Шууд Chart

Египетийн бөх Оосүнаараши зодог тайлахаар болжээ

2018-03-13 16:01:37

Мэргэжлийн сүмо бөхөд дуулиан шуугиантай үйл явдал хөвөрсөөр байна. Осака хотод болж буй хаврын башёг Хакүхо М.Даваажаргал, Кисэносато нар өнжиж буй. Ёс дэг жаяг хатуу байдаг сүмогийн дүрэм гадаад бөхчүүдэд улам хүнд тусаж байна. Мөн гадаадын бөхчүүд олноор сүмод орж ирсэн нь тэдэнд томоохон сургамж болсныг удаа дараа харуулсаар байна.

Одоогоор хамгийн сүүлийн асуудал үүсгэсэн бөх бол Египетийн Оосүнаараши (Abdelrahman Alaa Eldin Mohamed Ahmed Shalan) болоод байна.

Өнгөрөгч долоо хоногт болсон Японы сүмо бөхийн холбооны хурлаар түүнд зодог тайлах шийтгэл оногдуулжээ. Ингэснээр жюүрёод барилдаж байсан тэрбээр сүмо бөхийн карьераа өндөрлүүлэхэд хүрлээ.

Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос бөхчүүдийг машин барихыг хориглосон байдаг. Тэгвэл Египетийн бөх Оосүнаараши өнгөрөгч нэгдүгээр сарын башё эхлэхийн өмнө эхнэртээ цас үзүүлэх гэж Нагано мужийг зорих үеэр осол гаргасан нь ил болсон байна. Түүний энэхүү хэргийг цагдаагийн газар шалгах явцад Оосүнаарашиг худал хэлснийг баталжээ. Учир нь тухайн үед “Эхнэр жолоо барьж явсан” гэж хэлсэн нь түүнийг ийнхүү хатуу шийтгэл авахад хүргэв.

Оны эхний башёд Гүржийн Точиношин түрүүлж, түүхэн амжилтын эзэн болж байх үед Африкийн анхны сүмочийн замнал харамсалтайгаар өндөрлөж байна.

Оосүнаараши 2012 оны хаврын тэмцээнээс барилдаж, 2013 онд дээд зиндаанд дэвшжээ. Тэрбээр Макүүчид нийт 17 башё барилджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Египетийн бөх Оосүнаараши зодог тайлахаар болжээ  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй