Шууд Chart

Бурханы хулгайч

2018-03-11 11:35:40

Санж байн байн өврөө тэмтэрч үзэж байлаа. Одоогоос хорин жилийн өмнө энэ бурханыг өвөртөлчихөөд хотод ирж байхад энгэрийг нь хайрч байх шиг санагдаж байсан. Харин өнөөдөр өвөртлөөд Цагаан бургасны даваа давж байхад энгэрт нь гал ноцож байх шиг санагдаад болдоггүй. Тэссэнгүй дахиад л гаргаж ирж үзлээ. Атгын чинээ алтан бурхан. Эртний хийцтэй ч гэсэн илүү дутуу чамин юмгүй, цул алтаар цутгасан эд. Түүнийг энгэрээсээ алтан бурханаа гаргаж байн байн үзээд байхаар жолооч нь гайхасхийж, “Танд ийм бурхан дор хаяж хэдэн арвыг хийлгэчих хөрөнгө байгаа шүү дээ” хэлээд жуумалзав.

Санж жолооч руугаа цочсон юм шиг харснаа нэг их санаа алдаж, “Ах минь энэ бурхныг олж авах гэж олон жил хайж, эцэст нь баян хужаагийн аманд унах шахаж, 10 гаруй хоног ээрч байж л авлаа шүү дээ” гэснээ нэг их санаа алдав. Үнэндээ Санж өнгөрсөн хорин жил сэтгэлдээ тээсэн бүхий л айдас түгшүүрээ ил гаргаж, дэлгэж ярихыг хүсэж байсан ч чадсангүй. Тэд овооны дэргэд буулаа. Цагаан бургасны даваа нов ногоон өнгөөр дуниартаж, Эрчмийн хөндлөн хөх нурууд дүнхийж, хэдхэн алхамын цаана улаалзаганы төгөл ягаарч харагдана. Ай даа. Хүний төрсөн нутаг сайхан гэж бодсон ч нутагтаа ирэх нүүргүй хорин жил оргож боссон хүн шиг хол газар шигдэж амьдрахдаа тэр ямар их ичгүүр, айдас туулснаа сая л ухаарав. Даваанаас уруудаж явахдаа “Энүүхэн дор Бүгсийн гол бий. Тэнд манай нутгийн хашир өвгөчүүлийн нэг Дамчаа гуайнх байгаа. Тэднийд орж аяга цай уугаад, Тал булаг руу гараад шидчихнэ дээ” хэмээн нутагтаа ирсэн хүний бардам өнгөөр хэлбэл жолооч өвгөн гайхасхийж, “Хүү минь ээж рүүгээ шууд очихгүй юм уу?” хэмээн асуулаа. Үнэндээ Санж ээж рүүгээ яарч байсан ч эхлээд хорин жилийн өмнө хийсэн нүглээ цайруулсан нь дээр гэж бодож байсан учраас юу ч хэлж чадсангүй.

Хорин жилийн өмнө Санж Цагаан бургасны даваа уруудаад явж байснаа санав. Залуу ч байж дээ. “Зах зээл дөнгөж эхэлж байсан үе. Хот хүрээ газар хачин сайхан байна. Гадаад, дотоод явж арилжаа наймаа хийж, залуучууд шил толь шиг байранд хаан шиг л тансаг амьдарч байна” гэдэг яриа сонссноос хойш түүний сэтгэл намрын салхинд дэрвэх майхан шиг хөвсөлзөж, хот орох хүсэл нь байж суулгахгүй тарчилгаж байсан үе. Нэг удаа аавдаа хот явдаг юм уу? гэж хэлээд амаа алгадуулж билээ. “Өмч хувьчлалын хэдэн малтай. Дүү нар чинь хэтэрхий бага байна. Дээврээ дааж, дээлээ өргөж эхэлж байгаа нь ганц чи. Чи л орон гэрээ мэдэх ёстой болсон хүн” гэж хэлээд хавьтуулсангүй. Гэвч эцгийнх нь эрс шийдэмгий үг түүний хүслийг хазаарлаж чадангүй. Нэг өглөө тэрээр эртхэн босч, адуугаа ойртуулаад, аавынхаа гудсан завсар хавчуулсан тэтгэврийн дэвтэрнээс хэдэн төгрөг хам хум өвөртлөөд л гэрээсээ гарж билээ. Санж үдийн саамны үеэр Бүгсийн гол руу орж ирлээ. Ам цангаж явсан залуу Дамчаа гуайн гадаа иртэл бүгд саамандаа гарсан.

