Шууд Chart

Арван жилийн дараа та ямар харагдах бол...

2018-03-13 11:39:34

Та одоо хэдэн настай вэ? 20, 40, 50-тай ч байж магадгүй. Юутай ч 10 жилийн дараа толинд нэг хараад үзээрэй. Ганц нэг үрчлээс нэмэгдсэнээс өөр онцын зүйл мэдрэгдэхгүй байж болно. Үүнд хууртсаны хэрэггүй. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүний бие махбодь 10 жил тутам ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдөж, хөгширдөг байна. Харин амьдралын зөв хэв маягийн ачаар хүн оюун ухааны чадавхаа хадгалж үлдэх боломжтой аж.

20-30 нас. Хүний бие махбодийн оргил үе. Бодисын солилцоо, биологийн үйл ажиллагаа нь эрч хүчтэй байна. Эрэгтэй, эмэгтэй хэний ч болов арьс нь толигор, бие бялдар нь үзэсгэлэнтэй “Давид” шиг харагдана. Оюуны чадавх, ой тогтоолт ч маш сайн байна. Хүн энэ үед гадаадын орны хэл сурч чадвал насан туршдаа хэлний сайн боловсролтой байх үүдээ нээж байна гэсэн үг. Хүний ид оргил үедээ сурч мэдсэн зүйл хожмын амжилтын суурь болж өгдөг тул гуч хүрэхээсээ өмнө оюуны чадавх шаардсан хөдөлмөрт өөрийгөө зориулах ёстой. 26 наснаас хүний уураг тархины үйл ажиллагаа удааширч, жин болон эзлэхүүнээрээ арван жил тутамд бүтэн хоёр хувиар агшдаг аж. Эрчүүд 17-26 насандаа бэлгийн гармонийг их хэмжээгээр ялгаруулдаг. 26 наснаас нь ерөнхийдөө буурч, булчингийн хүч чадал нь муудаж эхэлдэг байна. Тийм болохоор амьдралын хэв маягтаа анхаарах нь чухал. Тамхи татаж, архи уух нь биологийн хөгшрөлтийн үйл явцад маш муугаар нөлөөлдөг. Бас байнга өлөн зэлмэг явж, тааралдсан болгоноо идэх нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй, үсний өнгө, нүүрний арьсанд сөргөөр нөлөөлдөг.

30-40 нас. Өөрийгөө онцгой анхаарах үе. Орчин цагт 30, 40 гэдэг нь залуу нас боловч одоохондоо биологийн хөгшрөлтийг зогсоох “ид шид” олдоогүй гэдгийг санахад илүүдэхгүй. Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн амьдрал ид оргилно. Гэхдээ арьс нь нимгэрч, үрчлээс ихэснэ. Эрчүүд нийгэмд идэвхтэй байр суурь эзэлж, амжилтанд хүрэхийг эрмэлзэх болно. Харамсалтай нь энэ үед толгойтой үс нь бууралтаж, халзарч эхэлдэг. Бас эрэгтэй, эмэгтэй хоёр хүний аль нь ч ямар нэгэн өвчинтэй болох боломжтой. Ходоод муудах, толгой өвдөх, уур уцаартай болох магадлалтай. Энэ үед юуны өмнө хоол хүнсэндээ онцгой анхаарах ёстой. Жимс, ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн өргөн хэрэглэж заншвал зүгээр. Бас мах идэж, өдөрт ганц удаа ч болов халуун шөл ууж занших нь чухал. Харин гурилан бүтээгдэхүүн, элдэв төрлийн амттанаас татгалзаж сур. Энэ нь хожмын өдөр танд жин нэмэгдэх, овортой харагдуулах аюул учруулна. Эрүүл мэндийн зөвлөгөөг анхаарч, биеэ арчлан тордож өөрийгөө хайрлаж бай.

40-50 нас. Хүний амьдралын эгзэгтэй үе. Бие махбодийн хувьд залуу насны эрч хүч, ялангуяа бодисын солилцоо эрс буурна. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэх чадвар багасч хөгшрөлтийн үйл явц эхлэх болно. үүнд эмзэглэж болохгүй. амьдрал бол тэмцэл гэдгийг санаж. Тэмцэлд ялахыг зорь. Харин эрчүүд их эрч хүчтэй, идэвхтэй байдаг үе. Амжилт ч олно. Энэ үед эрчүүд хөдөлгөөнийг эрхэмлэж спортоор хичээллэхийг чухалчилж сурахад илүүдэхгүй. Уушиг зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зүрхний шигдээсээр өвчлөх, даралттай болох нь элбэг байдаг. Гэр бүлийн амьдралын хувьд ч анхаарах зүйл гарч болзошгүй. Эрчүүд нэг хэвийн амьдралаас уйдах магадлалтай байдаг. Ийм үед амьдралын сонирхолтой хэв маяг тус болох нь бий. Хоол хүнсэндээ ч онцгой анхаар. Загас, үхрийн махаар хийсэн хоол идэж, байцаа лууван, улаан манжин байнга хүртэж, ногоон цай ууж байхад гэмгүй. Эмэгтэйчүүд 100-150 гр улаан, эрчүүд 100 гр хатуу дарс хүртэж болно. Харин сард нэг удаа эмчид үзүүлж зөвлөгөө авч заншвал зүгээр.

50-60 нас. Оюуны чадавх дээд зэрэг байна. Олон алдартан хүн сайн бүтээл, чухал нээлтээ 50-иас дээш насандаа хийсэн байдаг. Харин биологийн үйл явцын хувьд баярламаар зүйл ховор аж. Эм бэлгийн дааврын хэмжээ эрс унаж цэвэршилт эхэлнэ. Таван эмэгтэйн нэг нь кальцийн дутагдалд орж, яс нь шохойжих аюул тулгарна. Эрчүүд тамир тэнхээ сульдаж өвдөмтгий болж, бие бялдрын хувьд агшиж, жижгэрч эхэлдэг. 50-иас дээш насанд ялангуяа эмэгтэйчүүд өдөрт тогтмол сүү ууж, зөгийн бал хүртэж байх нь чухал аж. Нимбэгний шүүс, сармисны ханд ч тустай. Эрэгтэйчүүд жимс ногооноос гадна загас, тахианы мах ахиухан хүртэж байвал зүгээр.

60-аас дээш нас. 65 наснаас эхлээд таван жил тутамд хөгшрөлт явагдана. Эрүүл мэндийн хувьд ч доройтоно. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй. Хэрэв юмыг ойлгох чадвар муудаж, аливаад самуурч будилж эхэлбэл үүнд та өөрөө буруутай. Биологийн хөгшрөлтийг бүрэн гүйцэд даван туулж чадахгүй ч оюун ухаанаа мөнхийн залуу байлгаж болно шүү дээ. Шатар нүүж, үгийн сүлжээ бөглөж, анд найзуудтайгаа уулзаж, аялал жуулчлалаар явж, сайхан урлагийн бүтээл үзэж байх нь хүнд амьдрах хүсэл төрүүлдэг гэдгийг санавал зүгээр.


Арван жилийн дараа та ямар харагдах бол...  
Үзсэн: 1356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй