Шууд Chart

Н.Баянмөнх: Гала тоглолтод шалгарсан уяач тус бүр хурдан удмын адуу бэлгэнд авч, өөрийн гэсэн нэг сайхан клиптэй болно

2018-03-12 15:52:40

“Уяачид дуулж байна” улсын анхдугаар уралдааны гала тоглолт энэ сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болно. Мөн шагнал гардуулах ёслолоор өндөрлөх уг уралдааны талаар яруу найрагч Н.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр уг төслийн санаачлагч, продюсероор ажиллаж байгаа юм.

-“Уяачид дуулж байна” уралдааныг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?

-“Малчин” телевиз, “Face” студийн захирал С.Жаргал бид хоёр энэ уралдааныг зохион байгуулах санаагаа хоёр жилийн өмнө олсон юм. Манай улсын нийгэмд ийм уралдаан зохиогдох шаардлагатай нь ажиглагдаж байсан болохоор бараг санаагаа олсон өдрөөсөө хэрхэн бий болгох тухай судалгааны ажил явуулж эхэлсэн.

-Гол зорилго нь юу вэ?

-Монголчуудын мөн чанар, ёс суртахуун суларч буйн зэрэгцээ аж амьдрал өөрчлөгдөж байгааг олон хүн хэлж байна. Гэхдээ үүнийг жинхэнэ утгаар нь тээж яваа ард түмэн бол малчид. Ялангуяа уяачдыг онцлох хэрэгтэй. Монголчууд эртнээс эрийн гурван наадмаа хүндэтгэж ирсэн. Үүнд Монгол хүний язгуур дархлаа шингэсэн байдаг. Бие биеэ хүндлэх, ёс жудгаа сахих, өв уламжлалаа хадгалах, харуулах, түүнд нь бахархах үзэл дагаж байдаг. Иймд бид өнөөгийн нийгэмд дээрх үзэл санаа, өвийг нийтэд илүү дэлгэрэнгүй харуулахын тулд уг уралдааныг зохион байгуулж байна. Монголчууд дуучин. Тэр дундаас хөдөө өссөн, аж төрж байгаа хүмүүс бүр илүү сайхан дуулдаг. Уургаа бариад адуундаа давхиж буй залуу уртын дуугаа хадааж байхыг харах, хотондоо хонио тойглож байгаа бүсгүй ямар сайхан харагддаг билээ. Энэ бол тэр чигээрээ ёс заншил. Иймд бид залуучуудыг энэ сайхан язгуур соёлоор бахархуулахын тулд эхний хугацаанд дууны төрлийг сонгоод байгаа минь энэ. Түүнчлэн Монгол адууныхаа соёлын төлөө зүтгэл, цаг заваа гаргадаг уяачдаа олон нийтэд илүү танилцуулъя гэж бодсон юм. Дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн тэд морь уяах арга барилыг бие биедээ хэлэх, танилцах, магадгүй хурдан хүлгийн наймаа ч хийж байгааг үгүйсгэхгүй.

-Уралдаанд анх хэдэн оролцогч бүртгүүлсэн бэ?

-604 уяач бүртгүүлснээс 500 гаруй нь оролцсон. Тэд бидний хүсч байсан зүйлийг үнэхээр үзүүлж чадаж байна. Нутаг нутгийнхаа соёл, хувцаслалтын хэв маягийг ч харуулсан.  

-Оролцогчдын дууны сонголт танд ямар санагдаж байна вэ. Ихэвчлэн адууны тухай дуу дуулж байна уу?

-Эхний хоёр шатанд тэд өөрсдийнхөө хамгийн сайн мэддэг, дуртай дуугаа дуулсан. Харин гала буюу төгсгөлийн шалгаруулалтад бидний зүгээс санал болгосон морины сэдэвтэй дууг дуулна. Гэхдээ хоорондоо нэг нь ч давхцахгүй.

-Гала тоглолтод 25 оролцогч шалгарч үлдсэн үү?

-Бидний зүгээс 25-ыг шалгаруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч хоёр оролцогчийн оноо тэнцсэн болохоор нэмж, 27 болгосон. Өмнөх хоёр шалгаруулалтаас харахад оролцогчид бүх сэдвийн дууг сонгож байсан. Уртын дууг ч үнэхээр сайхан дуулдаг хүн байна.

-Олны танил уяачдаас хэн, хэн оролцсон бэ. Ер нь улс, аймаг, сумын цолтой хэдэн уяач өрсөлдөв?

-Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Н.Намхай манай оролцогчдоос хамгийн том цолтой нь байлаа. Аймгийн алдарт уяач 60 гаруй, сумын алдарт уяач 50 гаруй. Үлдсэн нь хараахан цол хүртээгүй залуус байлаа. Уяачийн ар гэр гэсэн утгаараа сумынхаа уяачдын холбоог үүсгэн байгуулалцаж, ажилладаг гэсэн эмэгтэйчүүд ч хэд байсан. Гэхдээ хоёр нь морь уядаг бүсгүй байсан.   