Дамчаа өвгөн гэрийнхээ сүүдэрт баахан утас дээс, төмөр хайч дэлгэн сууж байх нь тэр. “Санж хаа хүрэх үү хүү минь. Овоо халж байна шүү. Гэрт орж хярам уу. Хэд хоногоос хонио ноослох санаатай. Энэ хэдэн хайч бүр миний шүд шиг л болж” хэмээн найр тавин угтав. Санж гэрт нь орлоо. Зуухан дээр байсан данхтай хярамнаас уух санаатай аяга хайтал ил зүйл харагдсангүй. "Дамчаа гуай аяга хаана байдгийн” хэмээн хашгирвал гэрийн сүүдэрт хайч ирлэж суусан өвгөн “Хүүхээ авдарны хажууд л байгаа байхаа” гэх нь тэр. Үнэхээр ч гэрийн эзэгтэй аягаа цэмбийтэл угаагаад авдарны хажуу дахь жижиг ширээн дээр өрөөд тавьчихсан байлаа. Аяга авахаар тонгойтол нүдэнд нь тэдний хойморын авдар дээр гүнгэрваанд залаастай байсан алтан бурхан гялалзаж, “Хот газар хуучны бурхан үнэтэй байдаг” гэж хэнээс ч билээ сонссон үг санаанд нь зурсхийхэд шууд л аваад өвөртлөв. Саяхан л ам нь хатаж байсан залуу хярам ч ууж чадсангүй. Дамчаа өвгөнд “Би хот орох санаатай явна. Жаахан яараад. Сайн сууж байгаарай” хэмээн хэлээд хөөгдсөн юм шиг л давхисан. Цагаан бургасны даваагаар уруудаж байхад өвөртөө хийсэн алгын чинээ бурхан яг л хүйтэн мөс шиг хайрч, “Би чинь юу хийчихэв ээ, айлын бурхан тахил сандааччихлаа. Эргээд очдог юм билүү” хэмээн бодсон ч буцаж чадсангүй. “Одоо ч Дамчаа гуай бурханаа алга болсныг мэдээд хэсгийн төлөөлөгч дуудаж бөөн юм болж байгаа даа” гэсэн бодол түүнийг арагш биш урагш нь татаж байлаа.

Санж хот руу орж ирсэн дариудаа бурханаа зарах гэж нэг их зовсонгүй. Цайз зах дээр ноолуур авч байсан өвгөн хужаад ганц харуулаад л тухайн үед ихэд тооцогдох мөнгөөр арилжиж билээ. Хэдий айж ичиж, санаа зовж байсан ч нөгөө мөнгөө халаасалж аваад наймаанд гарав. Хойшоо урагшаа явж, газар үзэж, мөнгө чамлахааргүй цуглуулсан ч тэр нутаг руугаа явж чадсангүй. Нутгийн хүн таарвал аав ээж хоёртоо хэдэн төгрөг, жаал жуул юм өгч явуулаад “Намайг сайн явж байна” гэж хэлээрэй гэхээс өөр үг ч дайж чаддаггүй байлаа. Наймааны алтан үе дуусч, гахай үүрээд ганзганд явж байсан том наймаачид нэг нэг компани байгуулж аваад суухад ч тэр хоцорсонгүй. Барилгын компани байгуулж, хөл дээрээ бат зогсож чадаж. Хүсч байсан мөнгө, тохилог орон байр, тансаг унаа тэрэг бүгдийг нь тэр олж авч чадсан. Гэвч түүнийг ганц л зүйл зовоож байлаа. Нөгөөх алтан бурхан.

