрлийн спортын хосолмол төрөл юм.

 

Орчин цагийн цанын хос төрлийн түүх 1892 онд зохион байгуулагдсан Хольменколленд дахь цанын фестивалиас эхлэлтэй. 1920 оны уг цанын фестивалийн үеэр Норвегийн эзэн хаан V Улаф өөрөө цанын хос төрөлд оролцож байсан сонирхолтой түүх бий. 

undefined

Цанын хос төрөлд тамирчид эхлээд цанаар харайгаад дараа нь цанаар гулгана. Ингэхдээ харайлтын дүнг секундэд шилжүүлснээр цанын төрөлд өрсөлдөх тамирчдын дарааллыг гаргадаг. Цанын хос төрөл нь 1924 оны Шамоний өвлийн анхдугаар олимпийн наадмын төрөлд багтсан түүхтэй. Анхны өвлийн олимпоор Европын 8 улс, АНУ-ын тамирчид багтсан нийт 30 тамирчид өрсөлдөж Норвегийн тамирчид медалийн тавцанд эзэлсэн аж. Норвегийн Т.Хауг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг Т.Т.Стрёмстад, хүрэл медалийг Й.Грёттумсбротен нар хүртэж байжээ. 

Цанын хос төрөл бол өвлийн олимпийн наадмын спортын төрлүүд дотроос эмэгтэй тамирчин оролцдоггүй цорын ганц төрөл юм. Спортын энэхүү төрлийн цанатай харайх буюу "Трамплин"-аас харайх нь энгийн толгод /К98/ болон том толгод /К125/ гэсэн 2 төрлийн өндрөөс үсэрнэ. Тамирчин "Инран" буюу гулсуураар 90-ээс дээш цагийн хурдтай хурдалж инраны төгсөл хэсэгт дээш үсэрнэ. Аль болох урагш тэмүүлэн үсэрч 35 градусын налуу гадаргуугийн К цэгийг чиглэн чиглэдэг. Налуу гадаргуун дээд хэсэг дэх цэнхэр өнгийн P тэмдэгтээс улаан өнгө бүхий доод хяналтын К  цэг хүртэл үсэрнэ. 

Үсрэлтийг дүгнэхдээ хэчнээн хол харайсан болох техникт үнэлгээ өгнө. Үсрэлт гүйцэтгэсэн тамирчин К цэгт хүрвэл 60 оноо, хэтэрвэл нэмэлт оноо харин К цэгт хүрч чадаагүй бол оноо хасуулна. Ингээд газардсан тамирчин "Аутран" буюу буулт хийж зогсох талбайд газардана. Харин гүйлтийн цанын замын гурав хуваасны нэг нь өгсүүр, мөн тэгш болон уруудах замаар бариа уруу уралдана. Цанаар гулгах техник нь чөлөөт техник байна. 

ЦАНЫН ХОС ТӨРЛИЙН ТЭМЦЭЭНҮҮД

- Энгийн толгод буюу К98/10 км: 

Энэ төрөл нь 2006 он хүртэл 15 км зайд цанаар уралддаг байсан бол 2010 оны Ванкуверийн олимпийн наадмаас цанын уралдах зай 10 км болсон аж. Тамирчид эхлээд харайлтаа гүйцэтгээд дараа нь цанаар уралдана.

- Том толгод буюу К125/10 км: 

Энэхүү төрөл нь анх 2010 оны Ванкуверийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан билээ. Тамирчид эхлээд К125 буюу 120 метрийн трамплинаас харайгаад дараа гүйлтийн цанаар өрсөлдөнө.

- Багийн энгийн толгод буюу К98/10 км: 

Багийн уралдаан нь 1988 оны Калгарийн олимпийн наадмаас эхлэлтэй. Баг тус бүр 4 гишүүнтэй бөгөөд том толгод ангилалд багийн тамирчин бүр харайлт гүйцэтгээд нэгдсэн дүнгээр гүйлтийн цанаар гарах секундийг тооцно. Багийн 1 тамирчин 5 км буюу нийт тамирчид нийлээд 20 км замыг туулж уралддаг аж. 

ДОМОГТ ТАМИРЧИД

undefined

Цанын хос төрлийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид Герман, Австри, Норвегийн тамирчид байдаг. Тухайлбал, Австрийн Ф.Готтвальд 2000 оны эхэн үед энэхүү төрөлд ноёрхож байсан бөгөөд олимпийн наадмаас нийт 7 медаль хүртсэний 3 нь алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль аж. Мөн Норвегийн Ф.Лундберг, Б.Вик нарыг дурдаж болно. Харин энэ цаг үед Германы залуус болох Э.Френцель болон Й.Ридцек нар олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн цомд алдар нэрээ дуурсгаж байна. 

 

Нийтэлсэн: МҮОХ

Цанын хос төрөл /Nordic combined/  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй