Шууд Chart

Элчин сайдыг "Цэргийн ногоон"-оор дулаацуулав

2018-03-09 18:22:13

-Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болсон “Хөх сувд-2018” наадмаас бэлтгэсэн сурвалжилсан тэмдэглэл-                       

Дарга, даамал, ахмад, арслангууд савдагаа аргадав

Гуравдугаар сарын 3-ны бямба гарагийн өглөө нар мандахтай зэрэгцэн аймгийн төв Мөрөн сумын баруун хойд засмал замаар машины цуваа хэлхсэн юм шиг тасралтгүй хөврөв. Хөвсгөл, Улаанбаатарын хөнгөн тэрэгнүүдээс гадна Говь-Алтай, Өмнөговь, Дархан, Орхон аймгийн унаа ч цөөнгүй харагдав. Модоор хучигдсан хөх уулс, цэнхэрлэн харагдах мөсөн далайн захад налайх Хатгал тосгон энэ хавар бүртийх ч цасгүй зочдоо угтлаа. Тосгон дөнгөж өнгөрөөд Хөвсгөл далайн нэвтрэх бүс дээр Хөвсгөлийн тусгай хамгаалалтын газрын захиргаа, цагдаагийн хэлтэс машин бүрээс хураамж авч, танилцуулга, сэрэмжүүлгээ Хөвсгөл далайн зурагтай гарын бэлгийн хамт өгөв. Энэ хооронд далайн эрэг дээр багахан түгжрэл ч үүсээд амжив.  

Далайн зурвас нэвтэрсэн зочид гүн цэнхэр нуурын захаар салхи татуулан 10 хүрэхгүй км давхисаар “Хөх сувд-2018” наадмын мөсөн хотхонд  ирлээ. Торойх ч саадгүй, цаашлах тусам нүд алдах мөсөн дээгүүр, тайгын сэнгэнэсэн агаар залгилан давхих нь холын зочдод ховор тохиох бас нэгэн гайхамшигт бэлэг байв. Хурд хэтрүүлж, хориглосон бүс нэвтэрвэл харамсаад барахгүй хэрэг тохиож мэдэхийг өөр хоорондоо анхааруулж, болгоомжлохоо ч зочид мартсангүй.

  

Сүлд дуугаараа хөшгөө нээсэн “Хөх сувд-2018” мөсний баяр Пёнчаны Олимпийн бамбарын буухиа, бүжиг, тэшүүр, цаа, мото спортын парадаар эхэлж, Оросын уран гулгалтын үзүүлбэр, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын тоглолтоор үргэлжиллээ. Орхон аймгийн "Хангарьд" клубын хоккейн тамирчид, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоодын үзүүлэх тоглолт ч зочдыг хөгжөөв.  

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар Дархан-Уул аймаг дахь “Хаан тэнгэрийн Самгалдай” төвийн  зайран, удганууд мөсний баярын эхний үдэш Хөвсгөлийн 13 овоо, түүний лус савдагийг тахилаа. Хөвсгөл нуурын баруун хаяа, ойн захад амнаас уур савсаж, гар, хөлийн үзүүр бээрэх хаврын хүйтэн үдэш бөөгийн ёс жаягийг дурандаа алдалгүй буулгах гэсэн гадныхан хэдэн цаг хүлээхээ ч эс тоов. Бөмбөгнөн чичирсэн  Вьетнам улсын Элчин сайд, хатагтайд зохион байгуулагчид нь “цэргийн ногоон” нөмрүүлж байгаа харагдав.

Лусын долоон савдагт өргөл өргөх ёслолд аймгийнхнаа төлөөлж Хатгал тосгоны настан буурлаас эхлээд Хөвсгөл аймгийн Засаг дарга нь Тамгын газрын даргатайгаа, мөн улсын арслан Ц.Содномдорж нарын долоон хүн оролцов. Тэднийг галд өвчүү өргөн, бөөд сөгдөн мөргөхтэй зэрэгцэн холын бололтой гийчний “аргагүй бөөгийн нутаг юм” гэх үг чих дэлсэв. 

Ойн захад тахилгын оч тэнгэрт үсчин, улалзсан гал орчныг гэрэлтүүлж байхад хагас км-ын цаана хүрээ адил тойрсон “Хөх сувд”-ын мөсөн урлалууд өнгө, өнгөөр гэрэлтэн маргаашийг хүлээн амсхийв.    