Шөнө хар дарж зүүдэлсэн ч хулгай хийгээд зарсан бурхан санаанд нь орно. Юмаа хулгайд алдсан ч нөгөөх бурхан л нүдэнд нь харагдана. Гэм нүглээ цайруулах гэж том лам нарт өргөл барьц өргөж, Гандан хийдээр эргэлддэг ч нэг л муу юм болвол л “Бурханы хулгайч яаж өөдлөхөв” гэсэн бодол түүнийг шаналгадаг байлаа. Одоогоос таван жилийн өмнө дүүгээс нь “Аавын бие муу байна” гэсэн хэл ирэхэд Санж очих гэж хичээгээд үнэндээ чадаагүй. “Бурханы хулгайч ирж гэнэ” хэмээн нутаг усаар нэг яриа болох байхдаа” гэдэг айдас түүнийг хүлээд хөдөлж чадсангүй. Ганцаараа шөнөжин архи ууж, хүнээс нуугдаж уйлсан Санж өглөө нь дүү рүүгээ “Таван сая төгрөг шилжүүлсэн шүү” гэдэг хэл дуулгаад Бээжингийн онгоцонд сууж байлаа. Арав гаруй жилийн өмнө бурхан худалдаж авсан өвгөн хужааг хайж олохоор тэр шөнө эргэлт буцалтгүй шийдсэн байлаа. Хаа очиж илүү дутуу зангүй, өвгөн хужаа аль эрт нас барсан гэнэ. Тэр алтан бурхан хүүд нь байгааг дуулж, сүүлийн хэдэн жил эрж хайж байж олсон ч сэргэлэн, зальтай хятад эр эхлээд “Байхгүй” хэмээн гүрийж, сүүлдээ “Өгөхгүй” гэж зовоож Санжийг хавьтуулсангүй. Одоогоос долоо хоногийн өмнө тэр хятад эрийг тансаг хоолны газар урьж, бурхан хулгайлснаа ярьж, ээжийнх нь бие муу байхад очиж чадахгүй байгаагаа хэлэхэд ч нэг их тоосонгүй. Харин архинд халамцаж, багтарсан Санжийг “Хулгайн бурхан муу юм дагуулдаг юм. Наад бурханаас чинь болоод би шаналж байна” хэмээн нулимс унагахад жаахан эргэлзсэн шинжтэй харж, тэнгэрт хандсан өндөр үнээр худалдаж авахыг зөвшөөрсөн юм. Хэдийгээр их мөнгө нэхсэн ч Санжид харамсаад байх зүйл байсангүй. Хэлсэн үнийг нь төлж, хорин жилийн өмнө хулгайлсан бурханаа өвөртлөөд одоо нутагруугаа ирж байгаа нь энэ. Тиймээс тэр ээждээ очихоос өмнө “Бурханы хулгайч” гэдэг муу нэр, сэтгэлд шингэж үлдсэн айдас ичгүүрээ гээхийг хүсч байлаа.