-Таны зохиосон “Аархал”-ыг Д.Намсрайноровын нэг дуутай хольж дуулсан нэг оролцогч маш олон хүнийг хөгжөөсөн. Мөн морь уядаггүй ганц нэг оролцогч байх шиг харагдсан ...

-Морь уядаггүй ганц нэг хүн байсан ч эхний шалгаруулалтаас хасагдсан. Гэхдээ бид тухайн оролцогчдоо сайн судалсан. Аль нутгийн, ямар угшилтай адуугаа хаана, хаана хурдлуулж байв гэх мэт. Ялангуяа гала тоглолтод оролцох гэж байгаа уяачдыг үзэгчид ямар амжилттай вэ гэдгийг мэдэхийг хүссэн. Тиймээс бид нэвтрүүлгийн таван багаа оролцогч тус бүртэй уулзуулж, гэрт нь нэвтрүүлэг бэлтгэсэн. Ховд, Увс, Сүхбаатар гэх мэт алс хол аймагт ч очиж, нэвтрүүлгийн ажлаа амжилттай дуусган үзэгчдэдээ хүргэсэн.

-Үзэгчид “Энэ уяачид чинь зарим дуучнаас илүү дуулаад байна шүү дээ” гэх яриа цухуйлгаж байна. Харин тэд өөрсдөө юу гэж ярьж байх юм ...

-Тэд өмнө нь дуучдыг тайзан дээр хэдхэн минут дуулаад бөөн мөнгө аваад гардаг азтай хүмүүс юм гэж боддог байж. Харин өөрсдөө дуулаад үзэхээрээ “Дуулна гэдэг асар хүнд ажил, маш их боловсрол байдаг юм байна” гэдгийг ухаарсан байна билээ. Энэ мөчид Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хэлсэн үг санаанд бууж байна л даа. Тэр “Би дууны сайхныг хүмүүст хүргэхийн тулд, өөрөө сайхан дуулж байгаагаа хүмүүст сонсгохын тулд ямар их хүч зарцуулдгийг тэр бүр хүн мэдэхгүй. Нэг газар гурван дуу дуулаад гарахдаа ямар их ядарснаа мэддэг” гэж байв. Таны асуултад хариулахад бидний зорилго дуучин бэлтгэх явдал биш. Учир нь дуучин гэдэг хүн төрөлхтний бий болгосон хэдэн зуун жилийн өмнөөс шинжлэх ухаанаар бэлтгэсэн мэргэжил. Тэд дэлхий дахинаа болон нутаг орныхоо нэрийг аль нэг аймагт гаргаад явж байгаа нь мэргэжлийн ажлаа хийж яваа гэсэн үг. Тиймээс эдгээр уяачийг дуучдаас илүү дуулж байна гэдэгтэй би санал нийлэхгүй. Харин тэд дуучин болсон бол сайн уран бүтээлч байх байжээ гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ манай оролцогчдын дуулах ур чадвар маш богино хугацаанд сайжирч байгаа.

-Гала тоглолтын шүүгчээр хэн, хэн ажиллах вэ?

-Монгол Улсын ардын жүжигчин Д.Самбуу, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, ЦДБЭЧ-ын хөгжмийн багш Г.Батнасан, миний бие ажиллана. Г.Батнасан ахын хувьд “Түмэн эх” чуулгын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан туршлагатай хүн.

-Шагналын тухайд та сонирхуулаач ...

-Морь уралдахад айргийн тавыг барьдаг шиг эхний таван оролцогчийг шалгаруулахаар ярилцсан. Гэвч хоёр хоногийн өмнө шүүгчдийн хурал болоход гран при-г тодруулж, супер портер машинаа гардуулахаар зөвшилцсөн. Ийнхүү удаах таван байрт шалгарсан оролцогчдод мотоцикль, шагналт байрынхан ч тусгай бэлдсэн бэлэг гардана. Нэг зүйл нэмж хэлэхэд, 27 оролцогч тус бүр хурдан удмын адуу бэлгэнд авна.

-Тэдгээр адууг зохион байгуулагчийн зүгээс олгох юм уу. Аль нэг уяач дэмжих журмаар зүсэлж бэлэглэх үү?

-Манай уралдааныг маш олон уяач дэмжиж байгаа. Тодруулбал, Монгол Улсын Тод манлай уяач, гавьяат малчин Д.Онон, Монгол Улсын Тод манлай уяач, “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж, Тод манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэн, Тод манлай уяач А.Батсүх, Б.Билэгдэмбэрэл, улсын алдарт уяач Б.Даваадорж нар хурдан удмын унаган хүлгээ бэлэглэхээ амласан. Мөн Сүхбаатарын “Жавхлант шарга”, Дундговийн “Нарны хүлэг”, Өмнөговийн “Өмнийн говь”, Булган аймгийн “Булган хангайн хурд”, Дундговь аймгийн Өлзийт сумын “Тод магнай”, Өмнөговь аймгийн Манлай сумын уяачдын холбоо гэх мэт уяачдын олон холбоо хамтарч ажиллаж байна.  