Чонын арьсан хүрэм 2 сая төгрөг

Хөвсгөл далай дахь чаргатай морьдын уралдаан, автомашины уран жолоодлого, мөсний барилдаан зэрэг тэмцээн уралдааныг үзэх гэсэн зочдын  хөл хөдөлгөөн мөсний баярын хоёр дахь өдөр ч цөөрсөнгүй. Тэднийг хөгжөөж, зугаацуулах гол наадгай нь морин чарга, тэшүүр, мөсөн гулгуур  байлаа. Морин чаргаар хагас цаг аялахад хүн тус бүр 5000 төгрөг, тэшүүрээр нэг цаг гулгахад 3000 төгрөг төлж байлаа.

Харин хамгийн олон зочинтой хот нь Хөвсгөлийн баруун хойд сумдын отог байв. 200-д км-ын цаадах Хөвсгөлийн баруун тайгаас цаа, урцтайгаа буудалласан Ч.Зоригтынх баярын хоёр өдөр хөл тавих зайгүй өнжив. Биднийг мөсөн дээр барьсан урцанд нь зочлоход аагтай цайны үнэр ханхийж  угтлаа.

 

“Хөх сувд-2018” мөсний баяраар 60 гаруй гэр гуанз, ресторан, 100-аад худалдаачин зочдод үйлчилсэн ч халуун хоол, цай ховорт оров.  Загасны махан хуушуур, модон урлал, үс, арьс, арьсан хувцас, эдлэл гээд Хөвсгөлийн брэндүүд холын зочдын сонирхлыг эрхгүй татаж байлаа. “Шуураад эхэлбэл далайд хүн тогтохооргүй болдог болохоор өнгөрсөн жилүүдэд худалдаа үйлчилгээ гаргаад хаширсан. Цаг агаар хэцүү шүү дээ”  хэмээн зарим нь энэ жил худалдаа хийсэн бол хожих байж гэх далдхан санаагаа цухалзуулав.      

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч н. Мөнххүслэн:

   

Сонирхуулахад, есөн чонын арьсаар хийсэн хүрэм хоёр сая төгрөг, цаа бугын элдээгүй нэхий 100-150 мянга, ширэн цүнх 150-300 мянган төгрөг гэх зэргээр нүд хужирлаж, цуглуулга  арвижуулах эд хэрэглэл мөсөн лангуун дээр эзнээ хүлээж харагдсан.    

Хоёрхон өдөр 20 мянган аялагч зочлов

”Хөх сувд” наадмын үеэр Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хөвсгөл аймгийн Улаан загалмайн хороо, Азийн хөгжлийн банк хамтран 100 хүнтэй сайн дурын цэвэрлэгээний баг гаргаж, явуулын 12 жорлон ажиллуулав.  Зарим талаар туршлага дутсан ч  зочид гийчдийн гол хэрэгцээ, нуураа хамгаалах гарц, шийдлийн нэг яах аргагүй мөн байсныг зориуд хэлье.    

Мөн далай ээждээ залбирч мөргөхдөө цагаан идээ, элдэв хүнс өргөж бохирдуулахгүй байх, уул уурхайгүй аймаг байхын төлөө агуулгатай ТББ-уудын самбар, уриалга Хөвсгөл далайд цөөнгүй харагдав. "Сомо хад" буюу өнөөгийнхний хэлдгээр "Хүслийн хад"-нд мөргөж залбирахдаа барих  дэг жаягийг нүүр номоороо түгээсэн нь үр дүнд хүрлээ гэж “Хөвсгөл далай ээж”  ТББ -ын  тэргүүн  Ж.Оюумаа  бидэнд  ярилаа.  Тэрбээр  “Хөх сувд” мөсний баярыг 18 жилийн өмнө  санаачлан эхлүүлж байсан нутгийн иргэдийн нэг нь юм байна.

Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар зундаа 100 гаруй мянган аялагч хүлээж авдаг байна. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд 2200-аад  машин унаатай, 20 мянган хүн мөсний баяр үзэх гэж Хөвсгөл нуурыг зорин очжээ. Тэдний 90 хувь нь монголчууд, бусад нь Япон, Америк, Вьетнам, Их Британи  зэрэг орны зочид байсан тухай Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар мэдээлсэн.   