Дамчаа гуайнхыг эрж хайх гэж нэг их зовсонгүй. Харин гэрт орохоос өмнө Санжийн өвдөг чичирч байлаа. Гэвч түүнд өөрөө аваачиж өгөхөөс өөр гарц байсангүй. Дамчаа өвгөн нас дээр болж нүдний хараа нь муудсан нь илт. Үнэндээ Санжийг танихгүй байлаа. Санж хотоос хэрэг болгож авсан хадгаа барин золгож, бэлэг сэлт өгөхөд гайхаж байгаа нь илт. “Чи чинь хэний хүүхэд билээ” гэхэд Санжийн хоолой чичирч, талийгаач аавынхаа нэрийг хэлж чадсангүй, “Нутгийн хүүхэд байнаа” гээд л таг болов. Нилээд суусны эцэст өврөөсөө нөгөө гайтай бурханыг том хадган дээр тавиад Дамчаа өвгөний гар дээр тавилаа. Санж “Би Санж байнаа. Яагаав Дэлэг-Очирын том хүү. Танайхаас авсан энэ бурханыг буцааж өгөх гэж ирсэн юм” хэмээн ээрч мууран байж хэлэв. Дамчаа өвгөний нүд сэргээд л ирлээ. Гэхдээ түүнд өнөөх алтан бурхан сонин биш байгаа нь илт. Харин Санжийг харан баярлаж, “Үгүй манай Дэлэг-Очирын хүү. Ийм сайхан залуу болох гэж. Том компаний эзэн болсон гэсэн. Муу өвгөн ах чинь дуулсаан хэмээн хөл алдан хөөрцөглөж эхлэв.

Санжид хэлэх үг олдсонгүй. Өвгөний амыг дагуулан жаахан ярьж сууснаа “Дамчаа гуай минь би их муухай юм хийсэн. Танай бурханыг” гэтэл өвгөн 20 жилийн өмнө хулгайд алдсан бурханаа хайнгадуухан харж, “Өвгөн ах чинь үнийг нь төлж дийлэхгүй шүү дээ. Ааваасаа өвөлсөн эдийг харах сайхан л байна. Гэхдээ миний хүү буцаагаад аваад яв” гэх нь тэр. Санж үнэндээ гайхаж хоцров. “Үгүй та чинь гэтэл” Дамчаа өвгөн “Чамайг явсны дараа манай том хүү аавтай чинь очиж уулзсан байх. Өдрөө хүлээж байгаа аавыг нь, өвчинд баригдсан ээжийг нь бодоод хэл ам битгий хийгээрэй. Амьтан хүнд яриад яахав” гэж би хэлсэн юм. Талийгч аав чинь энэ бурханы үнийг хүүхдүүдэд цувуулж увуулаад төлчихсөн шүү дээ” гэх тэр. Дамчаа өвгөний энэ үг Санжийн тархин дундуур нь татаад л авах шиг болох нь тэр. Үнэндээ хэлэх үг олдсонгүй. Муу аавыгаа, ээжийгээ өрөвдөн хоолой нь зангираад ирэв. “Энэ бурхан танайд л байх ёстой эд. Би үнэ хөлс авахгүй. Дамчаа гуай минь ээж рүүгээ яарч байна. Буцахаасаа өмнө танайхаар ирнээ” гэж эрсхэн хэлээд бослоо. Үнэндээ түүний нүдийг нулимс бүрхчихээд яаж машиндаа сууснаа ч мэдсэнгүй.

Дөч гарсан хижээл эр машиндаа суунгуутаа яг л хүүхэд шиг гэнгэнэтэл уйлж байлаа. Санж хорин жилийн өмнө Дамчаа гуайн гэрээс бурхан биш, харин бурхан шиг эцгийнхээ гэрээс үрээ гэсэн нандин хайрыг, хатуухан шийтгэлтэй нь хамт хулгайлж аваад гарсан байж.

Бурханы хулгайч, бурхан шиг өвгөний гэрээс бурхадынхаа голомтыг нулимстай зорьлоо.

Нийтэлсэн: Б.Цоожчулуунцэцэг

Бурханы хулгайч   
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.179.25.xxx] 2018-03-12 16:39
мундаг бичжээ
Зочин [66.181.180.xxx] 2018-03-11 14:09
Бодууштай,сургамжтай зүйл бичсэн байна,ойворгон нэг нь олон олон удаа уншаасай билээ.

Бидэнтэй нэгдээрэй