-Орон нутгийнхан гала тоглолтыг үзэхийг маш их хүсэж байгаа ч цаг зав, боломж нь бүрдэхгүй байгаа бололтой. Тиймээс дараа нь аль нэг телевизээр гарах уу?

-DDISH, Юнивишны төлбөрт сувагт байршуулахаар тохирсон. Түүнчлэн ирэх зургаадугаар сарын эхээр 27 шилдэг оролцогчийнхоо кино концертыг хийж, улсын баяр наадмаар нийтийн хүртээл болгохоос гадна тус бүр нэг уран бүтээлийг нь клипжүүлж өгнө.

-Уралдааныг цаашид жил бүр уламжлал болгон зохиох уу?

-Жил бүр зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа ч ямар ч байсан эхний гурван жил зохиож, байдлыг нь харна.

-Нэг малчин намайг тантай уулзахаараа асуугаарай гэсэн юм. Тодруулбал, “Уралдаан уяачдын дунд л явагдаад байх юм уу. Малчдын дунд явуулах боломж бий юу” гэж. Морь уядаггүй хүн юм байна л даа ...

-Бидэнд ийм санал маш их ирж байгаа. “Уяачид дуулж байна” уралдаан эхлэх мөчөөс л “Малчид дуулж байна” гэсэн уралдаан зохион байгуулна уу гэж байсан. Гэхдээ бид “Үгүй” гэж хэлээгүй. Судалж байгаа. Хамгийн гол нь бусдад өгөөжтэй, нийгэмд тустай л уралдаан байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

 

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Баянмөнх: Гала тоглолтод шалгарсан уяач тус бүр хурдан удмын адуу бэлгэнд авч, өөрийн гэсэн нэг сайхан клиптэй болно   
Үзсэн: 7703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
UYJU [202.179.26.xxx] 2018-03-19 07:42
CAASH N JOLOOCHID DUULJ BN.GISHUUD DUULJ BN.NAIMAACHID DUULJ BN GEED URGELJLUULEED HIIGEED BAIII...TGEED BUGD DUULAAD AJIL HIIJ HUDULMURLUDUG HUNGUI BOLOHVII KKK
Зочин [103.229.121.xxx] 2018-03-18 14:56
Энэ нэг монголд дуулж хуурдсан уянгалсан хүмүүс яасан ч их юм бэ дээ. 3 сая хүнд 100 000 дуучин гэдэг хог шиг олон юм аа. Одоо бас дээр нь нэмэгдээд.уяачид гэнэ ээ больж үз ээ зайл цаашаа. Хаа сайгүйл дуулсан хөгшин залуу эр эм бүдүүн хадуун тэнэг мангар хөгийн амьтад одоо нэг больж өгөөсэй. Уяачид гэж дээ эх орон оо зарсан ядарсан түмнийхээ цусыг сорсон адгийн амьтад усан гүзээ усан хаван царайлсан хүний хог шаарнууд луйварчдийн баячуудын морийг малыг уяж долигнодог хүмүүс шүү. Сайн цаг ирж баячууд луйварчид авсан аа өгч өвдөг сөгдөн гуйж ирэх болтугай хурай хурай хурай.
Зочин [66.181.161.xxx] 2018-03-18 14:41
M.ENHBOLD. TSAGAAN geed l urgeljleh olon uls turch uyachidaa oroltsuulahgui yagaavee. daraad ni gomdood buruu huuli batlah vii de
Зочин [103.229.121.xxx] 2018-03-18 14:58
Гомдох ий мөн их тэнэгтэнэ ээ. Юун гомдох бээ. Харин манай баячууд луйварчид хахуулчид ард олноосоо уучлал эрэн офшорт байгаа мөнгөө барин ирэх цаг асуй хурай хурай хурай.
Зочин [66.181.161.xxx] 2018-03-13 14:15
Mash saihan uraldaaniig zohion baiguulj yavuulsand talarhaj bna.
Зочин [66.181.161.xxx] 2018-03-12 22:07
Manai bagsh vnher mundga shv bayr hvrgie
Зочин [66.181.161.xxx] 2018-03-12 22:07
Manai bagsh vnher mundga shv bayr hvrgie
Зочин [27.123.212.xxx] 2018-03-12 20:59
Bvh oroltsogchido amjilt
Зочин [122.201.22.xxx] 2018-03-12 19:59
Goy bn shvv

Бидэнтэй нэгдээрэй