Эг  голд  үйснийг Хөвсгөл далайд живсэн гэж андуурав

Хөх сувд-2018” мөсний баярыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк,  Хөвсгөл аймгийн  Хатгал тосгоны Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл зэрэг газар ивээн тэтгэжээ. Наадамд ойролцоогоор 65 сая төгрөг зарцуулсан тухай аймгийн удирдлагууд мэдэгдсэн. Олон нийтийн сүлжээгээр “тухайн хөрөнгийг юунд зарав, далай ээжийн дэргэд баяр наадам хийж байгаль бохирдууллаа, замбараагүй олон  хүн хөлхөлдөөд ...”  гэх зэргээр шүүмжилсэн сэтгэгдэл цөөнгүй байлаа.

Тэгвэл үндэсний дээл, хувцсаараа гоёсон малчид, хөдөөгийнхөн нутаг ус, айл саахалтаараа уулзалдан өвлийг өнтэй давснаа дуулгаж, хөдөөд  ховор  урлаг соёлын бүтээлээс  нүд  хужирлан,  цангаагаа тайлах тэр агшныг юу гэхэв.  Хүүхэд  багачуудтайгаа уралдан  мөсөн гулгуур, тэшүүр,  морин чаргаар  наадах  эцэг , эхчүүдээс эхлээд  байгалийн сайхан, нутаг орны аж амьдралтай  танилцах  хүсэл  сонирхол  өвөрлөсөн  гэр бүл, хамт олны аялал хөдөөд, бидний яриад байгаа аялал жуулчлалд юу үгүйлэгдэж байгааг хэлээд  өгсөн ч байж болох юм.  

Хөвсгөл далайн 18 дахь мөсний баярыг сурвалжилсан сэтгүүлчийн хувьд монголчуудад эв эетэй байх, нутаг орныхоо сайхныг таниж мэдэх, хайрлан хамгаалах, өвөл, хаврын улиралд орлогоо нэмэгдүүлэхэд ийм арга хэмжээ орон нутагт зайлшгүй хэрэгтэй юм байна гэж бодогдсоныг дээрхээр жишээлэн зориуд хэлье.  

Наадамд оролцсон залуусын зарим нь ч санал нэгтэй байлаа.  “Уул уурхайгүй Хөвсгал аймаг” ТББ-ыг санаачлагч гишүүдийн төлөөлөл:

 

“Хөх сувд-2017” наадмаар 10 мянган зочин хүлээж авсан Хөвсгөлчүүд хойтон жил нь хоёр дахин их /20 мянга/ зочин айлчилна гэж тооцсон эсэхийг мэдэхгүй. Аймгийн цагдаа, онцгой байдлын хэлтэс баг бүрэлдэхүүнээрээ ажилласан ч далайгаар хурдтай давхих, мөргөлдөх, "Сомо хад" буюу  "Хүслийн хад"-нд хэт олуулаа гарч шавах гээд цаашид болгоомжилж, зохицуулахад илүүдэхгүй нөхцөл байдал ажиглагдаж байлаа.

Нөгөө талд балчир жаахан ч, настан буурлууд нь ч гэрийнхээ цахимаар, хилийн чинад дахь аяллаар юм юмыг үзэж харж, нүд тайлдаг болсон энэ цагт үзэгч, оролцогчдын шаардлага өндөр, сонирхол шинэ түвшинд гарсныг бодолцвол аялал жуулчлалын эвэнтүүдийн чанарт тустай болов уу.  Энэ бүхэн “Хөх сувд-2018” наадмыг зохион байгуулагчдад туршлага болсон гэдэгт эргэлзэхгүй байна.  

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эгийн голд машинтайгаа үйсэн нэгнийг Хөвсгөл далайд живсэн мэт эндүү ташаа мэдээлж, түүнийг зарим нөхөд “өгөөш” болгон ашиглаж байгаа  нь Хөвсгөлчүүдийн цахимаас анзаарагдав. Болохгүй бүтэхгүй, алдана эндэнэ гээд гар хумихан суувал бид хэзээ юу хийж сурах вэ.  

Байгальд ээлтэй, нутаг орныхондоо ашигтай, олны оюуныг цэнэглэж, соёлыг түгээсэн сайхан үйл хэрэг улам өргөжин дэвжих ерөөл өргөж, Хөвсгөл аймгийн “Хөх сувд-2018” наадмаас бэлтгэсэн сурвалжлагаа ийн өндөрлөе.

Орон нутагт ажиллахад тус дэм үзүүлсэн Ж.Оюумаа тэргүүнтэй “Хөвсгөл далай ээж” ТББ,  Ц.Цэцэнзориг даргатай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлд талархал илэрхийлье.



























































































Нийтэлсэн: Д.Даваадулам

Элчин сайдыг "Цэргийн ногоон"-оор дулаацуулав   
Үзсэн: 2985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй